sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 20 /CNBC/. Apple компани лхагва гарагт iPhone загварын ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулсан нь жил бүрийн есдүгээр сард худалдаанд гардаг iPhone-ын үндсэн загваруудаас хямд үнэтэй байлаа. 




iPhone 16e гэж нэрлэсэн шинэ загвар энэ сарын сүүлчээр 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Энэхүү загвар нь “home button” товчлуургүй, хурууны хээ мэдрэгчгүй, харин эдгээрийн оронд нүүр царай таних сканнер, дэлгэцийн дээд хэсэгт мэдрэгчүүдтэй ажээ. Мөн iPhone 16-гийн үндсэн загваруудад ашиглаж буй A18 чиптэй. Ингэснээр iPhone-ын үнэтэй загваруудтай адил бүх аппликейшн, тоглоомуудыг ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Шинэ загвар нь хар, цагаан өнгөний сонголттой бөгөөд ардаа нэг камертай.




Сүүлийн хэдэн улиралд борлуулалт нь тогтворгүй байгаа тус компани хамгийн чухал бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хямд үнэтэй шинэ iPhone гар утсаа танилцуулж байна. 2024 оны дөрөвдүгээр улиралд Apple-ийн нийт iPhone-ын борлуулалт жилийн өмнөх үеийнхээс 1 хувиар буурчээ. Гэхдээ улирлын борлуулалт 69 тэрбумаас давсан хэвээр байв.




Apple-ийн хувьд хямд үнэтэй iPhone нь шинэ хэрэглэгчдийг татахад ихээхэн ач холбогдолтой юм. Шинэ төхөөрөмжинд Apple Intelligence-ийг дэмждэг тул зураг үүсгэх, сануулсан мэдэгдлийг хураангуйлах зэрэг функцүүдийг ашиглах боломжийг олгох Apple-ийн хамгийн хямд гар утас болж байна. Apple-ийн хамгийн сүүлийн үеийн загварууд нь 799 ам.доллароос эхэлдэг бөгөөд iPhone 16 Pro нь 999 ам.долларын үнэтэй байгаа юм.




Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг