ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /Kazinform/. Их хэмжээний бороо орсны дараа Чилийн Атакама цөлд сүүлийн 30 жилийн хугацаанд үзэгдээгүйгээр цэцэгс дэлгэрчээ. Энэ тухай NPR буюу АНУ-ын Үндэсний олон нийтийн радио мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.Энэхүү ер бусын ховор байгалийн үзэгдлийг Desierto Florido буюу цэцэглэж буй цөл гэж нэрлэдэг бөгөөд Атакамагийн асар уудам орон зай ягаан, шар, нил ягаан, хөх ягаан өнгөнд умбасан байна.
Энэ нь Эль-Ниньо үзэгдлийн нөлөөгөөр орсон их хэмжээний бороотой холбоотой. Энэ оны 7-8 саруудад цөлийн зарим бүсэд 1950-иад оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орснооор үер болж, олон арван байшин барилга нуран сүйдэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Борооны дараа хэдэн арван жилийн турш элсэн дор нойрсож байсан сая сая ургамлын үр, булцуу, үндсүүд сэргэж, цөл тэр чигтээ цэцгэн далай болон хувирсан байна. Судлаачдын ярьснаар, Атакама цөлд одоо 200 гаруй төрлийн ургамал ургаж байгаа бөгөөд өмнө нь огт ургаж байгаагүй газруудад ч гэсэн цэцэгс дэлгэрчээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Льянос-де-Чалье Моисес Гримбергийн ярьснаар, цэцэглэх хугацаа богино бөгөөд ердөө 2-3 сар гэнэ. Энэ хугацаанд Чилийн Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд ховор ургамлын генийн олон янз байдлыг хадгалж үлдэхийн тулд ховор төрлийн ургамлуудын үрийг цуглуулж байна.
Атакамагийн бүс нутгийн захиргаа уг байгалийн ховор үзэгдлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх боломжийг судалж байгаа ажээ.
Энэ удаагийн цэцэглэх үзэгдэл 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин уг үзэгдэл нь ажиглалт явуулж ирсэн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй үзэгдэл мөн эсэхийг тогтоох нь эрдэмтдийн хийх ажил юм.
Б.Адъяахүү
Даваа - 11 сарын 09,
2026
Сэтгэгдэл0