
Цөмийн эрчим хүчний үйлдвэр (Атомын цахилгаан станц) Монгол улсад барьж байгуулах эсэх асуудалд хандах өөрийнхөө үзэл баримтлалыг гагцхүү үнэн зөв үндсэн мэдээлэлд үндэслэн үндэснийхээ язгуур эрх ашигт нийцүүлэн иргэн бүр, бүх нийтээрээ хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг асуудалд тус дэм болох үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байна. Тодорхой нэг чиглэлийн ямар нэгэн мэдээлэл болон үндсэн ойлголтуудыг хэрэглэж эхлэхдээ тэдгээр нь “шинжлэх ухааны албан ёсны байр суурь”, “шинжлэх ухаанаар хараахан гүйцэт нотлогдоогүй, судалгаа шинжилгээ явагдаж дуусаагүй төлөв байдал”, “шинжлэх ухааны хувьд бүрхэг төлөв байдал”, “шинжлэх ухаанч бус байр суурь”-иудын чухам аль ангилалд харьяалагдаж байгааг нь маш тодорхой зааглан хязгаарлаж тогтоох ба аливаа асуудлыг шүүн хэлэлцэх цаашдын үйл явцад салангид ангиллын ойлголтуудыг өөр хооронд нь сөргүүлэн тавихгүй, хольж хутгахгүй байх зарчмыг тууштай баримтлах ёстой билээ. Энэ тохиолдолд аливаа асуудал нарийвчлагдан хялбаршиж мөн чанар нь тодорч гагцхүү үнэн мөнийг илэрхийлэхүйц хэмжээний дүгнэлт гаргах бололцоо үүсдэг.
Жишээ нь, хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчний үйлдвэр ашигласан 60 гаруй жилийн түүхэн явцдаа “шинжлэх ухааны албан ёсны байр суурь” ангилалд хамаарах “мэргэжлийн” талаасаа батлагдан нотлогдож нэвтрэн төлөвшсөн үндсэн зарчмууд, хөдөлшгүй бодит баримт болон туршлага сургамж, олон үнэн зөв үндсэн ойлголт мэдээлэл хуримтлуулж чадсан билээ.
“Шинжлэх ухааны албан ёсны байр суурь”- иас бусад ангилалд хамаарах мэдээлэлд ач холбогдол өгөх нь олон нийтийг төөрөлдүүлэх сөрөг үр дагавар дагуулахаар барахгүй цаг хугацаа хүчин чармайлтаа хий дэмий тарамдахад хүргэдэг учир бусад ангиллын мэдээлэл хэрэглэхээс аль болохоор зайлсхийх шаардлагатай, бусад ангиллын мэдээлэл хэрэглэх тохиолдолд энэ тухайгаа онцлон тэмдэглэж шинж чанар, хэрэглэгдэх хүрээг нь сайтар тодотгож өгөх хэрэгтэй болдог. Өнөөгийн манай нийгэмд дээрх ангиллуудын мэдээллүүдийг ялган салгахгүйгээр хооронд нь хольж хутган хэрэглэх, хэлэлцэх, түгээх хандлага тархмал болжээ. Үүний нэг бодит жишээ бол нийгэмд сүүлийн үед тэсрэлт маягаар хэлэлцэгдэж байгаа уран олборлолтын талаарх мэдээлэл юм.
Уран олборлолтын талаарх энэ их мэдээлэлд дээр дурдсан ангиллын зарчим хэрэглэн шүүлтүүр шинжилгээ хийх аваас үнэн худал ялгарч олон зүйлс тодорхой болон олон нийтийн эсрэг тэсрэг хуваагдал туйлшрал эрс багасаж ирэх нь дамжиггүй.
Ойрын үед цөмийн эрчим хүчний үйлдвэр талаарх өөрийнхөө үзэл баримтлалыг ямар нэг хэмжээнд тодорхой болгох сонголт хийх шаардлага иргэн бүрд хүссэн хүсээгүй тулгарч ирэхээр байна. Нийгэмд хаа сайгүй тархах болсон маш олон талын, эмх замбараа эх адаггүй, чанартай чанаргүй холион бантан болсон “тархи угаалт” маягийн мэдээллүүдийн нөлөөнд автахгүйгээр ялгаж салган зөвхөн энэ асуудлыг тодорхой болгоход зайлшгүй танилцсан байвал зохих “мэргэжлийн” талаасаа бүрэн батлагдсан үнэн зөв үндсэн мэдээллүүд хэрэглэн өөрийнхөө үзэл баримтлалаа тодорхойлохыг орчин үеийн соёл иргэншил, манай нийгмийн ардчилсан шинж чанар шаардаж байгаа юм.
Хэн ямар үзэл баримтлалтай байна вэ, “төлөө” юу эсвэл “эсрэг” үү гэдэг бол нэгдүгээрт тавигдах асуудал биш харин үзэл баримтлалаа тогтоохдоо үнэн зөв үндсэн мэдээллүүд хэрэглэж чадсан байна уу үгүй юу гэдэг л гол чухал ач холбогдолтой.
Үзэл баримтлал бүрэн чөлөөтэйгөөр янз бүр байж болох нь хуульчлан батлагдсан нийгэмд бид амьдарч байгаа ба үзэл баримтал өөр өөр байх явдал бол бидний амьдралын жирийн хэм хэмжээ мөн. Үзэл баримтлалын төрөл хэлбэрээс шалтгаалсан ялгаварлан гадуурхах, буруушаах, дарамтлах, дотоод бодлого дотоод үзэмж дүрэм журмынхаа явцуу хүрээнд ерөнхий хууль эрхийн хэм хэмжээг давж зөрчсөн уур амьсгал бий болгох зэрэг гаж үйлдэл гарах ёсгүй гэдэг тун тодорхой үндсэн зарчимтай билээ. Харамсалтай нь энэ зарчмыг үл мэдэгч, үл ойлгогч буюу үл ойшоогч хүмүүс, хэт шүтэгч фанат үзэлтнүүд, түүнчлэн мэргэжлийн эрдэмтэн мяндагтан гэж тооцогдох зарим эрхмүүд хүртэл “мэргэжлийн бус” тэс буруу мэдээлэл эрх баригч шийдвэр гаргагч дээд байгууллагуудад хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээн сурталчлах явдал үе үе гарч байгаа нь хэвлэл мэдээллийн цахим санд баримтжиж үлдсээр л байна. Зөвхөн “шинжлэх ухааны албан ёсны байр суурь” ангилалд хамаарах эерэг ба сөрөг мэдээллүүдийг дэнслэн үзсэний үндсэн дээр хүн бүр өөрийн үзэл баримтлалаа ухамсартайгаар бүрэн чөлөөтэй тодорхойлох нь зүйтэй билээ. Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн давуутай тал болон сөрөг талуудын тухай дэлхий нийтийн хэмжээнд батлагдсан мэдээлэл ба мөн түүнчлэн зөвхөн монгол улсын дэд бүтэц нөхцөл байдлын талаар мэргэжлийн зохих бүтэц судлан дүгнэж батлан гаргасан мэдээлэл бол хоёулаа “шинжлэх ухааны албан ёсны байр суурь” ангилалд хамаарна. Үүнээс хамгийн голлох зарим хүчин зүйлсийг нь л сонгож жишээ болгон авч хэлэлцье:
А)Дэлхий нийтийн хэмжээний мэдээлэл
Давуу тал: 1) Эрчим хүчний нягтрал: Богино хугацаанд бага хэмжээний түлшээр их хэмжээний нягттай эрчим хүч гаргах чадвартай. Өөрөөр хэлбэл, хүн амын нягтрал ихтэй үлэмж том хотууд, томоохон үйлдвэрүүдийн хэрэглээ гэх мэт эрчим хүчний их ачааллыг найдвартай даах чадвартай. Дагалдах тайлбар: энэ хүчин зүйл Монголын нөхцөлд ямар нөлөө тусгалтай болохыг судалж үзэх шаардлагатай.
2) Нүүрс хүчлийн хий ялгаруулалт: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх “ногоон хүлэмж“– ийн үзэгдэл үүсгэгч нүүрс хүчлийн хий, метан зэргийг бага ялгаруулдаг. Энэ давуутай хүчин зүйл бол нүүрс хүчлийн хийн дэлхийн нийт ялгаруулалтын 50%- аас дээшхийг эзэлдэг 4 улс гүрэн, цаашилбал 75%- аас дээшхийг эзэлдэг 15 улс гүрнүүдийн хувьд, юуны өмнө, шийдвэрлэх онцгой ач холбогдолтой.
Чухам энэ шалтгаан нь цөмийн эрчим хүчний үйлдвэрийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шийдвэр гаргахад дээрхи улс гүрнүүдийн хувьд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа.
Дагалдах тайлбар: энэ хүчин зүйл дулааны ба бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангагдах боломж бүхий Монгол болон Монголтой төстэй бусад улсуудын эрчим хүчний өнөө ба ирээдүйн харьцангуй бага хэмжээний нийт хэрэгцээнд ямар нөлөөтэйг судалж үзэх шаардлагатай.
Сөрөг тал: 1) Аюулгүй үйл ажиллагаа: Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн аюулгүй үйл ажиллагааны техник технологийн найдвартай байдлын үндэслэлийг сүүлийн үед ихээхэн сайжруулж байгаа боловч байгалийн “давагдашгүй хүчин зүйл”, гэмт этгээдүүдийн халдлага, цэрэг дайн болон бусад шалтгаанаар цөмийн осол гарах магадлал ямар нэг байдлаар оршсоор байгаа.
Дагалдах тайлбар: Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдэд хагас сая жилд нэг удаа цөмийн осол гарч болох магадлал байж болох тухай цөмийн эрчим хүчний эхэн үед гаргасан магадлалын онолын тооцоо байсан, гэтэл цөмийн эрчим хүчний өнгөрсөн түүхэн 60 гаруй жилийн хугацаанд байгалийн болон хүний хүчин зүйлээс хамааран гурван том осол (Фүкүшимагийн, Чернобылийн, Тримайлайландын) гарсан. Зүйрлэж хэлэхэд, дэлхий дахин энэ сургамжид “Зугтаж яваа үнэг нэг гүвээ даваад л аюулыг мартдаг” гэдэг шиг ой санамжаар хандаагүй байгаа.
2) Өндөр үнэ өртөг: Барьж байгуулах, түлшээр хангах, ажиллуулах урсгал зардал, ашигласан түлшээ түр хадгалах зардал гэх мэт тооцоолж төлөвлөх боломжтой зардал нь харьцангуй өндөр.
Дагалдах тайлбар: үүнээс гадна татан буулгахад гарах урт хугацааны зардал, цөмийн хаягдал ашигласан түлшээ дахин боловсруулах, цөмийн хаягдал ашигласан түлш хадгалах хугацааг уртасгах төхөөрөмж барих ба ажиллуулах зардал, цөмийн хаягдал ашигласан түлшээ үүрд булшлах байгууламж барих ажиллуулах зардал гэх мэт урьдчилан тооцоолохын аргагүй нэмэлт зардал маш өндөр байдаг. Жишээ болгож цөөн тоо баримт дурдахад: Арабын Нэгдсэн Эмират Улсын Бараках цөмийн эрчим хүчний үйлдвэрийг (тус бүр нь 1400 МВТ хүчин чадалтай 4 нэгж) зөвхөн барихад төлөвлөсөн зардал нь 25 орчим тэр бум US$ (бодит зардал нь 32 тэр бум US$), 15 жил түлшээр хангах 3 орчим тэр бум US$ -ын гэрээтэй, ашигласан түлшээ үйлдвэртээ усан санд буюу хуурайгаар хадгалах (30 гаруй жил) ба түүнээс цааших үүрд булшлахтай холбоотой зардлыг нь улс нь өөртөө шилжүүлэн авч хариуцах зохицуулалттай.
3) Цөмийн хаягдал ашигласан түлш: Хэдэн мянган жил өнгөрсөн ч бүрэн устаж үгүй болохгүй өндөр цацраг идэвхт онц аюултай хаягдал цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлш хэлбэрээр их хэмжээгээр дэлхийд хуримтлагдсан ба цаашид ч хуримтлагдана. Дагалдах тайлбар: Өнгөрсөн хугацаанд ажиллаад хугацаа нь дуусаж татан буугдсан, одоо ажиллаж байгаа, ирээдүйд ашиглалтаас гарах цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн ашигласан түлшийг зөвхөн зуун жилээс цаашгүй түр хугацаагаар хадгалах тусгай зориулалтын байгууламжуудад л одоогоор хадгалж байна.
Ашигласан түлшийг задлан ялгаж боловсруулан дахин хэрэглэх технологи ашиглах, мөн түүнчлэн, үүрд оршуулах байгууламж байгуулан ашиглах одоогийн үндсэн хоёр арга нь хуримтлагдсан ашигласан түлшний хэмжээг багасгахад шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц бус байгаа ба асуудлыг бүрэн эцэслэн шийдэж чадахгүй байгаа юм.
Цөмийн эрчим хүчний үйлдвэрээрээ дэлхийд тэргүүлэх улс гүрнүүд (АНУ, ОХУ) өнөөг хүртэл цөмийн хаягдал ашигласан түлшээ үүрд булшлан оршуулах байгууламжтай болж чадаагүй байгаа ба энэ асуудал зөвхөн төслийн хэмжээнд л явсан хэвээрээ байгаа юм. Харин Финланд улс цөмийн хаягдал ашигласан түлшээ үүрд (одоогоор баталсан хугацаа нь 100000) булшлах дэлхий дээрх анхны байгууламж (өртөг нь 1 орчим тэр бум US$) барьж дуусаж байгаа ба тун удахгүй албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
Төсөөтэй төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж буй улс гүрнүүд бий, жишээ болгоход цөмийн эрчим хүчний 4 үйлдвэртэй Швецар улс 21 тэр бум US$ -ын өртөгтэй цөмийн хаягдал ашигласан түлшээ үүрд (200000 жил) булшлах байгууламжтай болох төсөл эхлүүлээд байна.
