sonin.mn

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский арваннэгдүгээр сарын 8-ны орой мэдэгдэхдээ, Оросын цэргүүд Херсон мужид бие бүрэлдэхүүн, техник хэрэгслээ өргөн хүрээнд сэлгэн байрлуулж, нэмэлт хүч илгээж байгаатай холбогдуулан нутгийн иргэдийг хамгаалах цаашдын арга хэмжээний санал боловсруулахыг цэргийнхэндээ үүрэг болгосноо хэлжээ.


Тэрбээр мөн өдөр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, мужуудын удирдлагатай уулзаж, орон нутгийн нөхцөл байдал, ялангуяа фронт болон хилийн бүсийн мужуудад тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл сонссоноо дурдсан байна.



Зеленскийн мэдэгдсэнээр, Оросын цэргүүд Олешки хот дахь хүмүүнлэгийн ажиллагааг халхавч болгон ашиглаж, Херсон мужийн Днепр мөрний зүүн эрэгт өөрсдийн хяналтад буй бүсэд бие бүрэлдэхүүн, техник хэрэгслээ өргөн хүрээнд сэлгэн байрлуулжээ.



Түүнчлэн Олешки болон түүний ойр орчимд нэмэлт хүч илгээсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Сүүлийн үед Украины хэд хэдэн хэвлэл Оросын цэргүүд Херсон мужид “ер бусын” шилжилт хөдөлгөөн хийж байгаа талаар мэдээлжээ.


Мөн Зеленский Оросын цэргийн довтолгоог сөрөх зорилгоор Сумы мужид байрлаж буй Украины цэргүүдэд байлдааны тодорхой үүрэг өгснөө мэдэгдсэн байна.


М.Чой