sonin.mn

Тусгаар тогтносон, бие даасан хараат бус бодлоготой, чөлөөт ардчилсан төрийн тогтолцоотой, дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэй нийгэм бүхий өнөөгийн Монгол улс энэ статус квотой болохын тулд ХХ зуунд гурван том хувьсгал дамжсан юм. Энэ бол 1911, 1921, 1990 онд болсон үйл явдал билээ. Төрийн байгууламж, бүтэц үндсээрээ гэнэт солигдохыг хувьсгал гэнэ. Тайван ба зэвсэгт тэмцэл аль нь ч байж болно. Голдуу тусгаар тогтнолтой зэрэгцдэг. Бас гаднаас хараат вассал, хагас колони тогтоцоос салах ч орно. Харин Монголын гурван хувьсгалын алин ч ард түмний дотор биентэйгээ харгалдсан зэвсэгт тэмцлээр эхлээгүй юм. Гурван хувьсгал бүгд Монгол төрийн дотоод зохицол, харилцан буулт, нийгмийн тодорхой хэсгийн дэмжлэгтэйгээр гараагаа авсан.



1911 оны үйлс бол тусгаар тогтнолоо сэргээсэн хувьсгал байлаа. Манжийн эрхшээлээс гарсан гэж түүхэн утгаар нь алдаатай нэрэлдэг. Үнэндээ нийт Хятад болон Монголыг эрхшээж байсан манж нарын Манж Чин улс унаж, “эрхшээгч” өөрөө үгүй болсон учир, монголчууд түүхийн энэ эгзэгтэй үеийг ашиглан өөрийн туурга тусгаар улсаа тунхаглан заралсан билээ. 


Нийгэм улс төрийн эгзэгтэй, хямралтай үе үүнийг даван туулах өөрийн баатруудыг төрүүлдэг. Цагаа олж төрсөн цөөн тооны тэдгээр хүмүүс бусдыгаа уриалан дуудаж бэрхшээлийг даван туулдаг. 1911 онд тэгэж тодрон улс орноо аварсан гурван том хошуучлагч байсан нь Богд Жавзандамба, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн гурав байсан юм. Хэрэв энэ гурав хошуучлаагүй бол түүх хаашаа эргэх байсныг хэлж мэдэхгүй. Дагалдагч олны дотор янз бүрийн бодол зорилготой хүн цөөнгүй байсан нь хожим нь илэрхий болсон. Яаж ч үгүйсгээд теократ улс хамжлагыг халж, шашин төрийг тусгаарлан, Үндсэн хуульт хаант улс болсон болохоор 1921 онд гараагаа авсан үйлс яах аргагүй хувьсгал мөн. Мэдээж энэ хувьсгалыг санаачлагч, хэрэгжүүлэгч болоод цаг үеийн ороо бусгаа байдал их нөлөө үзүүлсэн ч хувьсгалын үр дүн Монгол орны тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх чиглэл рүү хөтөлсөн. Хувьсгалыг хошуучлагч Элбэг Доржоевич Ринчино, Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Сангийн сайд Солийн Данзан нар. Сонирхолтой нь бүгд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монголын төлөө боловч тус бүр өөрийн тусдаа бодол санаа, арга чиглэлтэй энэ гурван хүний хоорондын тэмцэл маргаан цааш цаашдийн төлөвшлийн эх хар зургийг гаргаж ирсэн билээ.


1990 оны үйл явдал бол ардчилсан төрийн тогтолцоотой, нээлттэй нийгэм бүхий бие дааж хүлээн зөвшөөрөгдсөн чөлөөт орон болж өөрчлөгдсөн тусгаар тогтнолын төлөөх зуун жилийн тэмцлийн сүүлчийн хувьсгал байлаа. Наяад оны сүүлчээр коммунист дэглэм сүүлчийн амьсгалдаа орсон нь сохор дүлий хүнд ч ойлгомжтой болсон.


Румынд Чаушескуг эхнэрийнх нь хамт буудан хороолоо. Бээжинд босогч оюутнууд төв талбайгаа эзлэн авав. Берлиний хана нурлаа. Польш, Унгар, Чехословакт коммунист засаг унав. ЗХУ-д энд тэндгүй үндэстэн хоорондын ил цагаан байлдаан эхлэв. Хичнээн социалист коммунист итгэл үнэмшилтэй байсан ч Монгол төрийн удирдлагад байсан хүмүүс эх орны өмнө хариуцлага хүлээсний хувьд энэ хүнд байдлаас хэрхэн гарах аргаа хайхаас өөр гарцгүй болсон юм. Хамгийн гол нь Хятадын гэх аюулаас Монголыг хамгаалж байна хэмээн 20 гаруй жилд Монголд байралсан зөвлөлтийн 100 мянган цэрэг 1988 оноос Монголоос гарч одов. Зөвлөлтийн “хамгаалалт” үгүй болж байгааг Монголын удирдлага зурагтын мэдээнээс, Горбачёвын үгнээс анхлан олж сонссон нь мөнөөх “мөнхийн найрамдлын” мөн чанарыг харуулжээ. Зөвлөлт гүрэн хямралын ирмэгт тулан туйлдсанаар Монголд өгдөг зээл байтугай бараа нийлүүлэлт нь зогсов. Балгасан дунд үлдэж хоцорч буй Монгол орон! 1990 оны 3-р сарын эхээр шинээр төрсөн, гудамжны жагсаал цуглаан хийхээс цааш эрх мэдэлгүй Ардчилсан хүчний шаардлагаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ бол хэтэрхий хялбаршуулсан гэнэн тайлбар юм. Огцрох саналыг эрх барих МАХН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх гаргаж, бусад гишүүдээ уриалсан төдийгүй шахамдан шаардсан. Тэрээр айсандаа, хариуцлагаас зугтах гэсэндээ, учраа олоогүйдээ ийм шийдвэр гаргаагүй, энэ бол удтал бодож гаргасан түүний ухамсартай шийдвэр байсан юм. Улс төрийн товчоо хэмээх нь ард түмнээс сонгогдоогүй 9 хүн олон жилийн турш Монгол оронд төрийн эрх бүрэн атгаж байлаа. Үнэн хэрэгтээ энэ нь төрийн, шүүхийн, засгийн газрын, орон нутгийн бүх эрх мэдлийг нэг гарт зангидан атгасан хязгааргүй эрх мэдэлт засаглал байсан. Шинэ төрсөн хүүхэд байтугай, нялх төл хүртэл төр засагт бүртгэлтэй атал МАХН, түүний удирдах бүлэглэл болох Намын төв хороо, Улс төрийн товчоо бараг 70 жилийн турш оршин байгаагаа хуульчлан бүртгүүлээгүй байгууллага.


Төрийн эрх мэдлийг намаас төрд нь хүлээлгэж өгөх ёстой гэж Батмөнх ойлгосон хэрэг. Энэ бол түүний итгэл үнэмшил байсан. Тэрээр Улс төрийн гишүүдээс огцорсныхоо дараа эргэж төрийн ажилд оролцохгүй, сонгогдохгүй, тэр чигээрээ “гавъяаныхаа амралтад” нэг мөсөн гарах амлалт авахуулж байсан.


Үүнээс өмнө ч тэрээр Монголын нам төрийн удирдагчаар ажилласан 6 жилдээ бага багаар олон чухал өөрчлөлт хийж чадсан юм. Тэрээр энэ хооронд 30 жил дайсагналцсан өмнөд хөрштэй харьцаагаа хэвийн болгосон. Хятадтай харилцах харилцаанд тодорхой үр дүн авчирснаар хоёр талын төлөөлөгчид 1987 онд Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулсан. Мөн Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. 1988 онд хувиараа хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн нөхөрлөл байгуулахыг иргэдэд зөвшөөрлөө. Залгуулаад өргөн хэрэглээний бараа, хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тэрчлэн гуанз, тээвэр мэтийн хүн амд шаардлагатай ахуйн үйлчилгээг ерөнхийд нь хувийн хэвшлийнхэн эрхлэх ажил хэмээн тодорхойллоо. Энэ бол Цэдэнбалын хичээнгүйлэн байгуулж босгосон монгол социализмын нуралтын эхлэл байсан юм. Цааш нь бүр ч үнэмшимгүй “перестройка” “гласность” боллоо, юу гэвэл МАХН-ын УТТ-аас 1988 онд Хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгачих нь тэр! Ингээд олон нийт үзэл бодлоо ил цагаан илэрхийлж болох болов. Тал нутаг хүний гурван үе үргэлжилсэн гүн нойрноосоо сэрлээ. Жамбын Батмөнх бол яах аргагүй эгзэгтэй хямралын үед цагаа олж төрсөн шинэчлэгч, хошуучлагч мөн. Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээ огцорсноор нэг намын удирдах бүрэлдэхүүн төр улсын бүх эрх мэдлийг дангаараа өмчилж байсан явдал зогсож, төрийн эрх мэдэл албан ёсоор “төр” гэж нэрлэгдэж байсан төрийн инстүүцэд шилжлээ.


Улс төрийн товчоо шинэчлэгдэж цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнээр дахин амилсан боловч энэ цагаас төрийг биш, өөрийн төрлөх улс төрийн намынхаа удирдах бүрэлдэхүүн болон тогтсон билээ. 


Эрх мэдэл төрд шилжсэн ч чухам аль нь төр, эрх мэдэлтэй болохоороо яах ёстойг хэн хүнгүй ойлгохгүй байлаа. Чухам энэ үед цаг үе бас нэгэн хошуучлагчийг төрүүлсэн нь хуульч Бираагийн Чимид байлаа. Төр бол өөр өөрийн хариуцлага, эрх мэдэл бүхий бие даасан хууль тогтоох, гүйцэтгэн засаглах, шүүн таслах инстүүцүүдээс бүрдэнэ гэсэн зарчмыг баримтлан үүнийг бусдад ойлгуулах төдийгүй хуульчлан тогтоохоор шургуу ажиллаж эхэлсэн юм. Хууль тогтоох формал үүрэгтэй боловч энэ үүргээ бараг хэзээ ч гүйцэтгэж чадаагүй өдий хүрсэн, 430 гишүүнээс бүрдсэн Ардын их хурал Чимидийн боловсруулсан санаачлагыг хуульчлах ёстой. 1990 оны 5-р сард болсон Ардын их хурлын чуулганаар 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулав. 1960 оны Үндсэн хуулийг АИХ инстүүцийнхээ хувьд анх удаа авч хэлэлцэж буй нь энэ. Гурав дугаар Үндсэн хууль гэгддэг уг баримтыг тухайн үеийн АИХ хэлэлцэж байтал Цэдэнбал зарим засвар оруулна гэж аваад тэр чигээрээ мартжээ. Иймээс энэ нь үнэн чанартаа батлах ёстой инстүүцээрээ ороогүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр биш эд. АИХ-ын чуулганаар МАХН-ыг нийгмийг удирдан чиглүүлэх үүргээс нь салгаж, Монгол орон социализм байгуулах тухай хэсгийг хуулиас хасав. Олон намын тогтолцоог төрийн байгууламжийн үндэс болгож тэрийгээ ард түмний чөлөөт сонгуулиар тодруулж байхаар шийдлээ. 400 гаруй гишүүнтэй АИХ-д шинэ төрсөн ардчилсан хүчний ганц ч төлөөлөгч байгаагүй. Гэвч маргаантай боловч гишүүд чөлөөт нийгмийн тогтолцоог зөвшөөрөн тунхагласан билээ. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт нь хожим 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн суурь болж өгсөн юм. Тэр утгаараа энэ өөрчлөлт 1992 оны Үндсэн хуулиас ч ач холбогдлын хувьд илүү, нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилсөн бичиг баримт байлаа. Чухам энэ л Монголын ХХ зууны түүхэн дахь гурав дахь аугаа хувьсгал байсан юм.


1990 оны 7-р сард хуучин, шинэ улс төрийн намууд оролцсон Монголын түүхэн дахь хамгийн анхны чөлөөт сонгууль боллоо. Сонгуулиар МАХН нийт саналын 80% гаруйг авснаар тус нам нийгмийн өмнө голлох хариуцлага хүлээхээр болсон юм.


Удалгүй мөн оны 9-р сард шинээр эмхлэн байгуулагдсан АИХ чуулж байнгын ажиллагаатай парламент байгуулж, Засгийн газрыг шинээр томиллоо. Чуулганаас Монгол улсын Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг сонгосон юм. Хувьсгалаар бий болсон шинэ төрийн ачааны дийлэнх нь ингэж энэ хүний нуруунд тавигдсан билээ. Нийгмийн тогтолцоо, үзэл суртал, эдийн засгийн бүтэц, гадаад харилцаа бүгд нэгэн зэрэг огцом өөрчлөгдсөн энэ үе тун хүнд хэцүү цаг үе байсан. Нийт Үндэсний бүтээгдэхүүнийхээ 70%-ийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг, гадаад худалдааныхаа 92%-ийг ЗХУ-тай хийдэг, дан ганц орноос бүрэн хамааралтай, тэр орныхоо мал аж ахуйн бүтээгдэхүүний баазын үүрэг гүйцэтгэдэг, дэлхийн хамгийн хоцрогдсон орны нэг болсон Монгол орон “тэжээгчээ” гэнэт алдсанаар үнсэнд хаягдсан шалз шиг болов. Өргөн хэрэглээний бараа байтугай махнаас өөр идэх хоолгүй болов. Авууштай нь мөн үед гэнэтийн шилжилт хийсэн дэлхийн 40 оронтой харьцуулахад монголчууд малын буянаар өлсгөлөнд нэрвэгдээгүй юм.


Шинэ “тэжээгч” бушуухан олж энэ хүндрэлээс яаралтай гарах зайлшгүй шаардлага тулгарлаа. Гэтэл хүний гурван үеийн турш ертөнцөөс таслагдсан монголчууд хорвоо яаж өөрчлөгдсөн, нийгмийн харилцаа нь ямархуу болсон, хөгжил дэвшил гэж юу байдаг тухай огт ойлголтгүй, бараг л өөр гаригаас шинээр ирсэн юм шиг төөрөлдсөн үе байсан. 


Очирбат ерөнхийлөгч даруй өмнөд, хойд хөрш болон АНУ-д яаралтайгаар төрийн айлчлал хийсэн. Юун түрүүн шинээр бий болсон нийгмийн тогтолцоогоо тайлбарлан ойлгуулж, тулгарсан хүнд нөхцлийг даван туулах хэрэгтэй байлаа. Ингэсний хүчинд Монгол улс даруй Олон улсын валютийн сангийн гишүүн болсон. Тусламж үзүүлэх салбар нь Дэлхийн банк, түүний Азийг хариуцсан салбар нь Азийн хөгжлийн банк, банкийг голлон санхүүжүүлэгч нь Япон улс. 1990-2000 оны хооронд Монгол улс Японы тусламжид дулдуйдаагүй бол тэр хүнд 10 жилийг яаж туулах байсныг бүү мэд. Дэлхийн хөгжингүй маш олон орон энэ үед хандивлагчдын уулзалтад оролцон харамгүй тусалсан. Хандивлагч орнуудын байгууллагын томоохон хандивлагч Франц улс гэхэд Монголын хүн бүрт 8 доллар ноогдохоор мөнгөн тусламж үзүүлсэн нь тэр орны гадаадад үзүүлж байсан тусламжийн хүн амд ноогдох хэмжээгээр өөрийнхөө рекордыг эвдсэн. Очирбат өөрөө уул уурхайн мэргэжилтний хувьд гадаад орны мал аж ахуйн хавсрага байсан энэ улс цаашид ийм тогтолцоогоороо явахгүйг илүүтэй ойлгон, Монголыг тэжээх эдийн засгийн голлох салбар нь уул уурхай гэж үзэн энэ талаар гадаадын хөрөнгө оруулагч хайх ажлыг эхлүүлсэн төдийгүй маш их сурталчилсан хүн. 10 жил ингэж шаргуу зүтгэсний хүчинд 2000 он өнгөрсний дараахнаас гадаадын уул уурхайн хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч, Үндэсний нийт бүтээгдэхүүн нь ганц тэрбум доллар хүрдэггүй байсан Монгол улсын жилийн орлого богино хугацаанд арав гаруй дахин нэмэгдэн, дэлхийн дундаж хөгжилтэй орны нэг болсон билээ. Юутай ч Монгол дэлхийн адаг гуйлгачин орны зэрэглэлээс гарсан.


1992 оны Монгол улсын шинэ Үндсэн хуулийг хуульч Чимэдийн хамтаар боловсруулан батлуулсан гол хүний нэг нь Ерөнхийлөгч Очирбат. Тиймээс өдий хүртэл сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч нар дундаас Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ясчлан мөрдөж, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй цор ганц нь Ерөнхийлөгч Очирбат юм. 


Номхон далайгаас Хар тэнгис хүртэл, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх өргөн уудам талбайд ардчилсан тогтолцоотой, нээлттэй нийгэмтэй цор ганц орон нь өнөөгийн Монгол улс болсон билээ. Үүнийг газрын зургаас харж амархан хүлээн зөвшөөрч болно. ХХ зууны Монголын нийгмийн гурван их хувьсгалын хошуучлагч нарыг хувь хүнийх нь хувьд хүн бүр өөрийн харах өнцөг, үнэлэмж, үнэлгээтэй байх нь хэвийн зүйл, учир нь өнөөгийн монголчууд чөлөөт нийгмийн иргэд учир үзэл бодлоо айж эмээлгүй чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ үнэн олон тайлбартай учир “нэг үнэн” гэж байдаггүй, энэ нь голчлон илэрхийлэгчийн үзэмжээс хамаардаг. Харин бодит баримт ганц байдаг. Иймээс “Үнэнээс чухал юм бол факт!” гэсэн хатуу “үнэн” байдаг. 



Баабар