sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 9 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Шинжлэх ухаан: шинэ алтан зуун” нэртэй дээд хэмжээний чуулга уулзалтыг Энх тайвны хүрээлэнд зохион байгуулж, Америкийн шинжлэх ухааны ололт амжилтын шинэ эрин үе эхэлснийг зарлалаа. Энэ тухай NBC News мэдээлснийг Вашингтон дахь Kazinform агентлагийн сурвалжлагч дамжуулав.  

Д.Трамп Цагаан ордны Шинжлэх ухаан-техникийн бодлогын газрын захирал Майкл Крациосын хамтаар Үндэсний шинжлэх ухааны медалийг технологийн салбарын манлайлагчдад гардуулан өглөө. Уг медалийг Tesla, SpaceX компаниудын ерөнхий захирал Илон Маск, Google-ийг хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин, Nvidia компанийн ерөнхий захирал Женсен Хуанг, AMD компанийн ерөнхий захирал Лиза Су нар хүртжээ. Мөн Microsoft компанийн ерөнхий захирал Сатья Наделла, Dell Technologies компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл нарт технологи, инновацийн салбарын Үндэсний медаль гардуулсан байна.  




Ёслолын ажиллагаанд OpenAI, Anthropic, Amazon Web Services, Crusoe, Emerald AI, Micron Technology компаниудын төлөөлөгчид оролцжээ.




Чуулга уулзалтын гол сэдвүүдийн нэг нь шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлэх асуудал байлаа. Хиймэл оюуны салбарын Америкийн компаниуд холбооны агентлагуудын тооцоолон бодох хүчин чадал, судалгааны хэрэгсэлд зориулан 2.4 тэрбум долларыг зээл хэлбэрээр олгоно гэдгээ зарлажээ.

Мөн Трампын засаг захиргаа шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг хурдасгах, ирээдүйтэй эрдэмтдийг шууд санхүүжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэ хүрээнд судалгааг удаашруулж буй хүнд суртлыг багасгах асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн НАСА агентлаг, Эрчим хүчний яам сансрын хөтөлбөрт цөмийн технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Чуулга уулзалтад оролцогчид шинжлэх ухааны салбар дахь АНУ-ын манлайллыг хэвээр хадгалахын тулд гадаадын мэргэжилтнүүдийг төсөл хөтөлбөрүүдэд татан оролцуулахын чухлыг онцоллоо. Тухайлбал, Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Carnegie Mellon University-ийн ерөнхийлөгч Фарнам Жаханян нар хэлэхдээ, цагаачид Америкийн инновацийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэсэн байна.  



Б.Адъяахүү