Иргэн Ц.Отгонбаяр “Дуугүй суусаар залхлаа” уриан дор “Сандалтай хэлэлцүүлэг”-ийг арваннэгдүгээр сарын 11-18-ны өдрүүдэд өдөр бүр 14:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсноо мэдээллээ.
Тэрбээр уг хэлэлцүүлгийн зорилго, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ жагсаал, цуглаанаар дамжуулан зөвхөн улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахыг шаардахаас илүүтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг бодитоор шийдвэрлэх тогтолцоог бий болгох шаардлагатайг онцоллоо.
Ц.Отгонбаяр “Иргэд ярьж байна. Жагсаал, цуглаан ч олон боллоо. Гэвч бодит үр дүн алга. Гарц, шийдэл эрэлхийлэхээсээ илүү ‘Огцор’, ‘Тар’ гэж хашхирдаг болсон. Түүнчлэн жагсаал, цуглааныг улс төрчид, намууд, олигархууд нэг нэгнийхээ эсрэг ашиглах хэрэгсэл болгож байна. Бүр нүүрсний хулгайтай холбоотой олон их наяд төгрөгөөс жагсаал, цуглаанд зарцуулсан байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн ярив.
Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээс эш татан, 2019 оноос 2025 оны эхний найман сар хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт 1364 жагсаал, цуглаан бүртгэгдсэний 1198 нь Улаанбаатар хотод болсон гэдгийг дурдлаа.
Үүнтэй холбогдуулан “Эдгээр жагсаал, цуглаанаар ямар шаардлага тавьж, хэд нь биелсэн бэ? Улс орны хэмжээнд ямар өөрчлөлт гарч, иргэдийн амьдралд ямар бодит үр дүн авчирсан бэ гэдгийг эргэцүүлэх цаг болсон. Монголд жагсаалын дараа улс төрийн албан тушаалтнууд огцорч байсан тохиолдол бий. Гэвч иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Иргэд жагсаж, шаардлага тавьдаг. Төр тодорхой арга хэмжээ авдаг. Гэтэл яагаад өнөөх асуудлууд дахин дахин давтагдсаар байна вэ” хэмээн асуулт дэвшүүлэв.
Мөн тэрбээр хууль ёсны хүрээнд албан тушаалтныг огцруулахыг шаардах, улс төрийн хариуцлага нэхэхийг үгүйсгэхгүй ч шаардлага бүрийн цаана бодит шийдэл, хэрэгжүүлэх механизм байх ёстойг тодотголоо.
Ц.Отгонбаяр цааш нь “Дуугүй суусаар залхлаа. Гэхдээ дуугарахад учир бий. ‘Сандалтай хэлэлцүүлэг’-ийн гол зорилго нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, бодит шийдэлд хүрэх тогтолцоог хөгжүүлэхэд оршино.
Иргэдийн тавьсан шаардлага бүр тодорхой шийдэлтэй, хэрэгжүүлэх эзэнтэй, хугацаатай, хяналтын механизмтай байх ёстой. Иргэдийн дуу хоолой бодит шийдвэрт хүрдэг болох хэрэгтэй.
Бид шүүмжлэлээс шийдэл рүү, шаардлагаас үр дүн рүү шилжихийг зорьж байна. Гол нь олон хүн цуглуулахдаа биш, цөөхүүлээ байсан ч иргэд асуудлаа шийдвэрлүүлж чаддаг механизм бий болгох нь чухал.
‘Сандалтай хэлэлцүүлэг’-ийг хүмүүс ээлжит нэг жагсаал, цуглаан гэж харах бус, асуудлаа нээлттэй ярилцаж, судалж, гарц шийдэл эрэлхийлэх шинэ хэлбэрийн иргэний оролцоо гэж ойлгон дэмжээсэй гэж хүсэж байна” гэлээ.
М.Чой
Даваа - 11 сарын 09,
2026
Сэтгэгдэл0