Эх оронч сэтгэлгээ бол хувь хүн, эсвэл бүлэг хүмүүс төрж өссөн газар нутгаа эцэг эх шигээ дээдэлж, эх орныхоо хөгжил, тусгаар тогтнол, соёл, уламжлал, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх, хамгаалах, хөгжүүлэх, хөдөлмөрлөх, оюун санаа, сэтгэлгээний хүсэл тэмүүлэлтэй байхыг хэлдэг билээ. Гэвч орчин үеийн зарим залууст эх оронч сэтгэлгээний талаар ойлголт дутмаг байгаа нь нэгэн жишээнээс харагдаж байна. Миний бие өнгөрсөн долоо хоногт номын нэгэн клубт очиж, уншсан номынхоо талаар үеийн залуустайгаа ярилцлаа.Тэнд цугларсан залуус бүгд өөрсдийн уншсан номоо ярьж, төрсөн сэтгэгдлээ бусдадаа хуваалцаж, үнэлгээ өгөв.
Тус номын клубт ирсэн ихэнх залуус зөвхөн англи болон япон хэл дээр ном уншсан байх бөгөөд энэ шалтгаанаа "Монгол хэл дээр ном уншихад хүндрэлтэй байдаг, ойлгодоггүй” хэмээн тайлбарлав.
Орчин үеийн залуус гадаад хэл дээр ном уншиж, өөрийн хэлний мэдлэгээ сайжруулж, гадаадын соёл, хөгжилтэй танилцаж байгаа нь сайшаалтай ч эх хэл дээрээ ном уншихгүй, уншсан ч ойлгохгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Орчин үеийн залуус дунд гадаад л сайхан, тэнд л сайхан амьдрал буй хэмээх сэтгэлгээ түгээмэл болж, бараг бүгд л хилийн чанад руу тэмүүлэх болсон.
Жишээ нь, 2019 онд Гадаад хэргийн яамны Консулын газрын мэдээлснээр өдгөө дэлхийн 75 улсад Монголын 144 мянган иргэн амьдарч байна. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй иргэд юм. Харин албан бусаар буюу “хараар” ажиллаж буй хүний тоо 200 мянгаас хол давжээ.
Тэднийг насны ангиллаар авч үзвэл 18-49 насныхан хамгийн өндөр хувьтай байгаа аж. Залуусын ийнхүү гадаадад амьдрах болсонд манай орны эдийн засаг, хүрээлэн буй орчин нөлөөлж байгаа нь мэдээж. Гэвч орчин үеийн зарим залууст эх орноо хайрлах, хөгжүүлэх талаар ямар ч бодол сэтгэл алга. Тэр ч байтугай эх орондоо амьдарч буй залуус ч монгол хэл, соёлоосоо татгалзаж эсрэгээрээ гадаадаар сэтгэж, бодож буй явдал нь үнэхээр харамсалтай.
Монгол хэл, соёлын талаар Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж нэгэнтээ “Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян, Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал, хэн эмгэнэлтэй, Монгол эмгэнэлтэй!” хэмээсэн нь угтаа бол монгол хэл, яриа, сэтгэлгээ бид бүхний үүрд мөнх бат оршихын үндэс юм.
Гэвч орчин үеийн залуус өөрсдийн улс орны бус гаднын соёл, уламжлалд татагдаж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын хамгийн гол дайсан болж байна. Монгол Улсад амьдардаг байлаа гээд монгол хүн болчихгүй, харин эх орноо хайрлаж, хөгжүүлэх чин эрмэлзэлтэй хүн байж гэмээ нь “Би монгол хүн” гэж омогшмоор. Иргэн байхгүй бол улс үгүй, улс үгүй бол иргэн үгүй билээ.
О.ДАШНЯМ
Эх сурвалж: "Соёмбо"сонин
Сэтгэгдэл6
Харин ийм болж хүмүүжсэн залуус олон болж байгаа нь монголын эмгэнэл юмдаа
О дашням аа,,,,,эмээ ууцан байдаа,,,,
үнэнийг хэлэхэд монгол хэлээр бичсэн техникийн, тэр тусмаа машин үйлдвэрлэлийн талаарх ном, сэтгүүл, эсвэл мэдээлэл огт байдаггүй, тиймээс гадаад хэлээр бичсэнийг унших нь зайлшгүй. Эмзэглээд байх юм байхгүй ээ,
Англиар уншдаг залуучууд ундэсний бичиг бол бур байхгүй байгаа даа Бантан болох юм байна даа Дунд сурруулийн монгол хэл уран зокиолынн хичээлийн хотолборийг чанартай болгох хэрэгтэй
Дээрэмчин Америкийн суртал ухуулага хайран сайхан залуучуудыг минь 30 гаруй жил хордууллаа.
МАН Ы ХУЛГАЙЧУУД ОЛОН ЖИЛ ХУЛГАЙ ХИЙЖ ЗАЛУУСЫН СЭТГЭЛИЙГ БООГДУУЛСАН ЯГ СОЦ НИЙГЭМ МАЯГИЙН АРГААР. БУШУУХАН ТАРААХ ӨӨР АРГА АЛГА