sonin.mn

Долдугаар сарын 28-29-ны өдрүүдэд, Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нартай Шведийн Стокгольм хотноо Хятад Америкийн худалдааны хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа, макро эдийн засгийн бодлого зэрэг хоёр талын хамтаар сонирхож буй худалдааны асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч яриа өрнүүлж, Хятад-Америкийн Женевийн худалдааны хэлэлцээний үеэр тохиролцсон нийтлэг ойлголт, Лондонгийн хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг хамтдаа ярилцан дүгнэжээ. Хэлэлцээний үеэр тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, АНУ-ын түр зогсоосон 24 хувийн харилцан тэгш татвар ногдуулах болон Хятадын хариу арга хэмжээг 90 хоногоор сунгах төлөвлөгөөг үргэлжлүүлэхээр болсон байна.


Хэ Лифэн хэлэхдээ, "Хятад, Америк хоёр талын худалдааны төлөөлөгчид хоёр орны төрийн тэргүүний зургадугаар сарын 5-нд утсаар тохиролцсон нийтлэг ойлголтын хүрээнд харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтдаа хожих, бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудлуудыг хүндэтгэн үзэх, улмаар нийтлэг ойлголтоо бэхжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Хятад улс АНУ-тай эдийн засаг, худалдааны харилцаагаа хөгжүүлэхийн тулд тууштай байр суурь баримталсаар ирсэн. Хятад, Америкийн худалдааны харилцааны гол мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих зарчимд тулгуурладаг. Хоёр тал өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах асар их орон зайтай, мөн хоёр орны хамтын ажиллагаа нь хоёр талд ашигтай бөгөөд дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд ч ач тустай юм. Дараачийн алхамд хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, Хятад Америкийн худалдааны зөвшилцлийн механизмын үүргийг бүрэн биелүүлж, нийтлэг ойлголтоо улам нэмэгдүүлэн, үл ойлголцлоо багасгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, яриа хэлэлцээ, зөвшилцлөө эрчимжүүлэн, хоёр талд ашигтай үр дүнд хүрэх нь зүйтэй гэжээ.


Америкийн төлөөлөгчийн тал хэлэхдээ, тогтвортой Америк-Хятадын худалдааны харилцаа нь зөвхөн манай хоёр улсад ашигтайгаар барахгүй дэлхийн эдийн засагт ч маш чухал ач холбогдолтой юм. Бид Хятадын талтай хамтран Америк-Хятадын худалдааны зөвшилцлийн механизмыг ашиглан эдийн засаг, худалдааны салбар дахь санал зөрөлдөөнөө эв дүйтэй зохицуулж, илүү үр дүнтэй хамтын ажиллагаанд хүрч, хоёр орны худалдааны харилцааг тогтвортой байдалд хүргэхийг зорьж байна гэсэн байна.


Г.Бямба