sonin.mn

Парагвай улсын Ерөнхийлөгч Сантьяго Пенья албан тушаалаасаа огцорч байгаагаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ. Энэ тухай ВВС мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа. Тус улсын Ueno банк дампуурснаас үүдэлтэй банкны хямрал болж буй үед С.Пенья дээрх шийдвэрийг гаргалаа. Тус банк үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, Төв банкны удирдлагад шилжсэн байна.


Дампуурлын улмаас тус банкны 3 сая орчим үйлчлүүлэгч хадгаламжийнхаа мөнгийг авч чадахгүй байгаа бөгөөд үүний улмаас орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд болсоор байгаа юм. Жагсагчид 2025 он хүртэл банкийг эзэмшигч группийн хувь нийлүүлэгчдийн нэг байсан Ерөнхийлөгч Пеньяг огцрохыг шаардаж байна.


“Та бүхний хүлээлт найдварыг алдсан бол ард түмнээсээ миний бие уучлал хүсэж байна” хэмээн С.Пенья мэдэгджээ. Тэрбээр цааш нь ярихдаа, нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, ардчилсан институтүүдийг хамгаалах үүднээс огцорч байгаагаа дурдаад, өөрийн зүгээс хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн байна. 


Үүнээс өмнөхөн Парагвайн Конгрессын доод танхимын гишүүд Ерөнхийлөгчид импичмент зарлах ажиллагааг эхлүүлэхийг дэмжжээ. Одоо төрийн тэргүүний үүргийг дэд ерөнхийлөгч Педро Аллиана гүйцэтгэнэ.


Ueno банк нь 3 сая орчим үйлчлүүлэгчидтэй бөгөөд энэ нь Парагвайн насанд хүрсэн хүн амын 60 орчим хувь юм. Тус банкинд тэдний тэтгэврийн хуримтлал болон төрийн мэдлийн мөнгө хөрөнгө хадгалагдаж байсан бөгөөд энэ долоо хоногийн эхээр банк дампуурснаар дансандаа нэвтрэх боломжгүй болжээ. Ташрамд дурдахад, Сантьяго Пенья 2023 онд ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Колорадо” консерватив намаас нэр дэвшин өрсөлдөж, зүүн төвийн намын нэр дэвшигчийг ялсан юм.  



Б.Адъяахүү