
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 20 /Bloomberg/. Асар их нөөцтэй гэж ярьж байгаа хэдий ч Украинд Дональд Трампын хайж буй гол ховор элементүүдийн нөөц байхгүй гэж “Bloomberg” агентлагийн эрчим хүч, түүхий эдийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, тоймч Хавьер Блас дүгнэжээ.
Тэрбээр дайнд нэрвэгдсэн улсын газар нутгаас ашиг хонжоо олох гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн санааг “бүтэшгүй мөрөөдөл” гэж нэрлэсэн байна. "Украинд байгаа зүйл бол шатаж хувхайрсан газар шороо, байхгүй зүйл бол газрын ховор элементүүд юм. Гайхалтай нь Ерөнхийлөгч Трамп гэлтгүй олон хүн тус улсыг ашигт малтмалын арвин нөөцтэй гэдэгт итгэдэг бололтой. Энэ бол утгагүй зүйл" гэж Блас бичээд, 17 элементийг газрын ховор металл гэж нэрлэдгийг сануулан дурджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Украинд эдгээр элементээс зөвхөн нэг нь болох скандигийн жижиг уурхайнууд байдаг.
Газрын ховор элементийн нөөцөөр Хятад (44 сая тонн), Вьетнам (22 сая тонн), Бразил (21 сая тонн), Орос (10 сая тонн), Гренланд (2 сая тонн) тэргүүлдэг. Бласын эш татсан Америкийн албаны мэдээллээс харахад Украин энэ жагсаалтад багтаагүй байна.
"Трампын хувьд газрын ховор элементийн нөөцийг чухалчилж байгаа нь Хятад улс дэлхийн нийлүүлэлтэд ноёрхож байгаатай холбоотой" гэж “Bloomberg”-ийн тоймч тайлбарлажээ.
"Трамп будилсан бололтой"
Украинаас 500 тэрбум ам.доллартай тэнцэх газрын ховор металл авах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн юм. Гэтэл дэлхий даяарх нийт олборлолт жилд 15 тэрбум ам.доллароор хэмжигддэг болохыг Блас тоо баримтыг эш татан дурджээ. Украин дэлхийн бүх газрын ховор элементийн тавны нэгийг олборлож чадах байсан ч Трампын хүсэлд хүрэхийн тулд "Украинд 150 гаруй жил олборлолт явуулах шаардлагатай болно".
Үүнтэй холбогдуулан Блас АНУ-ын Ерөнхийлөгч "нэн чухал ашигт малтмал"-ыг "газрын ховор элемент" гэж андуурсан байхыг үгүйсгэсэнгүй. Гэхдээ л чухал ашигт малтмалуудаас Украинд зөвхөн титан, галлийн уурхайнууд байдаг бөгөөд "тэдгээр нь Трампын хүссэн 500 тэрбумын үнэ хүрэхгүй нь ойлгомжтой" гэж Блас бичжээ.
Газар ховор металл нийлүүлэх гэрээ байгуулахыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн оны 11 дүгээр сард Д.Трампад санал болгосон аж. Украины нутагт энэ төрлийн ашигт малтмалыг хамтран олборлох, АНУ-д давуу эрх олгох талаар тусгасан "түншлэлийн хэлэлцээр"-ийг Украины эрх баригчид хоёрдугаар сард АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентэд хүлээлгэн өгсөн юм. Бессент хоёрдугаар сарын 12-нд Киевт болсон уулзалтын үеэр АНУ-аас "Украины ард түмэнд материаллаг дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлсний" хариуд Украинтай эдийн засгийн хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгааг мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
ХӨӨРХИЙ ТЭНЭГ ТРАМП. ХАМРААРАА ГАЗАР ХАТГАХ.
Энэ зүгээр явцын дундах жүжиг болохоос биш эцсийн дүндээ украйн асар их өр зээлд унаж улсгүй болно гэдгийг янз бүрээр харуулж буй хэрэг.
Энэ блуумбергийн мэдээлэл алдаатай байна. Монгол газрын ховор металлын их нөөцтэй атал нэр дурдсангүй. Монголын нөөц баталгаажаагүй гэж үзвэл украины нөөц байгаа ч баталгаажаагүй юм байна. Өөрөөр хэлбэл Украинд газрын ховор элементийн нөөц байгаа.