Манай улс цөмийн эрчим хүчний үйлдвэртэй болох тохиолдолд түүнээс үүсэх ашигласан түлшний хаягдалтай холбоотой бүх асуудлуудыг шийдвэрлэх үндсэн үүргийг олон улсад дагаж мөрддөг эрх зүй конвенцын дагуу Монгол улс өөрөө хариуцах зохицуулалттай байдаг. Зөвхөн дээр дурдсан “Дэлхий нийтийн хэмжээний мэдээлэл” дээр үндэслэн үзэл баримтлалаа тодорхойлон гаргах боломж ба эрх нь бол улс гүрнүүд болон хувь хүмүүст нээлттэй байгаа боловч “нээлттэй” гэдэг нь “хүрэлцээтэй” гэсэн утга санаа агуулдаггүй.
Б) Монгол улсын дэд бүтэц нөхцөл байдлын хэмжээний мэдээлэл: Миний өмнөх нийтлэлүүдэд дурдагдсанчлан цөмийн эрчим хүчний үйлдвэр анх удаа барьж байгуулахаар сонирхож байгаа улсуудад болон энэ үйл хэрэгт оролцох бүх талуудад Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)- аас тусгайлан зориулж боловсруулан гаргасан “Цөмийн эрчим хүчний үндэсний дэд бүтцийг хөгжүүлэхэд эрхэмлэх хүчин зүйлс” (“Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power” No. NG-G-3.1 (Rev.2), 2024, сүүлчийн хувилбар) зөвлөмжийг удирдлага болгон эхний 1-р үе шатны хугацаанд 19 шаардлагатай чиглэлийн дагуу шинээр хийх болон дутууг нь гүйцээх, ямар бэлтгэл ажлуудыг ямар нөөц бололцоогоор, хэдий хугацаанд, ямар хөрөнгөөр, хэрхэн яаж гүйцэлдүүлэх тухай мэргэжлийн судалгаа шинжилгээний зориулалтын аргачлал ашиглан судалгаа хийж дүгнэлт гарган “Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх”- д бэлэн болсон эсэх, “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр” цаашид хэрэгжүүлэх эсэх тухай засгийн газраар шийдвэрлүүлэхээр хариуцсан байгууллага нь оруулж хэлэлцүүлнэ. Энэ дүгнэлтээс цөмийн эрчим хүчний үйлдвэр Монголын нөхцөлд ямар давуу тал, ямар сөрөг талтай байх тодорхой харагдах учиртай.
Энэ судалгаанд зөвхөн Монголын дотоод нөхцөл байдалд харгалзах эхний үндсэн өгөгдөл хэрэглэгдэх учраас энэхүү ажлыг гаднын зөвлөгөө өгөх байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулж авах боломж нь хязгаарлагдмал ба харин судалгааны гаднаас бэлэн аргачлал авч тохируулан хэрэглэх нь тус дөхөмтэй байж болох талтай.
Дээр дурдсан дэлхий нийтийн хэмжээнд батлагдсан мэдээлэл, дээр нь нэмээд зөвхөн Монгол улсын дэд бүтэц нөхцөл байдлын хэмжээнд хамаарах мэргэжлийн дүгнэлт мэдээлэл хоёрыг ул суурьтай дэнслэн үзсэний үндсэн дээр хүмүүс үзэл баримтлалаа тодруулан гаргах нөхцөл бүрэн бүрдэх юм. Монгол улсын дэд бүтэц нөхцөл байдлын төлөв хэмжээнд хамаарах дээрхи мэргэжлийн дүгнэлт одоогоор боловсорч гараагүй байгаа учраас Монголд цөмийн эрчим хүчний үйлдвэр барих нь зохистой хэрэгтэй гэж яг одоогоор шууд эцсийн дүгнэлт хийж чадах мэргэжилтэн дэлхий дээр тодорхойлолтын дагуу баймааргүй, гэтэл үйлдвэр байгуулахаар хэдийнээ эцэслэн шийдчихсэн мэт мэдэгдэл хийх тохиолдол Монголд заримдаа гарсаар байгаа нь хачирхалтай. Монголын цөмийн салбарын мэргэжилтнүүд өөр өөрсдийнхөө гоц мэргэшсэн шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний өвөрмөгц нарийн аргачлалынхаа хүрээнээс халин гарч дэлхий дахины цөмийн салбарын хөдөлмөр хуваарилалт үйл ажиллагааны төлөв байдалтай, өөрөөр хэлбэл, техник технологи, хууль эрх зүй, санхүү эдийн засаг бүртгэл, цөмийн түлшний цикл, аюулгүй ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох шалгавар, түүх, ирээдүйн загвар гэх мэт бүхий л асуудлуудтай гүнзгий бөгөөд өргөн хэмжээнд танилцан мэдлэгээ тэлж нийгэмд манлайлах үүрэгтэй билээ.
Хэдийгээр олон үндэстэн ястны мэргэжил нэгт нөхдийнхөө нэгэн адилаар Франц улс тэргүүтэй улсуудын цөмийн эрчим хүчийг цаашдын хэрэглээнийх нь насны хязгаар дуусах хүртэл буцалтгүй тэлэн хөгжүүлэх шийдвэр нь хатуу ул суурьтай “мэргэжлийн үндэслэл”-тэй болохыг, мөн Герман улс тэргүүтэй улсуудын цөмийн эрчим хүчний үйлдвэр хөгжүүлэн хэрэглэж ирсэн боловч цаашдаа цөмийн эрчим хүчний хэрэглээнээс ямар ч хамаагүй үнээр татгалзах шийдвэр нь дан “улс төр”-ийн бус, цогц ул суурьтай “мэргэжлийн үндэслэл”-тэй болохыг нь би бүрэн ойлгож байгаа боловч зөвхөн “Дэлхий нийтийн хэмжээний мэдээлэл”-д тулгуурлан өөрийнхөө үзэл баримтлалыг тодорхой болгохгүй билээ, харин Монгол улсын дэд бүтэц нөхцөл байдлын төлөв хэмжээнд хамаарах мэргэжлийн дүгнэлт гарсны дараа, чухам энэ дүгнэлт нь эхний өгөгдлөөсөө эхлэн эцсийн гаргалгаа хүртлээ мэргэжлийн судалгаа шинжилгээний зориулалтын аргачлал хэрэглэсэн болохыг, судалгаа гэдэг нэрийн доор бэлэн гаргалгаанд тохируулж өгөгдлүүд түүж сонгон дүгнэлт хийгээгүй болохыг, “улс төр” буюу “захиргаа”-ны маягийн шийдийг “мэргэжил”-ийн шийд дүгнэлт хэлбэрт оруулан өнгөлөн далдлаагүй болохыг нягтлан шалгаж баталгаажуулсныхаа дараа л би өөрийнхөө үзэл баримтлалыг тодорхой болгохоор шийдээд байгаа.
Ийм зарчмаар засаг төрөөс гарсан ямар ч шийдвэрийг иргэний хувьд би хүндэтгэн хүлээж авна. Өөрийн гэсэн үзэл баримтлал сонголтоо чөлөөтэй хийх боломж хүн бүрд бий. Би зөвхөн зарим голлох жишээг л дурдлаа, дээрх ангиллуудыг цааш нь дараачийн шат шатны олон төрлийн мэдээлэлд лавшруулан хэрэглэх боломжтой.
В)Хувь хүн миний нэмэрлэх бодол санаа
1)“Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах нь Монголд шинжлэх ухаан техникийн дэвшил хөгжлийг дагуулж авчирна” гэх үзлийг түүнийг байгуулах шалтгаан болгох хэмжээнд тавьж үздэг үзэлтэй би таарч байсан юм байна. Мэдээжээр тодорхой хэмжээний хөгжил дэвшил авчрах нь гарцаагүй, гэхдээ хязгаарлагдмал, цөмийн эрчим хүчний үйлдвэрийн мөн чанар бол, юуны өмнө, ердөө л хатуу журам дэглэм мөрдөж ажилладаг “үйлдвэрийн газар” учраас судалгаа шинжилгээ явуулах өргөн боломж нээж өгдөггүй, судалгааны реактор шиг хувьсгалжуулах хэмжээний хөгжил дэвшил авчрахгүй, шинжлэх ухаан техникийн дэлхийн тэргүүн шугамд авчрахгүй.
Дэлхийн дэвшилтэт тэргүүн шугамд хамаарах зарим төслүүд Монголд хэрэгжээд эхэлчихсэн, ашиг шимийг нь Монголын иргэд шууд хүртээд эхэлчихсэн байгаа, жишээ нь эрүүл мэндийн салбарт хавдар судлал оношилгоо эмчилгээнд позитрон ялгарлын томографийн багаж хэрэгсэл, цөмийн хурдасгуур, изотоп үйлдвэрлэл бүхий ОУАЭА-ын оролцоотой иж бүрдэл төсөл. Цөмийн хэрэглээний олон төрлийн бүрэлдэхүүнийг агуулсан энэхүү төслийг тойрон эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, үйл ажиллагааных нь өнөөгийн төвшнийг хадгалахаар зогсохгүй цаашид улам сайжруулан хөгжүүлж ямагт тэргүүн шугамд авч явах бодлоготой ажиллах боломж нээлттэй байгаа.
2)“Цөмийн хуваагдал” дээр үндэслэсэн өнөөгийн цөмийн эрчим хүчний уламжлалт үйлдвэрийн “эхлэл” үе өнгөрч, “өрнөл” үе нь сайнтай муутайгаа хамт хуучирч, “шувтраг” үеийн эхлэл нь тодорхой төсөөлөгдөх төлөв байдал ажиглагдаад эхэлсэн байгаа. Чухамхүү “төгсгөл”- ийн үед л “төгсгөл”- ийн үеийг уртасгах зорилгоор цөмийн зах зээлээ тэлэх сонирхол урьд урьдынхаас илүү хүчтэй болох шинж тэмдэг илэрдэг. Цөмийн эрчим хүчний үйлдвэр цоо шинээр эхлэн барьж байгуулах шийд гаргаад хэрэгжүүлж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэргүй байсан улсуудыг бол дээр дурдсан утгаар “сүүл мушгигчид” гэж үзэж ч болох талтай.
3)Цөмийн зэвсэг бүтээсний дараахан Цөмийн эрчим хүчний үйлдвэр бүтээж болох боломжийн тухай анхны судалгаа шинжилгээ ид өрнөж байсан олон жилийн өмнөх тэр үед анхны Цөмийн эрчим хүчний үйлдвэр 20-30 жилийн дараа бий болох байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан байсан, гэтэл цөмийн хэрэглээний судлал маш хурдацтай хөгжиж 10-аадхан жилийн дараа Цөмийн эрчим хүчний үйлдвэр бодит биеллээ олсон билээ.
Үүний нэгэн адил “Цөмийн хуваагдал” дээр үндэслэсэн цөмийн эрчим хүчний өнөөгийн эх үүсвэрийн хэлбэрээс устөрөгчийн “Цөмийн нэгдэл”-д суурилсан, нөгөөх хэцүү сөрөг үр дагаваргүй, дараачийн үеийн цөмийн эрчим хүчний нэн дэвшилтэт бөгөөд шавхагдашгүй эх үүсвэр рүү 30-аад жилийн дараа шилжих төлөвтэй гэх таамаглал одоогоор гарсан байгаа боловч шинэхэн амжилтуудыг нь ажиглахад түүнээс ч өмнө ойрын ирээдүйд биелэлээ олж болох магадлал бий гэж үздэг. Монгол улс тэр үед бусад анхдагч улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн “Цөмийн нэгдэл”-д суурилсан дараачийн үеийн цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулаад эхлэх болваас эрчим хүчний хөгжил дэвшилийн дэлхийн техник технологийн тэргүүн шугамд бодитойгоор нэгдэн цаашдаа хоцрогдохгүйгээр бусад улс гүрнүүдтэй хамтдаа явах боломж нээгдэх юм.
Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл19
Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл Монголд бий болохгүй. Энэ бол үнэн. Учир нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хэмжээний хүчирхэг шинжлэх ухааны дэд бүтцүүд буюу сургууль, лабораториуд төгс хөгжчихсөн байх ёстой юм бна. Уучлаарай Монголд түлшиндээ ч шинжилгээ хийж чадахгүй, заа болий шээсээ ч шинжилж чадахгүй. Эрдэмтэд гд байгаа онолын гэгдэх физикчид нь бүгд практикаар АЦС д ажиллаж үзээгүй Үлмэдэхүүд. Эрдэмтэн Намсрай нь ч Орос, Америкын АЦС ын нэг цахилгаанчны хэмжээний мэдээлэлгүй. Тэгшбаяр, далайжаргал 2 нь залилангаар мэргэжсэн луйварчид байсныг нь олон нийт сая л мэдэж байна.....
Цөмийн задрал, нэгдэх урвал гэж зүйлийг бүрэн тайлж чадаагүй хүн төрөлхтөн. Ийм дутуу дулимаг мэдлэгээр ирээдүйг бүтээхгүй. Тэгшбайр яинь Монгол улсын их сургуулийн физикийн ангид муу сурдаг оюутан байсан түүх батална. Новшийн хулгайч цөмийн хар мөнгөөр лобби хийж байгааг бид мэднэ. Солонгост хорь хавдар туссан энэ тэр гэж гүйгээд байсан үхэхгүй хулгайч бол Тэгшбаяр. Тэгшбаяраа чи үхэж далд орооч.
