Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргын төлөө өрсөлдсөнөөс үүдэн, МАН-д томоохон зөрчил бий болсон билээ. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар Ням-Осорын Учрал намын даргаар сонгогдсоноор энэ тэмцэл дууссан юм. Гэвч зарим улс төрчид уг зөрчлийг үргэлжлүүлэх, бүр зарим нэг лидерүүдийг улс төрөөс бүрмөсөн шахан гаргах сонирхолтой байгаа нь нууц биш. Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ямар байр суурь баримталж байна вэ? Улс төрд албан тушаалын төлөө тэмцэхээс илүүтэй эв нэгдлийг эрхэмлэх, хувийн амбицаас илүү намынхаа нийтлэг эрх ашгийг дээдлэх шаардлагатай үе гэж бий. Монгол Ардын Намын дотоодод үүссэн үл ойлголцол, талцал, улс төрийн зөрчилдөөн энэ зарчмыг дахин сануулж байна.
Ийм цаг үед Д.Амарбаясгалангийн намынхаа эв нэгдэл, ойлголцлыг чухалчилсан байр суурьтай байна.
Монгол Ардын Нам бол зуун гаруй жилийн түүхтэй, Монголын улс төрийн тогтолцоонд томоохон байр суурь эзэлдэг улс төрийн хүчин. Энэ намын дотоодод өрнөж буй аливаа зөрчил зөвхөн намын гишүүдийн асуудал болж үлддэггүй. Засгийн газрын тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс МАН-ын эв нэгдэл бол зөвхөн нэг намын дотоод хэрэг бус, улс төрийн тогтвортой байдалтай холбогдох асуудал юм. Д.Амарбаясгалан бол Монгол Ардын Намын удирдлагын түвшинд олон жил ажиллаж, намын зохион байгуулалт, боловсон хүчний бодлого, сонгуулийн стратеги, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцож ирсэн хүн. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа намын байгууллагын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтыг удирдан чиглүүлж байсан туршлагатай.
Тиймээс нам доторх санал зөрөлдөөн ямар үр дагаварт хүрч болохыг, талцал хуваагдал хэрхэн гүнзгийрдгийг, түүнээс ухаалгаар гарах гарц нь эцсийн дүндээ ойлголцол байдгийг тэрбээр сайн мэдэх улс төрчдийн нэг гэж үзэж болно.
Улс төрийн тэмцэлд ялах амархан байж болох ч ялалтын дараа эв нэгдлийг сэргээх амаргүй. Ялангуяа нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөгч бус дайсан мэт харилцаж эхэлбэл улс төрийн байгууллагын үнэт зүйл, нийтлэг зорилго бүдгэрдэг. Үүний эцэст намын дотоод асуудал төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаас илүү чухал мэт харагдах аюултай. Өнөөдөр МАН-д хэн нэгнийг ялагчаар тодруулж, нөгөөг нь улс төрөөс шахан гаргах шийдэл бус, харин харилцан ойлголцох, итгэлцлийг сэргээх, хамтын шийдвэрт хүрэх улс төрийн соёл хэрэгтэй байна. Энэ өнцгөөс харвал Д.Амарбаясгалан намынхаа ирээдүй, эв нэгдлийг бодолцож байна. Түүний улс төрийн туршлага, намын удирдлагад ажилласан он жилүүд нь зөрчлийг хурцатгахаас илүү ойлголцлын гарц эрэлхийлэх шалтгаан болсон болов уу? Монгол Ардын Намын өмнө өнөөдөр хоёр сонголт байна. Нэг нь дотоод зөрчлөө улам гүнзгийрүүлж, талцал хуваагдлаа үргэлжлүүлэх. Нөгөө нь улс төрийн өрсөлдөөнөөс үүдсэн үл ойлголцлоо даван туулж, нийтлэг зорилгынхоо төлөө нэгдэх. Хоёр дахь зам нь намын төдийгүй улс орны эрх ашигт илүү нийцнэ.
Эв нэгдлийг хүсэж буй улс төрч сул дорой гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ, сөргөлдөөнийг үргэлжлүүлэх боломж байлаа ч ойлголцлыг сонгож чаддаг байх нь улс төрийн төлөвшлийн илэрхийлэл юм.
Хувийн эрх ашиг, албан тушаалын өрсөлдөөнөөс дээгүүр намынхаа ирээдүйг тавих нь улс төрчөөс хариуцлага, тэвчээр, алсын хараа шаарддаг. Д.Амарбаясгалан ч энэ зарчмыг баримталж байна. Эцсийн эцэст Монгол Ардын Намд хэн нь ялж, хэн нь ялагдах нь гол асуудал биш. Харин нам дотоод зөрчлөө даван туулж, улс орны өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж чадах эсэх нь чухал. Улс төрийн зөрчил өнөөдрийнх байж болно. Харин намын түүх, үнэт зүйл, ирээдүй түүнээс хавьгүй урт настай. Д.Амарбаясгалан ч намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байгаа нь зөв шийдэл гэдэг нь гарцаагүй. Улс төрд заримдаа ялалт байгуулахаас илүү эв нэгдлээ хадгалж үлдэх нь үнэ цэнтэй байдаг.
Э.Солонго
Лхагва - 11 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
Оюун-Эрдэнэ тэнэгийг бодоход арай нуруутай хүн байх шүү