ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 21. /TASS/. Америкийн физикчид анх удаа харилцаа холбооны энгийн шилэн кабелиар энгийн өгөгдлийг дамжуулж байх үед 30 км-ийн зайд квант телепортац /агшин зуур шилжилт хийх/ хийжээ. Энэхүү нээлт нь одоо байгаа интернэтийн шугамыг квант телепортац хийхэд ашиглах боломжийг олгоно гэж Баруун-Хойд бүсийн их сургуулийн (NWU) хэвлэлийн алба мэдээлэв.
“Өмнө нь ийм квант телепортацыг зарчмын хувьд боломжтой гэж хэн ч бодож байгаагүй тул энэ бол асар том амжилт юм. Бидний хийсэн туршилт өгөгдөл дамжуулахад нэг л дэд бүтцийг ашиглах дараагийн үеийн сонгодог болон квант сүлжээг бий болгох замыг нээж өгснөөр квант харилцаа холбооны хөгжилд асар том үсрэлт болж байна” гэж NWU-ийн профессор Прем Кумар ярилаа.
Квант телепортац гэдэг нь бичил ертөнцийн бөөмс квантын түвшинд "орооцолдсон" бол ямар ч зайд нүд ирмэхийн зуур мэдээлэл солилцох физик үзэгдэл юм. Энэ үзэгдлийг олон жилийн турш шилэн кабель эсвэл квант холбооны хиймэл дагуулаар өгөгдөл дамжуулахад ашиглаж ирсэн боловч бүх тохиолдолд мэдээлэл дамжуулаагүй үед эсвэл тусгайлан зохион бүтээсэн холбооны шугам ашиглан хийж байв.
Энэ нь дэлхийг бүрхсэн сүлжээгээр өгөгдөл дамжуулах явцад оптик шилэн шугам болон "ердийн" фотонууд хоорондоо харилцан үйлчлэлд орох үед үүссэн янз бүрийн чимээ шуугиан нь телепортацын үед квант холбооны зангилааны хооронд солилцогдож буй квант төлөвүүдийг алдагдуулна гэж физикчид үзэж байсантай холбоотой. Үүнээс гадна, эдгээр чимээ шуугиан нь бүх боломжит долгионы уртад нөлөөлдөг тул бүрэн арилгах боломжгүй гэдгийг онолын тооцоолол харуулдаг ажээ.
Ингээд физикчид “ердийн” фотонууд ба оптик шилэн шугам хоорондын харилцан үйлчлэлийг нарийвчлан судалж, харилцан үйлчлэлээс үүссэн чимээ шуугиан хамгийн бага (1290 нм) байх долгионы уртыг тодорхойлж, агшин зуур шилжүүлж байгаа бөөмсийн квант төлөвийг алдагдуулахаас өмнө энэ чимээг арилгадаг шүүлтүүрийг квант дохио хүлээн авагчид зориулан сонгожээ.
Эрдэмтэд энэ аргыг туршихын тулд квант дохионы хүлээн авагч болон дамжуулагчийг их сургуулийн сүлжээнд тогтмол мэдээлэл дамжуулдаг 30 км урт, 400 гигабитийн шилэн кабелийн шугамд холбожээ. Улмаар дараачийн хэмжилтүүд нь физикчдийн боловсруулсан эл арга бөөмсийг 80 гаруй хувийн магадлалтайгаар агшин зуур шилжүүлэх боломжтойг харуулжээ. Энэхүү туршилт нь "квантын интернэт"-ийг бий болгохын тулд их магистрал шугамыг ашиглах боломжийг нээж өгч байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Квантын эцэг гeрманы Макс Планк амьд байсан бол баярлах л мэдээ байна ! Eр нь бүх физикийн ихэнхи нээлтийг гeрманууд хийгээд амeрикууд ашиглаад оросууд сурталчилаад явдаг нь үнэн л дэ ! Би ч гэсэн матeриал зөвшөөрөл хоёр нь байвал жижиг атомын бөмбөг хийжхэч чадна л да !