sonin.mn

Ардчилсан намын Онц Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох гэж байна.



Уг хурлыг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Ж.Сугарсүрэн, Нийслэлийн АЗХ-ы дарга асан З.Өлзийбаяр тэргүүтэй тус намын гишүүд зохион байгуулж буй аж.


Уг хурлын тов гарахтай зэрэгцэн, Ардчилсан Намаас мэдэгдэл хийн, "Ардчилсан намын Онц их хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэл нь албан ёсны бус болохыг мэдэгдэж байна.Намын төв байгууллагуудаас Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй бөгөөд уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй болно.

Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье." гэсэн юм.


Хариуд нь Ардчилсан Намын Онц Их Хурлын зохион байгуулагчид: "Ардчилсан намын Үндсэн дүрмийн үзэл баримтлалд “Хувь хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөө”-г эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхагласан байдаг.


Гэтэл өнөөдөр намынхаа энгийн гишүүдийн эвлэлдэн нэгдэх хүсэл эрмэлзэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг “баталгаагүй, ташаа мэдээлэл” гэх мэдэгдлээр үгүйсгэж болиулахыг санаархаж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.10, 16.16 дахь заалтаар иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхэд О.Цогтгэрэл тэргүүтэй ардчилсан намын удирдлагууд ноцтой халдаж байна! 


Ардчилсан намын удирдлага намынхаа тамгыг барьж болох ч гишүүдийнхээ эрх, эрх чөлөөг боомилох эрхгүй гэдгийг сануулъя!" гэсэн тайлбар хийсэн аж.АН-ын Онц Их хурал зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ оны хавар болсон АН-ын дотоод сонгууль МАН-ын гишүүдийг намдаа кампаничлан элсүүлж, санал өгүүлсэн маш их будлиантай сонгууль болсон. Энэ бүхнийг хариуцлагыг АН-ын удирдлагууд хүлээх ёстой гэнэ.

Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар АН-ын Онц Их хурлаар О.Цогтгэрэлийг огцруулах асуудал яригдах бололтой.


Э.Солонго