sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 15 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шоронд хоригдож буй жагсагчдыг суллах тухай Кубын эрх баригчидтай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтаас тус улсыг хасах шийдвэр гаргасныг Цагаан ордон мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ирэх долоо хоногт тангараг өргөсний дараа уг шийдвэрийг цуцалж магадгүй. Учир нь Д.Трамп 2021 онд эхний бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд Куба улсыг энэ жагсаалтад дахин оруулж байсан юм. 


"Шинжээчид дүгнэлтээ гаргаж дууссан бөгөөд Куба улс терроризмыг ивээн тэтгэгч улс гэдгийг батлах мэдээлэл бидэнд алга" гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгджээ.


Хэдэн хоригдлыг суллах нь тодорхойгүй байгаа боловч дээрх албан тушаалтны хэлснээр, суллах үйл явц удахгүй эхлэх бөгөөд нийт суллагдах хүний тоо "нэлээд олон" байх болно гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Куба дахь улс төрийн хоригдлууд болон үндэслэлгүйгээр баривчлагдсан хүмүүсийг" хүмүүнлэгийн үүднээс суллах тухай Куба улстай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд Католик сүм чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. 


Куба улс 60 гаруй жилийн турш АНУ-ын хоригт байгаа юм. Эдийн засагт үүссэн хямралын улмаас түлш, хүнс, эм тариа, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон нь уг хориг арга хэмжээтэй холбоотой гэж Кубын засгийн газар АНУ-ыг буруутгадаг. 


Эрчим хүчний тасалдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь гурван жилийн өмнө засгийн газрын эсрэг урьд өмнө байгаагүй эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон зуун хүнийг баривчилсан ба тэдний зарим нь олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. 2021 оны долоодугаар сард Кубын олон мянган иргэн “Бид өлсөж байна”, “Эрх чөлөө!” хэмээн хашгиран гудамжинд гарчээ. Энэ нь засгийн газрын хувьд томоохон сорилт болж байв. Жагсаалыг АНУ-ын эрх баригчид зохион байгуулсан гэж Кубын засгийн газар мэдэгдэж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан байна.


Үүний сацуу “COVID-19” цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийн буруу бодлого нөхцөл байдлыг улам дордуулсан гэж шинжээчид үзэж байгаа юм.


Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел АНУ-ын хориг арга хэмжээг “геноцид” гэж нэрлээд, Д.Трамп сонгогдсоны дараа улс орон нь “бүр ч хэцүү нөхцөл байдалд” орохоор байна гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Куба улс Америкийн шинэ засаг захиргаатай "яриа хэлэлцээ" хийхэд бэлэн байна гэж тэрбээр Д.Трамп сонгуульд ялснаас долоо хоногийн дараа үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бүрэн эрхийнхээ хугацаанд /2017-2021 онд/ Кубын эсрэг 1962 оноос хойш хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг улам чангатгасан юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг