sonin.mn

СНЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Reuters/. Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд халдлагад өртөж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн навигацийн эрх чөлөө, хүнсний хангамжид аюул учруулж байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдээд, Ираны дэмжлэгтэй Йемений хутичуудад ийм үйлдлээ зогсоохыг уриалжээ.



2024 оны анхны албан ёсны хуралдааны үеэр Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд мөн Израилын компанитай холбоо бүхий Японы оператор компанийн “Galaxy Leader” ачаа тээврийн хөлөг онгоц болон уг хөлгийн багийнхныг суллахыг хутичуудаас шаарджээ. Уг хөлөг онгоцыг 11 дүгээр сарын 19-нд барьцаалсан юм.



НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Крис Лу хэлсэн үгэндээ, эдгээр халдлага нь далайн аюулгүй байдал, олон улсын усан тээвэр, худалдаанд ноцтой уршиг дагуулахын зэрэгцээ Йеменд үзүүлэх тусламжид эрсдэл учруулснаар тус улс дахь хүмүүнлэгийн хүнд байдлыг улам дордуулна гэдгийг анхааруулжээ.



“Аюулгүйн Зөвлөл ийм нөхцөл байдал цаашид үргэлжлэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Аюулгүйн Зөвлөл энэ асуудлын ач холбогдол хийгээд түргэн шуурхай шийдэх шаардлагатай байгааг харгалзан хутичуудын учруулж буй аюул заналыг таслан зогсоож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд зохих арга хэмжээг авах ёстой гэж Япон улс үзэж байна” хэмээн НҮБ-ын дэргэд суугаа Японы Элчин сайд Ямазаки Казүюки хэлжээ.



Ираны дэмжлэгтэй хутичууд Улаан тэнгисийн өмнөд хэсэгт хөлөг онгоц руу хоёр баллистик пуужин харвасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал /CENTCOM/ мэдэгдсэний дараа тус бүлэглэлийнхэн Израил руу явж байсан чингэлэг тээврийн хөлөг онгоцыг “онилж байсан” гэж мэдэгдсэн байна.



Сүүлийн хэдэн долоо хоногт худалдааны хөлөг онгоцууд руу 20 гаруй удаа халдсан хутичууд Мальтагийн далбаатай ачааны хөлөг онгоцыг Израил руу явж байгаа гэж үзэн халдсан хэмээн мэдэгдсэн байна. Уг онгоц ямар нэгэн цохилтод өртөөгүй байна.



Ядууралд нэрвэгдсэн Йемений ихэнх газар нутгийг хяналтдаа байлгаж байгаа хутичууд 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Израил руу гэнэтийн дайралт хийсний дараа палестинчуудын талд зогсоно гэдгээ мэдэгджээ. Улаан тэнгисийн өмнөд хэсгийн Баб аль-Мандеб боомтод төвлөрсөн хутичуудын халдлагын улмаас дэлхийн худалдааны 12 орчим хувийг тээвэрлэдэг усан замын тээвэрлэлт саатаад байна. Хутичуудын халдлагын хариуд АНУ Улаан тэнгисээр хийх тээврийг хамгаалах зорилгоор үндэстэн дамнасан тэнгисийн цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг