sonin.mn

Монгол Улсад эмэгтэй цэргийн алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой эл өдрүүдэд тохиож байна. Хагас жарны түүхэн энэ хугацаанд нийт 99 бүсгүй хурандаа мэндэлсний 18 нь Зэвсэгт хүчнийх бөгөөд анхдагч нь ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа М.Батдолгор билээ. Түүнийг энэ удаагийн зочин хоймортоо урьж ярилцлаа.


Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс Монгол Улсад эмэгтэй цэргийн алба хаагчид хурандаа хэмээх эрхэм цолыг олгож эхэлсний 30 жилийн ойн мэндийг хүргэе ээ.


-Маш их баярлалаа.


Та бол Зэвсэгт хүчний анхны эмэгтэй хурандаа шүү дээ. Тиймээс хоёулаа эл эрхэм цолыг хүртэж байсан тухайн үеийн торгон агшны дурсамжаар тань яриагаа эхэлье...


-Баярлалаа, 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдөр л дөө, тэр өдөр намайг ЗХЕШ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар жинхэлсэн тушаал гарав, өмнө нь хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан юм. Маргааш нь буюу 7 дугаар сарын 17-нд Ар талын газрын 80 жилийн ойн үйл ажиллагаатай тул биднийг эрт тарж болно гэсэн чиглэл өгсөн болохоор эртхэн харив аа. Гэртээ очоод удаагүй дээ, орой 19 цагийн үед Д.Магсаржав генерал залгаж байна, “За миний охин чи армийн анхны эмэгтэй хурандаа боллоо шүү дээ, баяр хүргэе” гээд л жигтэйхэн хөөр баяртайгаар ярилаа.


Би ёстой нөгөө шоконд орно гэдэг л болсон юм даг. “Дарга аа, та юу яриад байгаа юм бэ, арай үгүй байлгүй дээ” гэсэн чинь “ЗХЕШ-ын даргын зөвлөл сая хуралдаад өөрт чинь хурандаа цол олголоо, за миний охин маргааш өглөө 9 цагт манай өрөөний үүдэнд бэлэн бай” гэдэг юм байна.


Дөнгөж өдөр нь жинхлэгдсэн хүн чинь юун хурандаа... бүр гайхаад огт итгэхгүй байгаа юм чинь. Тэгснээ төрийн генерал хүн яалаа гэж худал хэлэх билээ гэж бодож эргэлзээд л, өөрийгөө зүүдлээгүй байгаа даа гэж бодож бараг чимхэж үзэхийн наагуур юм болов. Маргааш нь хурандаа цол олгогдсон хүмүүстэй Даргын зөвлөлийн өрөөнд зэрэгцээд зогсчихсон байгаа хэр нь ээ итгээгүй хэвээр. Нэрийг минь дуудахгүй бол яана аа, ёстой ичиж үхмээр юм болно доо гэхчлэн элдэв юм бодоостой, түгшээстэй. (инээв) За тэгээд яалт ч үгүй нэрийг маань дуудлаа, цол ч гардууллаа, сая нэг санаа минь амарсан. Ингэж л итгэж ядан байж энэ эрхэм цолыг хүртсэн дээ.


Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг нэр төрийн хэрэг ч гэлээ асар их итгэл, үүрэг хариуцлага, хүнд ачааг үүрдэг нь маргаангүй үнэн шүү дээ...


-Тэгэлгүй яах вэ, надад асар их итгэлийг хүлээлгэсний зэрэгцээ том хариуцлага, хүнд ачааг үүрүүлсэн гэж боддог, угаасаа ч тийм. Мөрдэс нэгт бүсгүйчүүдийнхээ өмнө эмэгтэй хүн хурандаа цол авч болдог үүд хаалгыг нээж байгаа учраас хариуцлагатай байхаас өөр аргагүй.


Анхны эмэгтэй хурандаа гэдгээрээ би цол гардсан өдрөөсөө эхлээд л аль ч талаар “Ээ дээ, эмэгтэй хүнд хурандаа цол олгох ч дээ, хэрэг байна уу даа” гэдэг байдлыг л харуулж болохгүйг ухамсарласан, их ч хичээсэн.


Энэ том цолонд яаж эзэн болж, хэрхэн нэр хүндтэй авч явах вэ гэдгийг алхам тутамдаа бодож ажилласан, бас чадсан. ЗХЕШ-ын даргаас Улаанбаатар цэргийн хүрээний эмэгтэй офицер, ахлагч нартай Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уулзалт хийх үүрэг аваад Офицеруудын ордонд заал дүүрэн хүүхнүүдтэй уулзахдаа “та нар минь хурандаа болохын төлөө хариуцлагатай байж, чин шударгаар ажиллаж, Зэвсэгт хүчиндээ хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой, би энэ үүдийг нээлээ шүү” гэж хэлж захиж байлаа. Одоо эргээд харахад би булган сүүлтэй байж олон хурандаа дүү дагуулжээ, бахархалтай сайхан байна. Өшөө ч олон хурандаа, генерал бүсгүйчүүд төрөөсэй гэж хүсэж байна.


Тэгэлгүй яах вэ, та бүр генерал дүү дагуулчхаад байна шүү дээ... Энэ бидний бахархал биш гэж үү?


-Яг үнэн, яалт ч үгүй генерал дүү дагуулсан юм чинь (инээв). Би 15 жил Зэвсэгт хүчний ганц эмэгтэй хурандаа гэгдэж явсан. Арван таван жилийн дараа Зэвсэгт хүчнээс хоёр дахь эмэгтэй хурандаа төрсөн нь Л.Ганчимэг юм. За тэгээд л дараа дараагийн хурандаа нар төрсөн, түүн дотроос бүр алтан мөрдэст генерал цолтон ч мэндэлсэн нь бид бүхний төдийгүй, Монголын маань бахархал юм даа.


Ингэхэд та санхүүгийн мэргэжлийг хэрхэн сонгосон, Зэвсэгт хүчинтэй ямар сэжмээр холбогдсон талаараа яриа дэлгэхгүй юу?


-Миний мөрөөдөл хуульч, тэр тусмаа шүүгч юм уу, прокурор болох байсан. Арван жилийн сургуульд Эвлэлийн үүрийн дарга байхдаа татвараа хураачхаад түүнийгээ ангиасаа алдчихав аа, тэгээд багшдаа хэлж чадахгүй яваад л байлаа. Тэгсэн нэг өдөр багш маань “мөнгө алдсан хүүхэд байна уу” гэдэг байгаа. Би ч хамаг л учраа хэллээ, багш маань ч нөгөө алдсан татварын мөнгийг маань олж өгч санаа минь амрав. Тэгээд л би тухайн үед хэзээ ч санхүүгийн хүн болохгүй гэж өөртөө тангараг тавьсан ч Эрхүүгийн Хуулийн дээд сургуульд оноо дутаад МУИС-ийн нягтлан бодох, эдийн засгийн ангид гулсаж орсон доо. Ёстой нөгөө давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэгч л болсон. (инээв)


Тийм байна, нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй гээд яах билээ. Сургуулиа дүүргээд хаана томилогдов, та?


-Тухайн үед биднийг сургууль төгсөхөд аль салбарт ажиллах талаар санал авдаг байв. Би шууд л Батлан хамгаалах салбарт ажиллая гээд гараа өргөсөн. Тэгээд Хээрийн академи гэгддэг Зүүнбаянгийн дивизид томилогдож байлаа. Дэслэгч цолтой, таг энгийн нөхөр очиж билээ. Ингэж л Зэвсэгт хүчин хэмээх их айлын халуун ам бүлд багтсан түүхтэй.


Батлан хамгаалах салбарт ажиллахаар эрсхэн шийдсэн нь бас учиртай л байх даа...


-Би оюутан байлаа, нэг өдөр хичээл тараад гэртээ ороод иртэл аав минь уйлаад сууж байв. Гайхаад л гал зууханд очоод ээжээс “аав яасан юм бэ” гэж асуутал, “Аав нь хэрэв би хүүтэй байсан бол хүүгээ кабиндаа аваад явах байсан гээд уйллаа” гэдэг юм байна. Тэр үг надад маш гүн суусан учраас би цэргийн хүн болохоор эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм. Эрчүүдийн хашдаг албыг хашиж, аавыгаа амьд ахуйд нь хурандаа хэмээх цолыг хүртэж, хүндэтгэлийн цайллагынхаа зочин хойморт аавыгаа хүндэтгэн залж, жаахан ч гэсэн баярлуулсан, хүүтэй болох тэр их хүслийг нь бага ч гэсэн нимгэлсэн гэж би одоо бодож, сэтгэл өег явдаг.

Аав тань хязгааргүй их баярласан нь гарцаагүй биз ээ. Армид хөл тавьж, ажлын гараагаа эхлүүлж байсан дурсамж гэвэл бас л сонин байх...


-Зүүнбаянгийн дивизийн Холбооны батальонд санхүүгийн даргаар ажлын гараагаа эхэлж байлаа. Анхныхаа баримтыг цохчхоод нэг их том дарга болсон мэт мэдрэмж төрсөн нь, бас мянган цэргийн карантин дээр очиж цэргийн тангараг өргөж байсан, амьдралынхаа ханьтай анх учирсан минь гээд л гэгээн дурсамж дуртадгалууд хөвөрнө өө. За тэгээд л энгийн сургууль дүүргэсэн надад анхны түгшүүр дохио, дүрэм журмаар амьсгалсан цэргийн алба, амьдрал бүгд сонин бөгөөд содон байлаа. Ингэж л их говийн гарнизонд шантарч няцахгүйгээр гурван жил алба хаагаад үргэлжлүүлэн тэр үеийн 137 дугаар ангид томилогдож зургаан жил, дараа нь холбооны хороо буюу 013 дугаар ангид томилогдож найман жил ажиллаад 1999 оны 5 дугаар сард ЗХЕШ-т Санхүүгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, төсвийн ахлах мэргэжилтнээр томилогдож зургаан сар ажиллаж байтал хэлтсийн дарга маань ирсэн. Дахиад 2001 оны 4 дүгээр сард мөн л Санхүүгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дээр дурдсанчлан 7 дугаар сард жинхлэж, хурандаа цол хүртсэн, үүнээс хойш 2009 оныг дуустал тус байгууллагадаа ажиллаад тэтгэвэртээ суусан даа.


Энгийн сургууль дүүргэсэн шинэхэн офицерыг өлгийдөж авсан анхны хамт олноос эхлээд дэмжиж тусалж, хамтран ажилласан үе, үеийн удирдлага хамт олны тань тус дэм гээд л яривал...


-Тэгэлгүй яах вэ, юу ч мэдэхгүй ногооноороо дэслэгч байхаас минь эхлээд тэтгэвэрт суух хүртэл мөр зэрэгцэн ажилласан хамт олон, удирдлагуудын минь ач гавьяа хэмжээлшгүй. Би дэслэгч генерал Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Ц.Бямбажав, хошууч генерал А.Ганбат гээд ЗХЖШ-ын дөрвөн даргатай хамтран ажилласан. Намайг 1999 онд анх ажил авахад Зэвсэгт хүчин нэг тэрбум, 900 сая төгрөгийн өглөг, нэг тэрбум 700 сая төгрөгийн авлагатай байсан. Ингээд би хагас жил ажиллаад 11 дүгээр сард ажлаа өгөхөд өр 90 хувь барагдсан даа. Хамгийн гол нь санхүүжилт юм шүү дээ, түүнийг би Сангийн яамнаас авч чадсан. Тухайн үед Зэвсэгт хүчний хэмжээнд 20 сая төгрөг авдаг байсан бол 50 саяыг авдаг болсон. 2001 онд Санхүүгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр дахин томилогдсон, 2003 онд Зэвсэгт хүчний хэмжээнд ямар ч өргүй болгож тэглэж чадсан. Тиймдээ ч оны аварга хэлтсийн дарга болж байлаа. Энэ бол ганцхан миний гавьяа биш. Ц.Тогоо даргын алсыг харсан гайхамшигтай менежер сэтгэлгээ, үүрэг даалгавар, чиглүүлсэн чиг шугам, Даргын зөвлөлийн гишүүд, газар, хэлтсийн дарга нар, бүх ангийн захирагч нар, ангиудын Санхүүгийн албад, ерөөсөө л Зэвсэгт хүчний нийт санхүүчдийн гар сэтгэл нийлж ажилласны үр дүн, гавьяа юм шүү дээ.


Таны ажлын арга барил, зарчмын тухайд тодруулбал...


-Хурандаа, хэлтсийн дарга, бүхэл бүтэн армийн санхүүг барьж байгаа хүний хувьд зарчимтай бас зангаргатай, эмэгтэй хүний хувьд гоё ганган байхыг эрхэмлэдэг байлаа. Энэ нь хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ биш, өөрийгөө хүндэлж байгаа хэрэг юм шүү дээ. За тэгээд мэдээж ажлын онцлог учраас төсвийг яаж үр ашигтай зарцуулах, хэдэн төгрөгөө хэрхэн хэмнэх, яаж өргүй байх, яаж Зэвсэгт хүчний үндсэн үйл ажиллагаа, шинэчлэлийн бодлогыг төсвөөр дэмжих вэ гэдэг л толгойн өвчин байсан. Үүний төлөө ч бид махийтлаа зүтгэсэн.


1990-ээд оны сүүлч бол яалт ч үгүй л улс орны хэмжээнд эдийн засгийн хүнд нөхцөлд байсан цаг үе байх тийм үү?


-Тэгэлгүй яах вэ, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үе маш хэцүү байсан. Тухайлбал, 2001 онд гэхэд л өртэй учраас Зэвсэгт хүчний бүх ангийн данс хаагдчихсан, зөвхөн 189 дүгээр ангийн дансаар бусад ангиудынхаа цалинг арай ядан тавьдаг. Санхүүжилт байхгүй, асар их өртэй маш хүнд цаг үеийг туулж, 2003 он гэхэд өр тэглэгдэж Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг, сургалт бэлтгэл хэвийн явагдах нөхцөл бүрдсэн. Бидний төсвийг яаж хэмнэх, хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэж тархиа гашилгасны л үр дүн шүү дээ. Зэвсэгт хүчний Жанжин штаб тохируулагч агентлаг учраас манай хэлтэс асар их бодлого, заавар журам боловсруулдаг, тэрийгээ хэрэгжүүлдэг, хянадаг, гүйцэтгэлийг нь заавал тайлагнуулдаг байлаа. Энд асар их хариуцлага байгаа биз. Ингэж ажилласны үр дүнд 2008 онд Зэвсэгт хүчний хэмжээнд улсын төсвөөс 228 сая төгрөгийн хэмнэлт гаргаад Сангийн сайдын тушаалаар эргээд шагнал болж орж ирсэн. Үүнийгээ бүх ангиуддаа хувааж, сайн ажилласан хүмүүстээ 13 дугаар сарын цалин болгож урамшуулал маягаар олгох эрхийг нь өгч байлаа. Хамгийн сүүлд 2009 онд нэгдүгээр газартай хамтарч “Хөтөлбөрт суурилсан төсвийн төсөл” гэдэг асар том бодлогын баримт бичгийг боловсруулсан, Р.Сүхбат генерал тухайн үед хурандаа байсан, бид хоёр олон хоног нойр хоолгүй суусан даа.


Энэ бүхнийг сонсож суух нь ээ бас л чамгүй ажлыг нугалж байжээ та...


-Эргээд бодоход 10 жил шахам ЗХЖШ-т ажиллахдаа Даргын зөвлөлийн гишүүн, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн, дээр нь өчнөөн олон комисст орж ажилласан байдаг юм билээ. Бие даасан хэлтсийн дарга гэдгээрээ ёстой л ялыг нь ч үүрч, ямбыг нь эдэлж байлаа. Хүндэт харуулын шинэ дайчдын тангаргийн баярт ЗХЖШ-аа төлөөлөн оролцож, индэрт зогсоод л ангийн захирагчаас нь илтгэл авч байв. Эмэгтэй хурандаа бүхэл бүтэн Хүндэт харуулын ангийн захирагчаас илтгэл авна гэдэг бахархмаар биз дээ. Нэг их омогшил, бардамнал мэдрэгдэж билээ, энэ гоё мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй.


Үр хүүхдүүдээс тань таны үйл хэргийг үргэлжлүүлэн мөрдэст албанд зүтгэж явна уу?


-Би хоёр хүү, нэг охинтой. Охиноо БХИС-д орье гэхэд нь зөвшөөрөөгүй учраас охин минь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр, би өөрөө ямар их ачаалалтай байсан нь харагдаж байгаа биз, хүүхдүүдээ цэргийн хүн болгохгүй гэж хорих хүртэл... Гэхдээ хожим л харамсдаг юм байна, нэг хүүгээ ч гэсэн цэргийн хүн болгодог байжээ гэж.


Таны бага балчир нас хийгээд ижий, аавын тань тухай дурсамжаар яриагаа өндөрлөе...


-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Тэр тусмаа тухайн үеийн ажилчны район буюу Хан-Уул дүүрэгт төрж, өссөн. Ижий, аав минь гурван сайхан охин төрүүлж, өсгөсний дундах нь би. Миний эгч хүн зоныхоо эрүүл энхийг манаанд насаараа зогссон хүний их эмч, дүү минь НҮБ хэмээх том байгууллагыг төлөөлж эх орондоо төдийгүй гаднын улс орнуудад 30 гаруй жил ажиллаж байна.


Миний аав Төв аймгийн Заамар сумын уугуул, эгэл жирийн жолооч төдийгүй Монголын мото спортын ууган мастер, Монгол Улсын мото спортын түүхэнд олон улсын тэмцээнээс анх удаа хүрэл медалийг эх орондоо авч ирсэн тамирчин хүн байлаа.


Аав минь Богинын ам, Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл сургуулилтаа базаана, бас тэмцээн уралдаанд ч оролцоно. Тийм учраас миний бага нас тэнд өнгөрсөн гэх үү дээ. Ижий минь Ховд аймгийн Зэрэг сумын уугуул хүн байсан. Аж үйлдвэрийн комбинатын Арьс ширний үйлдвэрийн Шевретийн үйлдвэрт боловсон хүчнээр 20 жил ажилласан. Одоо эргээд ижийнхээ тухай бодоход миний ээж хэдийгээр 4 дүгээр ангийн боловсролтой ч бичиг үсгийн асар өндөр чадвартай хүн байж дээ. Дээр нь хэнтэй ч найрсаг харилцаатай, хэнийг ч ялгадаггүй, хүн бүрийн төлөө сэтгэл дэвссэн тийм сайхан хүн байлаа. Аав, ээж минь биднийг ямар их хайранд өлгийдөж өсгөсөн гэж санана, ялангуяа муу аав минь гурван охиноо эрхлүүлнэ гэж жигтэйхэн, үргэлж л хошуу цорвойлгож үнсдэг сэн. Ийм л сайхан ижий аавын их хайранд өлгийдүүлж өссөн учраас өдий зэрэгтэй яваа гэж санадаг. Ер нь тэгээд их сургуулийн боловсролоос гэрийн суурь хүмүүжил чухал гэж үнэн дээ. Би Нийслэлийн 18 дугаар сургуулийг дүүргэсэн юм шүү дээ. Арван жилийн сургуульд ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн, 8, 10 дугаар ангидаа Эвлэлийн үүрийн дарга, оюутан болоод мөн ялгаагүй Эвлэлийн үүрийн дарга гээд л дандаа сонгуульт ажил хийж байсан. Ямар сайндаа манай 10 жилийн ангийнхан хожмоо намайг “Чи нээрээ мөнхийн дарга юм аа” гэх вэ дээ. (инээв)




Хошууч Д.МЭНДБАЯР

Эх сурвалж: "Соёмбо" сонин