sonin.mn

Монголын хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Agro Expo 2025 олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн үзэсгэлэн 4 дэх жилдээ 4 сарын 04-06-ны өдрүүдэд Буянт- ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, онцлогийн талаар зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулга-тай ярилцлаа. 


Монголын хөдөө аж ахуйн салбарт үр өгөөж өндөртэй арга хэмжээ болох Agro Expo 2025 үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаад баяртай байна. Та үзэсгэлэнгийн хэтийн зорилго, ач холбогдлыг хэрхэн харж байна?


Agro Expo үзэсгэлэнгийн гол зорилго Монголын хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн технологи нэвтрүүлэх явдал. Хөдөө аж ахуйн салбарынхан заавал тив алгасан нисэхгүйгээр дэлхийн технологитой дэргэдээсээ танилцах боломж юм. Agro Expo 2025 үзэсгэлэн зөвхөн техник, технологийн танилцуулгаар хязгаарлагдахгүй, салбарын бүх оролцогчдыг нэгтгэж, мэдлэг, туршлага солилцох, шинэ түншлэл, хамтын ажиллагаа үүсгэх талбар. Тийм учраас Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд чухал үүрэгтэй арга хэмжээ. 


Agro Expo 2025 үзэсгэлэн урд урдны жилүүдээс илүү хүлээлт өндөртэй байгаа. Зохион байгуулалт талаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Зохион байгуулалтын онцлогоос дурдахгүй юу?


Тийм ээ, энэ жилийн үзэсгэлэнгийн хүлээлт өндөр байгаа. Тиймээс бид зохион байгуулалтандаа онцгой ач холбогдол өгч, олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Оролцогч байгууллагуудын бизнесийн хамтын ажиллагааг аль болох дэмжих, тэдэнд зориулсан үзэсгэлэнгийн үйлчилгээ, ложистикийг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Бүртгэлийн дижитал систем нэвтрүүлж байна. Мөн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулна. Сүүлийн үеийн технологи, стартап шийдлүүдийг онцлон танилцуулах “Инновацийн цаг” цуврал танилцуулга хийгдэнэ. 


Салбарын томоохон байгууллагууд оролцож байгаа гэсэн. Мөн олон улсын байгууллагуудын оролцоо хэр байгаа вэ?


Уламжлал ёсоор салбарын тэргүүлэх дотоодын компаниуд, салбарын мэргэжлийн холбоод идэвхтэй оролцож байна. Мөн гадаад улс орнууд, тэр дундаа ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНТУ зэрэг улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, үр тариа, бордоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна. Ерөнхий ивээн тэтгэгч Мөнх ногоон тал ХХК, Алтан ивээн тэтгэгч Агромаштех ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр Энсада Трактрон ХХК, Таримал Ургамал ХХК зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож, нягт хамтран ажиллаж байна. 


Үзэсгэлэнгийн салбарын яам, холбогдох байгууллагууд хэрхэн дэмжиж байгаа вэ?


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам манай үзэсгэлэнг анхнаас нь дэмжиж, заримдаа хамтран зохион байгуулж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж, Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж байгаа. Agro Expo үзэсгэлэнгийн үеэр төрийн байгууллагын зүгээс үзэсгэлэнгийн үеэр төрийн бодлогыг сурталчлах, мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 


Энэ жилийн Agro Expo 2025 үзэсгэлэнгийн онцлог давуу талыг дурдвал?


Энэ жилийн хамгийн гол онцлог бол олон улсын оролцоо, инноваци, сургалт хосолсон өргөн хүрээтэй хөтөлбөртэй байгаад оршино. Бид зөвхөн бүтээгдэхүүн, техник танилцуулахаар зогсохгүй, бизнесийн харилцаа тогтоох "B2B уулзалтууд", хөдөө аж ахуйн салбарын кластерийн хөгжлийн талаар илтгэл, гарааны бизнесүүдийг дэмжих “Инновацийн цаг” нэвтрүүлж байна. Энэ бүхэн үзэсгэлэнг зөвхөн худалдаа, маркетингийн арга хэмжээ бус салбарт мэдлэг мэдээлэл түгээх орчин болгож байна.