Айдаст автсан жирийн ард иргэдийг битгий айлга , ашиг шунал хоёрт боймлуулсан ихэс дээдэсийг битгий баярлуул . Монголын ард түмний буянаар мэргэжил эзэмшиж - тэр буянаар \ соц . үед \ ОУБ - д ажиллаж байдлыг бодитоор мэдсэн юм бол түүнийгээ айж байгаад нь ч , айлгаж байгаад нь ч ҮНЭН - г шууд хэл - ашиг хонжоо бүү хай . Лекцээ бол үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй бол ХОЙЧ ҮЕИЙНХЭНД уншиж өг ... өөх ч биш - булчирхай ч биш минь - эсвэл бүү ай ...
Уран урах нь зөв, дахиад ухаад бай
Укрианы нэг хотод удахгүй Путин цөмийн цохилт өгч том мөөгөн үүл үүсэж тэр нь зурагтаар гарч эхлэхээр л хүн төрөлхтөн цөмийн хүч гэж юу байдаг гэдгийг мэдэх болно ! наана нь мэдэх аргагүй ! Цаасан дээр таамаглаж бурсан юмыг хүмүүс мэдэхгүй монгол хүн бүр мэдэхгүй ! Монголд уранаар ажилладаг атомын станц байгуулах мөнгө байхгүй ! Хятадын харьяанд орсон хойноо л хятадууд байгуулах байх ! Одоо шингэрүүлсэн хийг ашиглах мэдлэггүй монголчууд олноороо байгаа бөгөөд нэлээн олон нь дэлбэрч үхсэний дараа мэдлэгтэй болох байх ! Ирэх өвлөөс 50 мянган айл баллонтой найзлах юм гэсэн !
англи тэргүүтэй улс цэргээ бэлтгэж украйнд орох бэлтгэлээ хийж байна украйн ёвроп ёвро мөнгөөр дэлхийг эзлэх гэнээ украйныг америкад өхгүй гэж орсын ёвропийн эрчим хүчийг бөмбөгдлөө орос амандаа хүрэх гээд сууж байна украйнчууд орос хятадыг муудалцуулах аргаа хайж байна америк эрчим хүчний обьектаа украйн орсыг хянаж байна
Манай Монголд шинжлэх ухааны биш захиргааны буюу даррга нарын шийдвэр гардаг онцлогтой Тэгээд юу болдог вэ гэвэл түүхий эдээ хаанаас авах нь тодорхойгүй мөртлөө нефть боловсруулах үйлдвэрт асар их хөрөнгө хаялаг юм Бас сайжруулсан түлш нэртэй хор үйлдвэрлэж иргэдээ хордуулж алдаг олон мянгаар нь хордуулж насан туршийн өвчтэй болгодог юм Тийм уёраас Жарраоаа манайхан атомын станц байгуулж чадахгүй их эрсдэлтэй хөрөнгөө үр зарна гэж шууд хэлсэн нь дээрээ Тэхгүй бол мэргэжлийн ямар ч ойлголтгүй улс төрчид байгуулна гээд л дэвхцээд байгаа
Мэргэжлийн хариулт өгсөн Жаргалдаа талархаж байна.
Баярлалаа Олон хүнд янз бүрийн мэдээллийн сувгаар хүргэмээр л юм
монголд цөмийн эрчим хүч ашиглах суурь бэлэн биш.хариуцлагын тогтолцоо урьд урьдахаасаа доройтсон байгаа .шинжлэх ухаан хөгжих өитгий хэл зогсоод ухарчихсан улс одоохондоо холхон байсан нь дээр 30 жилийн дараа эрүүл ухаантай удирдлагын дор бол юу юм гэхээс болохгүй ээ.дурын нэг хужаагийн тагнуул дэлбэлээд хаячихна
Өнөөдөр Монгол улс АЦС байгуулахаар төлөвлөөгүй гэж ойлгож бна. Францын компани 25 жил 1998 оноос хойш хайгуул хийж, Зөөвч -Овоогийн тунамал гаралтай ураны ордын нөөцийг үнэлсэн. Дэлхий дээр ашиглаж байгаа газар доорхи уусган баяжуулалтын аргаар олборлох технологийн туршилт хийж энэ аргыг сонгоод байгаа юм бна. Энэ аргаар олборлох нөхцөлд хүн болон малд, хөрс, байгаль орчинд нөлөөлөх эсэх талаар олон арван туршилт, шинжилгээний ажлуудыг манай ШУ-ны байгууллага, төрийн байгууллагууд, ТББ -ууд хийсэн бна. Үүний үндсэн дээр Монголын төр Оранотай ураны шар нунтаг экспортлох гэрээ байгуулсан байна. үүнд эрсдэл бага бна гэж ойлголоо.
Уран худалдан авсан улс нь ашиглаад хаягдлаа өөрдөө тэндээ хадгаладаг бол манай улс уран олборлоод зарах л хэрэгтэй. Харин өөрсдөө бол цөмийн эрчим хүчний эх үүсврийг барихаа азнаж хүлээх нь зөв гэж л бодож байна. Хэрэв ашиглалтын дараахь хаягдал шаарийг анх олборлосон улсад нь буцаадаг бол олборлох хэрэггүй.
герман ацс-даа ажлуулж чадахгүй хаасаан
Цагаа олоогүй
Монголчууд 1990 онд шинжлэх ухааны бүх байгуулагуудаа (шинжлэх ухааны институт, хүрээлэнгүүдээ) устгаад УИХ, Засгийгн газрын бүх шийдвэрүүдийг мэргэжлийн бус хүмүүс цээжний бангаар, гадаадын зөвлөхүүдийн заавраар гаргадаг болсон. Өөрөөр хэлвэл монголчууд 1990онд оюуны тусгаар тогтнолоо бүрэн алдаад, гадаад гүрний (Амеикийн нэгдсэн улсын, Дэлхийн банкны, Олон улсын валютын сангийн) заавраар үйл ажиллагаагаа явуулдаг нь ухаан муутай хүнд ч тодорхой болсон.
1990 оноос хойш Монгол улсад их сургуулиуд байхгүй болсон. Одоогийн Монгол улсын их сургуулиуд бол шинжлэх ухаанаас холдсон, төрөөс санхүүждэггүй учир оршин тогтнож амьдрахын тулд "хултуур" хийдэг байгуулагууд болсон. Иймээс Монголын их сургуулиудаас төгсөн гарч байгаа дээд боловсролтой хүмүүс, инженерүүд хэмээгдэх хүмүүс бол мөн чанартаа дээд боловсролтой хүмүүс, инженерүүд биш, харин "Халтуурууд" юм. Монгол хүмүүсийн ухамсар, сэтгэлгээний түвшин 1990 оноос хойш огцом ухралтын байдалд орж, 1700-1800 оны хүмүүсийн ухамсар, сэтгэлгээний түвшинд очсон. Өнөөгийн монгол хүний толгойд шинжлэх ухаан, цөмийн энерги, уран, цөмийн хуваагдал зэрэг ойлголтууд нь үлгэр домогийн хэмжээний ойлголт болсон бөгөөд өнөөгийн монгол хүн нь өлсөж үхэхгүйн тулд зөвхөн, ганцхан мөнгө боддог ухамсар, сэтгэлгээний түвшинд буюу 1700-1800 оны үеийн сэтгэлгээний түвшинд хүрч уруудаж доройтсон. Иймээс өнөөгийн Монгол хүмүүс шинжлэх ухааны үндэстэй үнэн зөв шийдвэр гаргах чадваргүй болсон.
Монгол улс дэлхий дээр шинжлэх ухаан, техникийн хөгжлөөр 1990 оннос хойш огцом ухралтанд орж, өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн хоцрогдсон улс болсон. Дэлхийн бусад улс гүрнүүд гариг хоорондын сансарын хөлөг бүтээгээд гариг хоорондын аялалд гарч байхад, нүд ирмэхийн зуур хэдэн мянган километр нисэх дуунаас хэт хурдан цөмийн бөмбөг тээгч пуужингууд бүтээж байхад, дэлхийг аалны тор шиг сүлжсэн глобаль интернетийн сүлжээ бүтээж байхад, секундэд хэдэн тэрбум тооцооны үйлдэл гүйцэтгэх чадвартай супер компьютер бүтээж байхад, автомашины болон бусад үйлдвэрлэлийг бүрэн хэмжээгээр роботжуулж байхад, цоо шинэ төрлийн нанометериалууд гарган авч байхад Улаанбаатарчууд баасаа цэвэрлэж чадахгүй нүхэн жорлонтойгоо баастайгаа хутгалдаад, уран, цөмийн энерги, атомын цахилгаан станц гээд үлгэр яриад сууж байна шүү дээ. Төр Засгийн шийдвэрийг эрдэмтэд, технократууд гаргахгүй, намчид, улс төрчид хэмээгсэд гаргадаг болохоор тэр. Цаашдаа баастайгаа улам гүнзгий хутгалдах нь лавтаяа. Ха Ха.
Жаргал гуайдаа баяр хүргэе! Баярлалаа танд. Эрх биш Монгол улсад ийм эрдэмтэн баймаар юм даа
Жаргал гуайдаа баяр хүргэе! Баярлалаа танд. Эрх биш Монгол улсад ийм эрдэмтэн баймаар юм даа