Берлинд намар “Lange Nacht Meseums Tag” буюу “Музейн нээлттэй шөнө” тохиодог юм. Энэ өдөр музейнүүд 24 цагаар ажиллан, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оны эхээр хэдэн жил Берлиний Хумбольдтын нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимд ажиллаж байхдаа энэ боломжийг алдалгүй, харин ч хүлээн хүлээн байж шөнөжин музей үздэг байлаа. Өнөөдөр тэр бүхнийг эргэн санахад нүдэнд харагдах шиг болно.
Берлин хотын төв дунд “Museums Insel” буюу “Музейт арал” гэж сайхан газар байдаг юм. Берлин хотын дундуур урсдаг Шпрээ гол энэ орчимд хоёр салаалан урсахдаа дундаа үүсгэсэн баяцхан арлын дээр олон алдартай музей оршдог аж.
Эртний сонгодог уран барилга ихтэй Берлин хотын энэ хэсэг бол бүр ч гоёс сайхан трул эгээ л түүхийн хүрд эргээд өнгөрсөн цаг үе рүү, дундад зуун руу буцаж очих шиг санагдуулна. Эрт цагт дээдсийн хүрээлэнгийн орд харш байсан тэдгээр барилгууд өнөөдөр музей, үзэсгэлэнгийн танхимууд болоод гадуур гудамж, талбайд нь гадна, дотнын таван өнгө, есөн хэлийн хүн зон тасрахгүй хөлхөлдөж харагдана.
Тэнд Пергамон хаус, Берлинер дом, Боде Музей, Хуучин музей, Шинэ Музей, Мисирийн түүхийн музей гээд дэлхийд алдартай түүхийн том том музейнүүд бий. Тэдгээрт германчууд хүчтэй байсан цагтаа өөрийн колони байсан олон газар орноос зөөж авчирсан хүн төрөлхтний гайхамшигт өв соёлын дээж дурсгалууд хадгалагдаж байдаг аж.
Тухайлбал тэнд Мисир-Египтийн эртний их хаад фараонуудын бунхнаас олдсон занданшуулсан шарил муминууд, агуу их Герег-Ромын үеийн агуу их байлдан дагуулагч Юлий Цезарь, бурхдын бурхан Зевс, домгийн баатар Геракл тэргүүт гантиг чулуун хөшөөд, Вавилоны соёл иргэншилд холбогдох аварга том Иштар хаалга, Араб-Персийн хаадын орд харшийн үлдэгдэл хэсэг гээд байхгүй юм үгүй.
Музейт арлын хамгийн гол музей болох Пергамон хаус нь үнэхээр гайхамшигтай. Тэр сүрлэг сайхан ордны өмнөх уужим талбайд мөн олон баримал хөшөө байхын хамгийн нүүрэнд талд Египтийн их фараон Тутанхамоны тас хар гантиг чулуун хөшөө үзэгчдийг угтан сүндэрлэж байдаг. Манай тооллын өмнөх гурван мянганы тэртээд холбогдох тэр хөшөөний гайхамшигтай сайхан ур хийцийг шагшин бахдахгүй байхын аргагүй. Түүнийг харж тойрон үзэж шагшин гайхаж зогсоход мөнхийн сэнтийд заларсан Мисирийн хаан эзэн мэт, эсбөгөөс хар боол мэт, бүс эсбөгөөс нисэх гэж буй хар хун шувуу мэт жир бусын дэврүүн зөгнөл төсөөлөл эрхгүй төрнө өө.
Алдарт Пергамон хаусыг тэр чигээр нь аваад ирсэн байгаа юм даа.
Түүх судалдаг мань мэтийн хүмүүст бол энэ хөшөө бүр ч гайхамшигтай санагдана. Агуу сүрлэг, мянганы түүх цадиг, нууцсыг хадгалсан тэр гантиг хөшөөнөөс холдон салж явж чадахгүй хэдэн цагаар ч хамаагүй дэргэд нь эргэлдэн хөшөөг сийлж хийсэн зураас, сийлбэр нэг бүрийг тэмтрэн барилан үзэж, сэтгэлдээ тэр агуу их хааны намтар цадиг, улс гүрнийх нь түүх бичлэгийг хуудас хуудсаар нь эргүүлэн унших мэт болно. Тэнд бас шагай тоглож, дөрвөн бэрх хаяж буй хүүхдийн цасан цагаан гантиг хөшөө түү миний анхаарлыг зүй ёсоор татна. Цагийн уртад нэг шагай нь эмтрээд уначихсан. Зөвхөн нүүдэлчин малчин ард түмний дунд л байдаг гэж үзсээр ирсэн шагай тоглоом, тур тусмаа дөрвөн бэрх хаях наадгай хаа холын энэ Европ тивийн гүнд таарах нь юун билээ? хэмээн нягтлан үзэхүл тэр хөшөө нь манай тооллын VI зуунд холбогдох Ромын эзэнт улсын нутаг дэвсгэрээс олдсон байх тул мөн тэр цагт Европт нүүдэллэн хүрч соёлт ертөнцийг донсолгож асан Азийн дайнч Хүннү нартай холбоотой байж мэдэх нь тун магадтай билээ.
1998 оны намар миний авсан зураг
Европ дахь Хүн гүрний хаан “Тэнгэрийн ташуур” хэмээгдсэн Аттила барьцааны хүн болон Ромын эзэнт гүрний хааны ордонд хэдэн жил суусан түүхтэй. Бага залуу Аттила шагай тоглох их дуртай, биенээсээ дөрвөн бэрх огт салгадаггүй байсан тухай түүх бичлэгт тэмдэглэсэн байдаг. Гагц үүнээс төсөөлөн бодоход л шагай тоглоомыг нүүдэлчид л дэлгэрүүлсэн байж таарна.
Орос хэлний шикотолка гэдэг үг бий. “Шагай тоглоом” гэсэн үгийн сунжирсан дуудлага яг мөн. Хятад хэлэнд ч энэ үг бас бий. Унгар хэлэнд “шико” гэж байдаг гэж энэ цаг үеийн нэртэй Монголч эрдэмтэн, Унгар улсаас Монголд суугаа Элчин сайд Борбала Обрушански хатагтай саяхан хэлж байсан.
Энэ бүхнийг үзэн эх түүхийг нь эргэж санан гайхаж бахдан явахад эгээ л өнгөрсөн цаг үе рүү түүхийн хүрдийг эргүүлээд явж орчих шиг санагдан асар их сэтгэлийн цэнгэл таашаал эдэлнэ. Тэртээх наяад оны дундуур анх Хятадад хөл тавьж байхдаа эгээ л түүхийн хүрд эргэн дундад зууны Тэнгэрийн доорх оронд яваад орчих шиг жигтэй сонин санагдаж, яг л одоогийнх шигээ чимээгүйхэн дуу алдан гайхаж байсан билээ. Тэгвэл буурал Европын гүнд дундад зууны үеийн уран барилгуудын дундуур алхан явахад яг л тэр үе шиг үлгэр, үнэн хоёрын завсарт аялан жуулчлах мэт жигтэй хачин мэдрэмж ахин дахин төрнө.
Ромын эзэн хаан Юлий Цезарь
Тэнд бас “Berliner Dom” хэмээх гайхамшигтай сайхан ордон сүм буй. Дундад зууны уран барилгын гайхамшгийг илтгэх тэр сүрлэг сүмийн гадна ч, дотор ч биширч бахдахгүй байхын аргагүй. Өмнөх зүлгэн дээр нь суугаад сүмийн зүгт халиахад “Gewidmet dem Dеutsche Folken“ хэмээн алтан үсгээр бичсэн дээвэр тэргүүн нь тэртээ дээр сүндэрлэн, хана туургын сийлбэр хээ угалз нь нүдэнд тодрон, орой дээрх сахиулсан тэнгэрүүд нь амь орон агаарт элин халин нисэлдэх мэт санагдана.
Алтан үсгээр бичсэн тэрхүү бичээс нь “Германы ард түмэнд зориулав” гэсэн үг билээ. Үүнийг харахад германчуудад атаархах сэтгэл эрхгүй төрж, манай Монголд ингэж ард түмэндээ зориулсан зүйл байдаг бил үү? гэж бодоход хүргэнэ.
Энэ лав саяхны юм биш ээ. Лавтайяа, хэдэн зуун жилийн өмнөх хэн нэгний, эсбөгөөс хэсэг бүлэг хүмүүсийн ард түмэндээ өгсөн буяны өглөг, хайрын хишиг буй заа. Ийм зүйлсийг хараад л ард түмний зүрх сэтгэл огшиж эх орноороо бахархах, хайрлах сэтгэл бялхаж байдаг буй заа. Ард түмэндээ зориулсан ийм юм Монголд одоохондоо алга шиг ээ. Таван өнгө, есөн хэлийн хүн ард үүгээр хөлхөж байдаг гэж би дээр хэлсэн. Үнэхээр тийм. Шпрее голын урт эрэг дээр, Музейт арлын зүүхэнтээ амралтын өдрүүдэд зах нээгдэнэ. Тэр зах дээр Герман, англи, орос, франц, турк, румын, алжир, япон, хятад, монгол... хаанахын бол хаанахын хэнтэй бол хэнтэй тэнд тааралдаж болох мэт. Берлиний ханын хэлтэрхий, оросын матрёшка хүүхэлдэй, одон медалиуд, Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэмийн жижигхэн загвар, эртний ваар сав, хуучин ном судар гээд тэнд зарахгүй юм байхгүй. Ёстой л нөгөө ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад юмс байна.
Бас тэр зах дээр орос өвгөн баян хуур хөгжимд “Москва орчмын үдэш”-ийг уянгалуулж, эрээн алчуур нөмөрсөн бүдүүн турк авгай хүүхнүүд бүжиглэн, хятад залуу хуучир хөгжим чахруулан хачин гэгэлгэн аяз хөрөөдөж суух нь бий.
Эгэл ард түмний аж амьдрал гэдэг ийм л байдаг ажээ. Хүн амьдрахын тулд хэнтэй ч болов зэрэгцэн сууж, хэнтэй ч болов хамтран аж төрж байдаг анам. Тийм ч учраас нэгэн цагт атаатан дайсан гэгдэж алалцаж хядалцаж явсан эдгээр хүмүүс энд зэрэгцээд л байж байх юм.
Хятадын их сэтгэгч Күнз мэргэн хоёр мянга таван зуун жилийн тэртээд:
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт
Хүмүн, нэр ашгийн тулд эрсэдмой... гэж сургасан байдаг. Энэ бол хүн гэгч амьтан энэ дэлхийн хаа л бол хаа алс хол хаа газарт амь зуухын төлөө, алдар нэр, ашиг орлогын төлөө явсаар дуусдаг гэсэн гүн ухааны ойлголт юм аа.
Дорно, өрнийн гүнзгий мэдлэгтэй мундаг сэхээтэн бичигтэн байсан манай их зохиолч Д.Нацагдорж харин энэ үгийг нь орчин цаг үедээ тааруулан жаахан өөрчилж:
Хээрийн галуу нийсэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ... гэж бас л энэ Герман оронд суралцаж байхдаа яг нэг зуун жилийн өмнө “Алс газар сурахаар одох замд” найраглалдаа бичсэн билээ.
Вавилоны Иштар хаалга бас л бүтнээрээ
Хүн төрөлхтний эртний соёл иргэншил үнэхээр агуу их гайхамшгийг бүтээсэн ажээ. Европын колоничлогчид дэлхийг хуваан эзэгнэж байхдаа асар ихийг зөөж аваачжээ. Энэ бүхнийг харахад өнгөрсөн цаг үеийг яахин харанхуй бүдүүлэг байсан гэж хэлэх юм бэ? Энэ үзэж байгаа минь зөвхөн нэг улсын нэг хотын нэг музейд л байгаа хүн төрөлхтний агуу их бүтээлүүд шүү дээ. Харин ч бид өнөөдөр ингэж урлан бүтээж чадах бил үү? гэж асуумаар. Бас ингээд бодохоор нэгэн цагт Дэлхий хэмээн ойлгогдож асан Евразийг монгол морины туурайн дор хураан эрхшээсэн бидний өвөг дээдэс эх нутаг руугаа юу ч зөөгөөгүй ажээ. Харин ч хүний нутагт тэдний бүтээсэн ийм гайхамшгууд өчнөөн бий. Чухам энэ бүхнийг үзэж явсаар л Д.Нацагдорж алдарт “Түүхийн шүлэг”-ээ бичсэн буй заа.
Энэ бүхнийг эргэцүүлэн сэтгэж элдвийг сониучлан зогсохуйд “Музейт арал” хэмээх нэгэн шүлэг сэтгэлд уянгалж, тэмдэглэлийн дэвтэрт буусныг уншигчдадаа хүргэсү:
“Museums insel”
Музейт арал дээр гүүрийн хашлага түшин
Мөрний усанд бодлоон бэлчээн зогсохуйд
Мяралзан долгисох усны мандал дээр
Мөөхийнд шунгах шувуудын бужигнаан мэт
Миний сэтгэл догдлон хөөрч, тонгочин үймцэнэ.
Цагийн жамыг үзүүлэгч “хаврын унжлага” доогуур
Цагаан хөлөг онгоц жуулчин зугаацуулан өнгөрөхүйд
Унжлагат навчис уснаа шүргэн бүжиглэх нь
Урьхан улирал ертөнцийг баясган буюу заа.
Есөн хэлийн улс хөлхсөн энэ газар
Ертөнцийн цаг зогссон мэт амгалан тайван,
Египтийн хаан Рамзесийн хар гантиг хөшөө
Ер бусын амарлингуй эрхэмсэг дүрээр заларч
Есөн хөлийн улс түүнтэй хөргөөн татуулна.
Цагийн мананг нэвтлэн Пергамон хаус
Цаг бус, чулуу мөнхийн үлгэр үзүүлэн
Цасан цагаан гантигаа наранд бус неон гэрлээр гийгүүлэн
Цадиг хайлах мэт анир гүмхэн нойрсоно.
Нэгэн цагт энэ ордонд мэсчин боолууд тулалдан
Ноёдын зугаа болж нэгнийнхээн амийг таслаад
Нэн ч удалгүй өөрөө арслангийн аманд орж явсан...
Өдгөө энэ ордон өөрөө музейд залравч
Өчнөөн зууны тэртээх цус нь арилаагүй байнам.
Мөрөөдлийн диваажин болсон коммунизм задарч
Москвагийн дэглэм төрөл арилжин мөхсөнч
Матрёшка хэмээх орос хүүхэлдэй олширч
Берлиний ханын хэлтэрхийтэй цуг
Бэлэг дурсгал болон дэлхийд тарж одном.
Частушкагийн ая баянхуурдах орос өвгөн
Чайна залуугийн хуучирдах гэгэлгэн аязыг тээршаана.
Чанх дэргэд нь түрэг авгайчуул бөөгнөрөөд
Чандган малгай, эрээн алчуур наймаалцана.
Хэдэн зууны тэртээд түрэгийн өвөг дээдэс
Хятадаас болж Азиас дүрвэн нүүснийг
Хэн хэн нь мэдэх бол уу, үгүй бол уу,
Хэлж дуулгамаар санагдавч хэлээ хазаад өнгөрье дөө.
Музейт арал дээр гүүрийн хашлага түшин...
Цагийн жамыг үзүүлэгч “хаврын унжлага” доогуур...
Есөн хэлийн улс хөлхсөн энэ газар...
Цагийн мананг нэвтлэн Пергамон хаус...
Частушкагийн ая баянхуурдах орос өвгөн...
Музейн урт шөнө болгоноор бас Берлиний нийтийн тээвэр цаг сунган ажиллах агаад шөнийн 03 цагт метро, трамвайгаар харих хүмүүс пиг дүүрэн чихээстэй явдаг юм аа.
Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Я.Ганбаатар, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр.
Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл3
👏👏👏
Хэнтийн Хүрэлсүх сионист Оросын Путинийг шүтэж, Буриадуудыг өөд татдагийг Жүүдүүдийн дарлал доромжлолын эсрэг Хас тэмдэгийн доор нэгдэж боссон Герман мэдэхгүй байна гэж байхгүй.
Музей үзэхийн тулд хайран шөнийн цагаа зарцуулдаг тэнэг гар юм даа энэ.