ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /Kazinform/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намаас сонгогдсон Томас Мэсси Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд импичмент зарлах тухай тогтоолыг өргөн барьжээ. Түүнийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ирантай дайн эхлүүлсэн зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутгаж байгаа аж.
Уг тогтоолыг 11 дүгээр сарын 9-ны даваа гарагт өргөн барьсан байна. Нийт 34 хуудас бүхий тогтоолд найман зүйл ангиар буруутгасан бөгөөд тэдгээрийн гурав нь Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаатай холбоотой аж. Т.Мэссигийн үзэж буйгаар, П.Хегсет Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр цэргийн ажиллагаа эхлүүлж, хууль тогтоогчдын шаардлагыг үл харгалзан байлдааны ажиллагааг үргэлжлүүлснээр АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Түүнчлэн уг баримт бичигт Йеменд явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаа, Карибын тэнгист мансууруулах бодисны наймаанд оролцсон байж болзошгүй хөлөг онгоцнуудад өгсөн цохилт, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан асуудлыг дурджээ.
“Тэрбээр дайн зарлах эрхтэй холбоотой Конгрессын тогтоолуудыг үл тоомсорлож, гадаадын удирдагчдыг хулгайлан баривчилж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө шүүмжлэгчдийг мөрдөн мөшгөж, Трампын засаг захиргааг шүүмжилсэн хүмүүсийг айлган сүрдүүлэх замаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж байна” гэж Т.Мэсси мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп П.Хегсетийг хамгаалж, Батлан хамгаалахын сайд ажлаа сайн хийж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Харин П.Хегсет өөрт нь импичмент зарлах оролдлого санаа зовоохгүй байгааг онцолжээ.
Төлөөлөгчдийн танхим уг санаачилгыг энэ долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна. Импичмент зарлах тогтоолыг батлахын тулд Конгрессын доод танхимын гишүүдийн энгийн олонхын дэмжлэг шаардлагатай. Тогтоол батлагдсан тохиолдолд Сенатад шилжүүлэх бөгөөд сайдыг албан тушаалаас нь огцруулахын тулд сенатчдын гуравны хоёрынх нь дэмжлэгийг авах ёстой.
АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдсаны дараа Ираны дайны асуудлаар Пентагоны тэргүүн П.Хегсетийг шүүмжлэх нь нэмэгдсэн талаар өмнө нь мэдээлж байв. Гэсэн хэдий ч Д.Трамп түүнийг үргэлжлүүлэн дэмжиж, өөрийн засаг захиргааны хамгийн шилдэг ажилтнуудын нэг хэмээн мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 11 сарын 10,
2026
Сэтгэгдэл0