“Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг монголчууд бидэн шиг ийм баялаг түүхтэй ард түмэн зохион явуулахгүй бол өөр хэн зохиох билээ” хэмээн ярих тийм л омог дүүрэн найрагчийн шүлгүүдийг оюун мэлмийдээ шингээж яваадаа та бид туйлын ихээр талархах хэрэгтэй.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нь “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын хамгийн анхны тэргүүн байрыг 1989 онд хүртэж, түүнээс хойш мөн л хэдэнтээ тэргүүлсэн байдаг.
Харин энэ удаа 1999 оны тэргүүн шүлгийнх нь тухай хэсэгхэн дурсамж дэлгэж тус яруу найргийн наадмын талаарх сэтгэгдлийг сонссоноо тоймлон буулгая. “1999 онд Монголын зохиолчдын эвлэлийн 70 жилийн түүхт ой тохиосныг тод санаж байна. “Эх орны цэрэг" яруу найргийн наадмын тайзнаа шинэхэн шүлгээ уншихаар догдлон байх үест яг л уяа таарсан хүлэг шиг сэтгэл тогтож ядан байсан сан. Хэзээнээсээ л алтан мөрдэст нөхөд, эх орныхоо тухай шүлэглэсээр ирсэн миний “Жанжин Дэмидийн тарьсан мод”, “Цэрэг төрөхийн шүлэг” зэрэг шүлгүүд зөвхөн “Эх орны цэрэг” наадмын тайзнаас түмний сонорт хүрсэн байдаг.
“Болор цом”-ын хойноос эрэмбэлэгдэх эл наадамд шүлгээ дуудаж явснаас гадна таван ч удаа шүүгчээр суусан нь мөн л асар их хүндлэл, хариуцлага хүлээсэн явдал байлаа.
Түүнчлэн нэгэн зүйлийг бахархан дурдахад наадмын хойморт жанжин тугийг залахаар хүндэт харуулын салаа сүр жавхлантайгаар орж ирэхийг харсан хэн бүхний цөс хөөрч нүдний гал бадардаг юм даа. Мэдээж цэрэг эх орны магтууг хөх тэнгэрт сонсогдтол дуудах олон найрагчийн тэргүүн магнайг мялааж 1945 оны байлдааны сэлмийг дурсгал болгон хадгалуулдгаараа онцлог. 1999 онд авсан тэрхүү сэлэм надад өдгөө ч байгаа нь үнэт дурсгалуудын минь нэг болжээ. Миний хувьд эрийн цээнд хүрч эх орондоо тангараг өргөж, Барилгын цэргийн 158 дугаар ангид алба хааж явснаараа үргэлжид бахархаж явдаг олон аавын үрсийн нэг юм аа.”
ЦЭРЭГ ТӨРӨХИЙН ШҮЛЭГ
Цэрэг хүн
Цэцэгнээс мэндэлж төрөөгүй
Зэрэгц! командтай жагсаал шиг
Зэрэглээн дундаас ирээгүй
Ээж, аав хоёр л
Эр цэргийг элбэж зурдаг юм
Сүүдэр, гэрэл хоёр дээр
Сүү, цус хоёроор зурдаг юм
Наранд залбирсан аав
Нанчид сэржимдэн хүү гуйж хүлээдэг юм
Сүлдэнд залбирсан ээж
Сүү өргөн хүү гуйж хүлээдэг юм
Галын дөлтэй ширмэл дээр
Гарын зөвтэй шагай орхиж хүлээдэг юм
Гандахын жамтай ширгэн дээр
Гаригийн энтэй судар дэлгэж хүлээдэг юм
Шуумал бурханд мишээл тодрох цагаар
Шувуун сүүдэр тооноор орох үеэр
Хилийн хайч эргэх эр хүн
Хийморийн хүлэгтэйгээ ирэхэд
Зовлон норгож дийлэхгүй аав
Зовхи чийгтэй тосоход
Улсаа батлах цэрэг төрлөө гэж
Уулс хүртэл баярладаг юм билээ.
Зээрэн бор толгод өндөлзөн
Зээгт буурал тэнгэрт даатгадаг билээ
Зэрэглээ хөллөж тал хатиран
Зэргэлдээ мянган уулст дуулгадаг билээ
Есөн зоосны мэргэнд заяа нь зөв
Ерөөл буяны тэнгэрт хаяа нь зөв
Улсаа бадруулж дүү ирсээр л байна
Уулсаа баярлуулж хүү төрсөөр л байна
Туульсаа баяжуулж баатар гарсаар л байна
Тугаа бахдуулж цэрэг төрсөөр л байна
Жанжид төрөхийн заяатай эх орон минь
Жагсаалын бор цэрэгтээ хайртай юм
Төрөхөд нь солонго мишээж тосдог юм
Төгсөхөд нь Соёмбо уйлж үддэг юм
Эх сурвалж: "Соёмбо"сонин
Сэтгэгдэл0