БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын үеэр арваннэгдүгээр сарын 5-нд “Дэлхийн нээлттэй байдлын тайлан 2026”-ыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү тайланг зургаа дахь жилдээ дараалан нийтэлж байна.
Тайланд дурдсанаар, 2025 онд дэлхийн нээлттэй байдлын индекс сүүлийн арав орчим жилийн хугацаанд хамгийн огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин шинээр хөгжиж буй болон хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын нээлттэй байдлын индекс өмнөх оныхоос өссөн байна. Түүнчлэн Хятад улс эдийн засгийн нээлттэй байдлын түвшнээрээ хөгжиж буй орнуудын тэргүүлэх эгнээнд байр сууриа хадгалсаар байгааг тайланд онцолжээ.
Тайланг танилцуулах арга хэмжээ болон олон улсын эрдэм шинжилгээний хурал Шанхай хотын Үндэсний үзэсгэлэн, хурлын төвд болж, олон улсын байгууллагын төлөөлөгчид, төрийн албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарын удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцсон байна.
Дэлхийн эдийн засагт улс орнуудын харилцан итгэлцэл суларч, хөгжлийн боломжийн тэгш бус байдал зэрэг сорилт тулгарч буй энэ үед оролцогчид олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, улс орнуудын тэгш оролцоог хангасан нээлттэй эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ.
Г.Бямба
Баасан - 11 сарын 06,
2026
Сэтгэгдэл0