НЬЮ-ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /Kyodo/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөснийг зэмлэн буруушаах эсэх асуудлаар дахин санал зөрөлджээ. Тус зөвлөл Пёньяныг баллистик пуужингийн технологи ашиглан пуужин харвасантай холбогдуулан хориг арга хэмжээ авах тогтоол, мэдэгдэл гаргах зэрэг бодитой арга хэмжээг 2017 оны 12 дугаар сараас хойш авч чадаагүй юм. НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд даваа гарагт болсон хуралдааны үеэр, “Умард Солонгос цөмийн зэвсгийн системээ урагшлуулахыг улайран хичээж байна. Гэсэн хэдий ч энэ аюултай, нөхцөл байдлыг хурцатгасан хөөргөлт болон үүнтэй төстэй бусад үйл ажиллагааг буруушаах хүсэлгүй байнгын хоёр гишүүн бий” гэж хэлжээ. АНУ-ын төлөөлөгч энэ үгээрээ хориг тавих эрхтэй Орос, Хятадыг хэлсэн бололтой. Тэрбээр мөн “Умард Солонгосын тагнуулын хиймэл дагуул тойрог замд орсон нь батлагдсан” гэж хэлжээ.
Харин Умард Солонгосын Элчин сайд Ким Сон 11 дүгээр сарын 21-нд тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахын тулд пуужин хөөргөсөн явдлыг зөвтгөөд, энэ нь “АНУ болон түүний дагалдагчдын цэргийн үйл ажиллагааг тандах зорилготой” хэмээн мэдэгджээ. “Энэ бол бидний өөрийгөө хамгаалах эрхээ хууль ёсны дагуу, шударгаар хэрэгжүүлсэн явдал юм” гэж тэрбээр хэлсэн байна. Харин Орос, Хятадын төлөөлөгчид мэдэгдэхдээ, АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд Солонгосын хойгийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгасан гэжээ. НҮБ дахь Японы төлөөлөгч Ишиканэ Кимихиро, Бид Умард Солонгосын хууль бус үйл ажиллагаа /үй олноор хөнөөх зэвсэг/ явуулах гэсэн амбицыг зөвтгөх гэсэн аливаа оролдлогод хууртагдах ёсгүй гэж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0