sonin.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.


Бүртгэлийн хураамжийн хувьд 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг), 5 км-т 10.000 төгрөг, 10 км-т 50.000, 21 км-т 70.000, 42 км-т 90.000 төгрөг байна. Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна. 


Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 500, 800м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэнэ.


“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авах юм байна. Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулна. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.