sonin.mn

ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 20 /DW/. Украины талаар баримталж буй АНУ-ын бодлого өөрчлөгдөөд байгаа энэ үед Европын 20 орон болон Канад улс Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. 

“Бид Украиныг дэмжинэ, Бид мөн Европ тивд энх тайван, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх болно” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон лхагва гарагт болсон албан бус дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ. Уулзалтад Литва, Финланд, Кипр, Бельги, Болгар, Канад, Хорват, Эстони, Грек, Ирланд, Исланд, Латви, Норвеги, Португал, Швед, Словени, Чех улсуудын төр, засгийн тэргүүн нар дүрс бичлэгээр холбогдож оролцсон байна. Э.Макроноос гадна Румыний Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Илие Боложан, Люксембургийн Ерөнхий сайд Люк Фриден нар уулзалтад биечлэн оролцжээ.




Э.Макрон мэдэгдэхдээ, Украин улс энх тайвныг тогтоох үйл явцад оролцох ёстой бөгөөд тус улсын эрхийг хүндэтгэх ёстой гэж цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Европын орнууд аюулгүй байдалдаа санаа зовниж байгаа гэдгийг харгалзан үзэх ёстой гэв. Бат бөх энх тайвныг тогтоож, аюулгүй байдлын найдвартай баталгааг бий болгох ёстой гэж Францын Ерөнхийлөгч онцолсон байна. 




Долоо хоногийн дотор болсон хоёр саммит 


Украин болон Европын аюулгүй байдлын асуудлаарх анхны яаралтай дээд хэмжээний уулзалт Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөсний маргааш буюу хоёрдугаар сарын 17-нд Эммануэл Макроны санаачилгаар болсон юм.

Парисын уулзалтад оролцогчид Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг, мөн Европын орнуудын батлан хамгаалахын зардал, Украины дайныг зогсооход чиглэсэн АНУ-ын шинэ засаг захиргааны хүчин чармайлтыг хэлэлцжээ. 




Румын, Чех зэрэг Европын Холбооны хэд хэдэн орны удирдагчдыг Э.Макрон эхний уулзалтад уриагүйд тэд дургүйцлээ илэрхийлжээ. Иймээс Парист хоёрдугаар сарын 19-ны лхагва гарагт өргөтгөсөн хэлбэрээр шинэ дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байна. Эхний уулзалтаас ялгаатай нь гэвэл, Германы Канцлер Олаф Шольц хоёр дахь уулзалтад оролцсонгүй.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг