sonin.mn

ТЕЛЬ-АВИВ, 2025 оны хоёрдугаар сарын 6 /DW/. Израилын эрх баригчид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн (UNHRC) үйл ажиллагаанд оролцохоо зогсоохоор шийдвэрлэснийг тус улсын Гадаад хэргийн сайд Гидеон Саар лхагва гарагт олон нийтийн X сүлжээнд мэдэгдсэн байна. 

"НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд цаашид оролцохгүй гэсэн Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг бид сайшааж байна. Израил улс АНУ-тай нэгдэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаар шийдвэрлэлээ" гэж сайд мэдэгджээ.




Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг "урьдын адилаар хүний эрхийг зөрчигчдийг хамгаалдаг", "Ойрх Дорнод дахь цорын ганц ардчилсан улс болох Израилын эсрэг үйл ажиллагаа явуулж байна" гэж буруутгав. "Энэ байгууллага хүний эрхийг дэмжихийн оронд ардчилсан улс руу дайрч давшлах, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзлийг дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулсан" гэж тэрбээр бичсэн байна. Мөн тус зөвлөл Израилыг буруушаасан 100 гаруй мэдэгдэл гаргасан нь нийт мэдэгдлийн 20-иос дээш хувийг эзэлж байгаа бөгөөд Иран, Куба, Умард Солонгос, Венесуэлтэй холбоотой мэдэгдлүүдийг нийлүүлснээс илүү олон байгааг сайд дурджээ. 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагаас АНУ-ыг гаргах тухай зарлигт Д.Трамп хоёрдугаар сарын 4-ний мягмар гарагт гарын үсэг зурсан юм.





Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг