sonin.mn

Улаанбаатар хотод өнөөдөр 1060 ТҮЦ үйл ажиллагаа явуулж байна. ТҮЦ-үүд ихэвчлэн замын хажууд, сургууль, цэцэрлэгтэй ойрхон байрладаг. Бэлэн гоймон, ундаа, жүүснээс эхлээд тамхи ширхэглэн зардаг нь ч олон. Хүнс, барааг зах зээлийн үнээс 1-2 нугалж ширхэглэн зараад ч зогсохгүй ороомог, пирошки, мантуун бууз гээд түргэн хоолыг ямар ч хадгалалтын горимгүйгээр ил задгай тавьж борлуулдаг. Кимбаб, бургер гэсэн түргэн муудах, майонезтай, хугацаа нь үл мэдэгдэх хоол хүнсийг ч зарж борлуулдаг.


ТҮЦ-ийн байнгын үйлчлүүлэгч нь хүүхдүүд байдаг. Мэдээж ямар ч ээж, аав хүүхдүүддээ ТҮЦ-ээс худалдаа хийхийг зөвлөхгүй. Гэтэл худалдаа, үйлчилгээний цэг, цайны газар, дэлгүүрээс хол байршилтай сургууль, цэцэрлэгийн гадна ТҮЦ заавал байдаг.


Хятадаас орж ирдэг хамгийн хямд хүнсийг тэнд нугалж борлуулж байна.

Жишээлбэл, “Dabolang” гэсэн бичигтэй тод гэгчийн ягаан, цэнхэр, улаан өнгийн цаастай 1000 орчим төгрөгийн үнэтэй чипсийг ТҮЦ-ээс аваад л хүүхдүүд идэж байх нь их болжээ. Хугацаа нь тодорхойгүй, хадгалалтын горимгүй нэг ёсондоо “муудсан” хүнсийг ТҮЦ-нд л зарж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1060 ТҮЦ-ээс зөрчилтэй нь бараг 90 хувьтай. Жишээлбэл, газрын зөвшөөрөлгүй, явган хүний зам хаасан, нийтийн тээврийн зогсоолыг хааж байрласан, цахилгаан, галын аюулгүй байдлын зөрчилтэй, цагийн хуваарьгүй, дотроо амьдардаг, бусдад давхар түрээсэлдэг гээд дүрэм журмыг мөрддөггүй нь бараг 90 хувьтай байдаг гэнэ. 

Улсад татвар төлдөггүй, хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой хүнс зардаг, зөвхөн өөрсдийн ашгийг бодож хүнс, барааг өндөр үнээр борлуулдаг ТҮЦ-тэй улс манайх л байна. Худалдаа, үйлчилгээний стандартын талаар ярих ч боломжгүй тэр жижигхэн ТҮЦ-нд өнөөдөр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн адил олон нэр төрлийн барааг стандартын бус хадгалалт, горим, нөхцөлд зарсаар л байна. 


Э.Солонго