МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Майячууд мөнгөн усны нэгдэл агуулсан улаан өнгийн будаг өргөн хэрэглэж байсан нь ус болон байгаль орчинд мөнгөн усны нэгдлүүд богино хугацаанд их хэмжээгээр хуримтлагдахад хүргэж, улмаар тухайн бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг дордуулсан нь Майягийн соёл иргэншлийн мөхлийн нэг шалтгаан болсон байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа талаар шинжлэх ухааны "Science Advances" сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.
“Бид Майягийн соёл иргэншлийн сонгодог үеийн Юкатаны хойгийн хоёр нуурын ёроолд хуримтлагдсан тунамал чулуулгийн дээжийг судлахад мөнгөн усны агууламж хэдэн зууны туршид одоо мөрдөгдөж байгаа зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байсныг тогтоосон.
Мөнгөн ус хуримтлагдах үйл явц усны экосистемийн доройтолтой давхацсан нь Майягийн соёл иргэншлийн мөхөлд энэ металл чухал нөлөө үзүүлсэн байж магадгүйг харуулж байна” гэж судлаачид бичсэн байна. Ийм дүгнэлтэд АНУ-ын Оберны их сургуулийн дэд профессор Мэттью Уотерсээр ахлуулсан АНУ, Мексик, Их Британийн палеохимичдийн баг хүрсэн байна. Тэд Юкатаны хойгийн нам дор бүс нутгийн экологийн нөхцөл байдлыг судалжээ. Майягийн соёл иргэншлийн сонгодог үед буюу манай эриний 250-950 онд энэ бүс нутагт олон тооны хот-улс оршин тогтнож байв. Манай эриний IX зуунд майячуудын том хотууд нэгэн зэрэг оршин тогтнохоо больсон шалтгааныг эрдэмтэд өнөөг хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.
Тухайн үеийн майячуудын булш бунхан болон соёлын дурсгалт зүйлсээс мөнгөн ус, киноварь буюу мөнгөн ус ба хүхрийн нэгдэл бүхий тод улаан өнгийн будаг, мөнгөн металл хэлбэрээр их хэмжээгээр агуулагдаж байсан нь судлаачдын анхаарлыг татжээ.
Түүнчлэн майячуудын зарим хотын орчмын хөрсөнд мөнгөн усны нэгдлийн агууламж өндөр байгааг тогтоосон нь мөнгөн усыг өргөн хэрэглэж байсан нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, экосистемд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Энэхүү таамаглалыг шалгахын тулд судлаачид майячуудын сонгодог үеийн томоохон суурингуудын ойролцоо орших Коба, Шканче нууруудын ёроолоос хэдэн мянган жилийн турш бүрэлдэн тогтсон хөрсний дээж цуглуулжээ. Тэдгээр дээжийг үе давхаргаар нь ангилж, үүссэн хугацааг тогтоон, өөр өөр цаг үед үүссэн давхарга бүрд мөнгөн усны нэгдлийн эзлэх хувийг хэмжсэн байна. Үүнтэй ижил хэмжилтийг майячуудын хот суурингуудаас алс орших өөр хоёр нуурт мөн хийжээ.
Судалгаагаар Коба, Шканче нууруудын ёроолд Майягийн соёл иргэншлийн сонгодог үед бүрэлдэн тогтсон тунамал давхаргуудад мөнгөн усны агууламж онцгой өндөр байсныг тогтоосон байна.
Зарим дээжид энэ үзүүлэлт нэг грамм тутамд 18 микрограмм хүрсэн нь ундны усанд зөвшөөрдөг дээд хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их байжээ. Мөн тухайн үед мөнгөн ус хуримтлагдах хурд түүхийн бусад үеүдийнхээс хэдэн арав дахин өндөр байсан аж. Хоёр нуурын усан дахь мөнгөн усны агууламж нэмэгдэхийн хэрээр хөх-ногоон замаг болон бусад замгийн идэвхжил эрс буурч, хавч хэлбэртэн болон нялцгай биетний олон төрөл зүйл мөн устаж үгүй болсон байна. Энэ нь мөнгөн усны бохирдол тухайн бүс нутгийн экосистемд маш сөргөөр нөлөөлснийг харуулж байгаа юм. Иймээс байгаль орчин мөнгөн усаар бохирдсон нь Майягийн соёл иргэншлийн сонгодог үеийн доройтол, мөхөлд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг байсан гэж Уотерс болон түүний багийн судлаачид дүгнэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл0