sonin.mn

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хуулийн төслийн талаарх санал


Хуулийн төсөлтэй танилцаж үзэхэд энэ нэн чухал ажил, асуудалд тун хариуцлагагүй ханджээ. Хуулийн гол зорилго нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэн бүрийн амьдралын тэгш бус байдлыг шийдвэрлэхэд гадаадын бодитой хөрөнгө оруулалтыг татахад орших болов уу? гэж бодож байна.


Хууль үйлчилж, хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарах учиртай. Үүний тулд нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан иж бүрэн судалгаа хийж, түүндээ тулгуурлан ГХО-ын хуулийн төсөл боловсруулсан байх гэж таамаглав.


Үүрэг хариуцлагынхаа хүрээнд энэ асуудлыг шууд хариуцдаг Эдийн засгийн хөгжлийн яам хуулийн төсөл боловсруулсан нь ойлгомжтой. Мэдээж юуны өмнө манай нийгмийн материаллаг болон материаллаг бус хүрээний бүх салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгч, тэдгээрийн цаашдын хөгжлийн төлөв хандлагыг тодорхойлж ач холбогдолоор нь эрэмбэлж, экспортын чиг баримжаатай богино хугацаанд ахиухан орлого, ашиг өгөх цаашид үйл ажиллагаа нь тогтвортой байх обьектуудад онцгой анхаарсан байх ёстой. Гэтэл хуулийн төсөлд энэ талын бодлого баримталсан эсэх нь харагдахгүй байна. Хуулийн төслийн олон зүйл заалтуудын утга агуулгын томьёолол оновчтой бус, ойлгомжгүй, хэл найруулгын алдаа мадаг ихтэй сулавтархан төсөл боловсруулсан байна. Төр засгийн оюун ухаан, уураг тархи болох Эдийн Засгийн Хөгжлийн Яам л асуудалд ингэж хариуцлагагүй хандахаар төр засгийн бусад байгууллагын үйл ажиллагааг ард түмэн хэрхэн ойлгож, итгэх юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим саналыг дараах байдлаар илэрхийллээ. Үүнд:


1.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай ойлголтоо зөв томьёолж, нэгдсэн журам тогтоох;


2.Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх;


3.Тэдэнд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж заах, салбар тус бүрээр;


4.Хөрөнгө оруулалтын хэмжээ заах, салбар тус бүрээр;


5.Хөрөнгө оруулагчид үзүүлэх хөнгөлөлтөд зөвхөн хөрөнгө оруулалтыг эргүүлэн нөхөх хугацаагаар хязгаарлан зөвхөн аж ахуйн нэгж (компани)-ийн орлогын албан татварыг тогтворжуулах, салбар тус бүрээр;


6.Эрдсийн түүхий эдийн салбарт татах хөрөнгө оруулалтын шалгуур бусад салбараас чанга байх зарчим баримтлах;


7.Хөрөнгө оруулагч Монголын газрын дээрх, түүний хэвлий дэх нөөц, баялгийг барьцаанд тавьж зээл авдаг замыг хаах;


8.Хөрөнгө оруулагч гэх хаягаар халхавч хийж хүү өндөр, хугацаа богино зэрэг хүнд нөхцөлтэй зээлээр төсөл санхүүжүүлдэг өнөөгийн арга ажиллагааг таслан зогсоох, энэ талаар Оюу толгой төслийн хэрэгжилтийг төлөөлүүлэн тодорхой тоон утгаар дурдаж болох; 


9.Аливаа төсөлд хамтран оролцогч талууд анхны хөрөнгө оруулалтад оруулсан хувь оролцоогоо тухайн төслийн үйл ажиллагааны үр дүнгээр хүртэх ногдол ашгаар нөхөхөөр тохиролцох;


10.Хөрөнгө оруулагч тухайн төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа үйл ажиллагааны эхний жилийн орлогоос хэсэгчлэн нөхөх замаар эргүүлэн авахгүй байх, эсвэл талууд өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалттай хувь тэнцүүлэн орлогоос авахаар тохиролцох;


11.Хөрөнгө оруулагчаас төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн тайланг төрийн захиргааны төв байгууллагын баталсан маягтаар улирал, жил(жилийн тайланг эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажуулах)-ийн тайланг гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараагийн жилийн эхний улиралд багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байх, хэрэв улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хугацаа хожимдуулсан, жилийн тайланг аудитаар баталгаажуулаагүй байдлыг харгалзан татварын тогтворжуулалтын урамшууллыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд тогтмол гаргаж тайлагнасан тохиолдолд татварын хуульд заасан зохих урамшууллыг олгож байж болох юм. 



Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Балжинням