sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 20 /BBC/. Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский рүү дайрч давшлан, түүнийг “дарангуйлагч” хэмээн нэрлэснээр хоёр удирдагчийн хооронд үүссэн ан цавыг улам гүнзгийрүүлжээ.

Украины төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр Саудын Арабад явуулсан АНУ-Оросын яриа хэлэлцээний талаар В.Зеленский мэдэгдэл хийхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Москвагийн бий болгосон худал ташаа мэдээллийн орон зайд амьдарч байна” гэж шүүмжилсний дараа дээрх мэдэгдлийг Трамп хийсэн байна.


Флоридад болсон Саудын Арабын дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр Д.Трамп хэлэхдээ, В.Зеленскийн хамгийн сайн хийж чаддаг цорын ганц зүйл бол Жо Байденаар хийл тоглох явдал байсан гэжээ.


В.Зеленскийг “дарангуйлагч” гэж нэрлэснийг Германы Канцлер Олаф Шольц зэрэг Европын удирдагчид тэр даруй шүүмжилсэн байна. “Ерөнхийлөгч Зеленскийн ардчилсан хууль ёсны байдлыг үгүйсгэх нь буруу бөгөөд аюултай үйлдэл” гэж О.Шольц мэдэгджээ.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер лхагва гаргийн орой Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа, ардчилсан замаар сонгогдсон удирдагчийн хувиар Ерөнхийлөгч Зеленскийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. “Дэлхийн II дайны үед Их Британид үүссэн шиг нөхцөл байдалд сонгуулийг хойшлуулах нь зөв үндэслэл шалтгаан мөн” гэж Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.


В.Зеленскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дуусах ёстой байсан юм. Гэсэн хэдий ч 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд халдан довтолсноос хойш Украинд онц байдал зарлаж, улмаар сонгуулийг хойшлуулсан билээ.


Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон мөн Трамп Зеленскийг “дарангуйлагч” гэж тодорхойлсныг шүүмжилсэн бол Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Америкийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “утга учиргүй” гэж тодорхойлжээ.


Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюк ВВС-д мэдээлэхдээ, Д.Трампын хэлсэн үгний төлөө оросууд “яг одоо оргилуун дарс буудуулж байгаа" гэсэн байна. “Владимир Зеленский бол бүрэн эрхт хууль ёсны ерөнхийлөгч. Онц байдал тогтоосон үед сонгууль явуулах боломжгүй” гэж тэрбээр хэллээ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг