ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 12-нд Москва хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нарыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Сергей Лавров арваннэгдүгээр сарын 11-нд өгсөн ярилцлагадаа АНУ-ын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж, Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээний үр дүнгийн талаар Владимир Путинд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгааг хэвлэлд нийтлэгдсэн мэдэгдлээс ойлгосон хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч гурван талт хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн мэдээллийг тогтмол авч байгааг дурджээ. Путин Оросын төлөөлөгчдийн тайлан болон АНУ-ын талаас ирүүлэх мэдээллийг харьцуулан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх алхмуудаа тодорхойлох аж. Лавров мөн ОХУ-ын үндсэн зорилго нь өөрийн нэрлэж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны зорилтуудыг биелүүлэх хэвээр байгааг онцолсон байна.
Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн гурван талт хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж, арваннэгдүгээр сарын 11-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо өндөрлөжээ.
Хэлэлцээний дараа Жаред Кушнер мэдэгдэл хийхдээ, Стив Уиткоффын хамт арваннэгдүгээр сарын 12-нд Москвад очиж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр гурван талт хэлэлцээний үр дүнг танилцуулж, санал зөрөлдөөнтэй зарим асуудлаар ахиц гаргах боломжийг эрэлхийлэх аж.
Кушнерийн мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгчид Москвад хийх уулзалтынхаа үеэр хүмүүнлэгийн асуудлуудаас гадна Европын орнуудыг энхийн хэлэлцээнд оролцуулах боломжийн талаар Оросын талтай санал солилцохоор төлөвлөжээ.
Стив Уиткофф, Жаред Кушнер нар Москва дахь уулзалтаа өндөрлүүлсний дараа Ирландын нийслэл Дублин хотыг зорьж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзан, Оросын талтай хийсэн хэлэлцээний үр дүнг танилцуулахаар төлөвлөсөн байна.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0