ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 1 /DW/. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын засгийн газар Канад, Мексикийн бараанд 25 хувийн, Хятадын бараанд нэмэлт 10 хувийн татвар ногдуулж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт баасан гарагт мэдэгджээ.Үүнээс өмнөхөн Ройтерс агентлаг мэдээлэхдээ, Ерөнхийлөгч Трамп татвар ногдуулах хугацааг гуравдугаар сарын 1 болгож хойшлуулсан гэж байсан боловч үүнийг “ташаа мэдээлэл” гэдгийг К.Ливитт дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр хэрэгжих нь тодорхой болсны дараа буюу баасан гаргийн арилжааны явцад S&P 500 индекс 0,5 хувиар, Nasdaq composite индекс 0,3 хувиар, Dow Jones Industrial Average индекс 0,8 хувиар тус тус буурлаа.
Ерөнхийлөгч Д.Трамп хөрш орнуудынхаа бараанд татвар ногдуулж буйг тайлбарлахдаа, АНУ-д нэвтэрч буй хууль бус цагаачдын урсгалыг Мексик улс зогсоох ёстой, харин Канад улс фентанил зэрэг хар тамхийг АНУ-д нууцаар нэвтрүүлж буйг зогсоох ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан юм.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэхдээ, Вашингтоны ногдуулсан татварын хариуд “хүчтэй бөгөөд ухаалаг” хариу арга хэмжээ авна гээд, хүнд хэцүү цаг үед бэлтгэлтэй байхыг канадчуудад уриалсан байна. Блүүмбэрг агентлагийн мэдээлснээр, Канадын тал Америкийн 105 тэрбум долларын бараанд татвар ногдуулахаар жагсаалтыг бэлтгэсэн ажээ. Мөн Канадын Гадаад харилцааны сайд Мелани Жоли АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хэлэлцээ хийснийхээ дараа Канадын тал хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүрснийг анхааруулан мэдэгдсэн байна.
Түүнчлэн Мексик улс хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь “ихээхэн сүйтгэл дагуулах худалдааны дайнд хүргэж болзошгүй” гэж The Guardian сонинд бичжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
ZOV
Tsarailag baival undur alban tushaald ochdog uls zuvhun MGL gej bodson chin bas buruum baina.
Хятадын бараанд татварын оногдуулах удирдагч Монголд байхгүй нь харамсалтай.