
САН-ХОСЕ, 2025 оны хоёрдугаар сарын 18 /AFP/. АНУ-аас гадаадын харьяат цагаач иргэдийг хүлээн авахад бэлэн гэдгээ Коста-Рика улс даваа гарагт мэдэгджээ. Өмнө нь Панам, Гватемал улсууд мөн ийм санал тавьж байсан юм.
Коста-Рикагийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдсэнээр, Төв Ази болон Энэтхэгийн 200 цагаач ирэх лхагва гарагт Америкаас арилжааны нислэгээр ирэх бөгөөд дараа нь тэднийг нутагт нь буцаах ажээ.“Коста-Рикагийн Засгийн газар хууль бус 200 цагаачийг нутаг буцаахад АНУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон. Тэд бол Төв Ази болон Энэтхэгээс гаралтай хүмүүс” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Лхагва гарагт ирэх эхний цагаачдыг бүлгийг Панамын хилийн ойролцоох цагаачдын төвд байрлуулна. Уг ажиллагааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хяналтан дор АНУ-ын Засгийн газар санхүүжүүлэн явуулах ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Латин Америкт айлчлах үеэр Панам, Гватемал улсууд дээрхтэй ижил зохицуулалт хийхээр тохиролцсон байна. Одоогоор Гватемалд цагаачид ирээгүй байгаа бол Панам өнгөрсөн долоо хоногт Хятад, Пакистан, Афганистан зэрэг орны 119 цагаачийг хүлээн авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп улс төрчийн замналынхаа туршид цагаачдын эсрэг хатуу байр суурь баримталж ирсэн юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсныхоо дараа “сая сая” цагаачдыг албадан гаргахаа мэдэгдсэн билээ.
АНУ өмнө нь цэргийн гурван онгоцоор Энэтхэгийн 300 гаруй цагаачийг нутагт нь буцаасан юм. Тэдний гарт гав зүүсэн байсан нь энэтхэгчүүдийн дургүйцлийг төрүүлж байв.
Харин өнгөрсөн долоо хоногт Д.Трамптай уулзсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цагаачлалын асуудлаар түүнтэй санал нэгтэй байгаа юм. Н.Моди АНУ-д байгаа бичиг баримтгүй олон мянган цагаачдыг буцаан авахаар тохиролцжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Европын улс орнуудад үндсэрхэг эх оронч үзэлтэй нам эвслүүд гарч ирээд африкийн орнуудын эрх баригчдаас исламын орнуудын эрх баригчдаас дүрвэгсэдээ цагаачдаа эргүүлэн авах хатуу шаардлага тавьдаггүй юм байх даа.
Европ тив-хүн төрөлхтний соёл иргэншлийн дээд эрэмбийн төв учир үндэсэрхэх,нутгарха х, ялгарах явцуурахын сэтгэл зүйн саад бэрх шээлийг аль эрт даван туулж чадсан бнаа !!!