sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн түрүү, улсын Шонхор Р.Омарыг урилаа.


 


-Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд түрүүлж “Улсын Шонхор” цолыг хүртсэнд тань баяр хүргэе. Тухайн үеийнхээ мэдрэмж сэтгэгдлийг бидэнтэй хуваалцаач?


-Төрийнхөө их баяр наадамд түрүүлээд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн индэрт гараад Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө шагнал авах сайхан байдаг юм билээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд баярлаж байсан ч улсын наадамд түрүүлээд илүү их огшсон.

Үзүүр түрүүний барилдаан дээр давчхаад үнэхээр их баярласан. Яг тухайн үед бол өөртөө итгэж өгөхгүй байлаа. Гайхаад бүр өөрийгөө чимхэж хүртэл үзсэн дээ. Тэгээд л итгэсэн.


-Тэгвэл таны барилдаж эхэлсэн түүхээр яриагаа үргэлжлүүлье. Бөхийн спортыг сонгоход нөлөөлсөн хүн бий юу?


-Анх таван настайгаасаа үндэсний бөх, жүдогоор барилдаж эхэлсэн. Багаасаа л барилдах, ноцолдох дуртай хүүхэд байлаа. Миний өвөө Б.Дурнай гэж аймгийн начин цолтой хүн бий. Тиймээс өвөөгөө дагаж үндэсний бөхийг сонирхож, хичээллэсэн. Тэгээд Ю.Гомбосүрэн багштайгаа анхны бэлтгэлээ хийж, бөхийн зам руу эргэлт буцалтгүй орсон байна.



-Энэ жилийн наадмын бэлтгэлээ ямар дэвжээн дээр базаав?


-Энэ жил “Өлгийн хүчтэн” дэвжээ дээр гараад Монгол Улсын Заан Б.Серык ах дээрээ бэлтгэл сургуулилтаа базаасан. Ах нараасаа их зүйлийг сурч, мэдсэн сайхан үр өгөөжтэй бэлтгэл болсон.


-Наадам бүрийн даваа сургамж, дурсамжтай байдаг болов уу. Бөхчүүдийн хэлдгээр “үзээтэй” буюу хамгийн хүч, ур ухаан шаардсан барилдааныхаа тухай хуваалцвал?


-Миний хувьд хэд хэдэн наадмуудад барилдахдаа цөөнгүй хүнд барилдаануудыг хийж байсан. Харин хамгийн үзээтэй нь энэ жилийн улсын баяр наадмыг хэлнэ. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат залуу бөх Э.Тэмүүлэнтэй барилдсан үзүүр түрүүний барилдаан байна.


-Өөрийн чинь хувьд самбо бөхөөр мөн барилддаг. Самбо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Гаргасан амжилтуудаасаа дурдвал?


-Хоёр жилийн өмнө буюу 14 настайгаасаа Нийслэлийн ерөнхий боловсролын Мон-Алтиус ахлах сургуулийн жүдо бөхийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, аймгийн хурц арслан Х.Цагаанбаатар багш дээрээ бэлтгэл хийж тэмцээнд орж байсан. Ийнхүү Өсвөрийн УАШТ хошой аварга, 2025 оны Монголын хүүхдийн спортын зуны VIII их наадмаас хүрэл медаль аваад байна.

Одоогийн энэ амжилтад минь багш нарын маань ач тус их бий. Ю.Гомбосүрэн, Х.Цагаанбаатар багш нар болон Б.Серык ахаасаа их юм сурч байгаа.

Цаашид чөлөөт бөхөөр бас хичээллэх төлөвлөгөө бий.


-Чөлөөт бөхөөр хичээллэх нь таны барилдаанд ямар давуу талтай вэ?


-Чөлөөт бөх нь хөл авч барилддаг онцлогтой. Барилдаан, мэхний хувьд үндэсний бөхтэй ойролцоо гэж болно. Тиймээс чөлөөтөөр хичээллэвэл хөлд сайн орж сурахаас гадна хурд, тэсрэлт сайжрах болов уу гэж бодож байгаа. Жишээ нь, миний хонгодох, давхар хамах, хөнтрөх мэхэнд илүү түлхэц болж өгөх байх. Би барилдааны явц, авсан барьцаасаа хамаараад тохиромжтой мэхээ хийдэг.


-Таны хувьд кураш бөхийн өсвөрийн улсын аварга болж байсан. Энэ бөхийн төрлөөрөө цаашид барилдах сонирхол бий юу. Кураш бөхийн онцлог юу вэ?


-Тийм ээ. Барилдана гэж боддог. Оноо, дүрмийн хувьд л жаахан ялгаатай болохоос кураш бөх барилдааны хувьд жүдо бөхтэй их адилхан. Хэвтээ барилдаанд орж зууралдахгүй, дан босоогоос барилддаг. Харин бүстэй бөх бол их амар. Золгооноос барилдаан эхэлдэг. Бүснээс гурван удаа тавивал хожигдоно. Нуруугаар нь унагаж оноо авдаг. Бөхийн төрлүүд хоорондоо ер нь адилхан байдаг. Багахан дүрмийн зөрүүтэй болохоос бүгд л хурд, хүч, ур чадвар шаарддаг.


-Залуу тамирчны хувьд эдгээр спортынхоо төрөл бүрээр илүү их амжилт гаргахыг зорьж байгаа болов уу?


-Үндэсний бөхөөрөө сайхан барилдаад улсын цолонд хүрэх юм сан гэж боддог. Авсан цолондоо дүүрэн сайхан барилдаж явахыг хүсдэг. Харин их спортын төрлүүдээрээ олон улс, тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж аварга нь болохыг мөрөөддөг. Зорилгынхоо төлөө хичээх болно.

Намайг үргэлж тусалж дэмжиж байдаг аав ээж, багш дасгалжуулагчдаа болон “Гантиг Өргөө ХХК” хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.


-Үлгэр дуурайлал авч, хүндэлж, дээдэлж явдаг бөх бий юу?


-Би улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Серык, аймгийн арслан М.Баасанжав гээд олон сайхан ах нарыгаа харж, үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг. Энэ хүмүүсийн жудаг, уран гоё барилдаан, биеэ зөв авч яваа байдал нь надад их таалагддаг.


Х.ХАТАНЗОРИГ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин