sonin.mn

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүр уламжлал болгон нэгтгэн зохион байгуулдаг “Шууд холбогдох шугам” нэвтрүүлэг ба "хэвлэлийн их хурлын" үеэр иргэд ба сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа.

Өчигдөр буюу пүрэв гарагт болсон нэвтрүүлэг, хэвлэлийн хурлыг энэ удаад “Владимир Путинтэй хамт оныг дүгнэсэн нь” сэдвээр явуулсан бөгөөд 4 цаг 30 минут гаруй хугацаанд үргэлжилж, Оросын Ерөнхийлөгч 60 гаруй иргэн ба сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уулзалт эхлэхийн өмнөх хэдэн өдрийн туршид нийтдээ 2,5 сая орчим асуулт В.Путинд ирснийг GigaChat гэдэг хиймэл оюун ухааны системийн тусламжтайгаар ангилан боловсруулж, Орос оронд тулгамдаж буй орон сууцны хангамж хүрэлцээ, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ зэрэг асуудлыг сонгосон байна.




Түүнчлэн шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хийж магадгүй уулзалт, БРИКС-ийн ирээдүй, долларын ханшны талаарх таамаглал, Хятад улстай тогтоосон хамтын ажиллагаа зэрэг олон улсын харилцааны асуудлаарх асуултууд В.Путинд ирсэн байна.




Нэвтрүүлэг, хэвлэлийн хурлын эхэнд тэрбээр улс орныхоо эдийн засгийн байдлын талаар ярилаа. Түүний хэлснээр, сүүлийн хоёр жилд Оросын эдийн засаг ойролцоогоор 8 хувиар өсжээ.

“Олон улсын санхүүгийн байгууллагуудын хийсэн тооцооллоор, эдийн засгийн цар хэмжээ, худалдан авах чадварын үзүүлэлтээр Орос улс Европ тивд нэгдүгээрт, дэлхийд Хятад, АНУ, Энэтхэгийн дараа дөрөвдүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн онд бид Германыг, энэ онд Японыг гүйцэж түрүүллээ. Гэхдээ энэ бол тайвшрах үзүүлэлт биш” гэдгийг В.Путин дурдлаа.


Тэрбээр мөн Орост ажилгүйдлийн түвшин түүхэнд үзэгдээгүй доогуур хэмжээнд буюу 2,3 хувьтай байгааг онцлов. Одоо харин улс оронд инфляц өсөж байгаа нь түгшүүрийн дохио гэдгийг В.Путин сануулсны сацуу эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа.  

“Шууд холбогдох шугам” ажиллах үеэр Оросын олон иргэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар асуултууд тавьжээ. Путиний дүгнэн хэлснээр, сүүлийн үед иргэдийн орлого, цалингийн хэмжээ хурдацтай өсөж байгаа бол үйлдвэрүүд эрэлтийг хангаж чадахгүй байгаа ажээ.

Түүнчлэн иргэдэд тулгарч буй тодорхой асуудлууд, тухайлбал, гэр бүлийн ипотекийн зээл олгоход тавьдаг нөхцөлүүдээ банкууд байнга өөрчилж байгаагийн улмаас залуу гэр бүлүүд хөнгөлөлт эдэлж чадахгүй байгаад Ерөнхийлөгч эгдүүцэж байгаагаа илэрхийлээд “Ийм асуудлыг хөндөж, асуулт тавьсан танд баярлалаа. Энэ бол муухай хэрэг! Ямар ч хязгаарлалт хориг байх ёсгүй” гэлээ.




Оросын тал зөвшилцөхөд бэлэн




“Улс төр бол зөвшилцөх урлаг юм. Бид зөвшилцөхөд бэлэн байна” гэж Путин хэлээд “хэдийгээр 2022 онд Истанбулд зөвшилцөлд хүрч, Украины тал урьдчилсан байдлаар гарын үсэг зурчихсан байсан боловч Киевийн эрх баригчид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан” гэдгийг сануулан дурдав.

“Гэтэл дараа нь үсээ сонирхолтой байдлаар самнасан Жонсон гэдэг хүн ирээд, “Украин улс сүүлчийн украин хүнийг дуустал байлдах ёстой гэж хэлсэн. Тэгээд байлдсаар байгаа нь энэ. Удахгүй байлдах хүсэлтэй хүн үлдэхгүй” гэж Путин хэлэв. 

“Хэлэлцээг эхлүүлэхийн тулд Орос улс ямар нэгэн болзол, нөхцөл тавихгүй байгаа. Үүний сацуу 2022 оны хавар Истанбулд хэлэлцсэн зүйлүүд яриа хэлэлцээний суурь болох ёстой. Түүнээс гадна, өнөөдөр бий болсон бодит байдлыг Киев хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Украины талаас энхийн хэлэлцээрт В.Зеленский ч гарын үсэг зурах боломжтой, гэхдээ үүний тулд тэрбээр сонгуульд ялах хэрэгтэй болно” гэж В.Путин хэллээ.




Үүний сацуу АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж ярилцахад бэлэн гэдгээ Оросын төрийн тэргүүн мэдэгдэв. “Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр өөрөө хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэж В.Путин хэлсэн байна.

Оросын хувьд түр эвлэрэл бус энх тайван хэрэгтэй гэдгийг В.Путин онцлоод “Байлдааны ажиллагааг хэд хоногоор зогсоохыг Кремль гурван ч удаа зөвшөөрсөн боловч Киев татгалзсаар ирсэн” гэдгийг хэлэв. Жишээ нь, Зул сарын баярын үеэр эвлэрэл тогтоохыг Унгарын Ерөнхийлөгч Орбан санал болгосныг Путин эргэцүүлэн бодъё гэсэн бол харин Зеленский татгалзжээ.  




Курск дахь ажиллагаа, Сирийн асуудлаар...




Курск мужаас Украины цэргүүдийг шахан гаргах тухайд Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Тодорхой хугацаа хэлэх боломжгүй, гэхдээ Оросын цэргүүд үүнийг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Украины цэргийг хөөн гаргасны дараа тус мужийн бүх суурин газрыг, тэдгээрийн дотор жижиг тосгонуудыг ч сэргээн босгоно гэдгээ В.Путин амласан байна. Энэ ажилд эхний ээлжинд 108 тэрбум рубль төсөвлөөд байгаа ажээ.

Түүнчлэн Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа цаашид хэр зэрэг удаан үргэлжлэхийг тааж хэлэх боломжгүй гэдгийг Оросын Ерөнхийлөгч хэлэв. “Байлдааны ажиллагаа гэдэг бол маш төвөгтэй үйл явц, иймээс урьдчилан таамаглах нь утгагүй. Цэргийн тусгай ажиллагааны эхэнд тавьсан зорилтуудад хүрэхээр бид урагшилсаар байна гэж тэрбээр ярилаа.

Анхаарал татсан өөр нэгэн чухал сэдэв нь Сиритэй холбоотой байлаа. “Ерөнхийлөгч Башар аль Асад Москвад ирснээс хойш би түүнтэй уулзаагүй байгаа, гэхдээ заавал уулзаж ярилцана” гэж В.Путин Америкийн сэтгүүлчийн асуултад хариулаад, “Бид Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дэмжиж байгаа бөгөөд шинэ эрх баригчидтай харилцаа тогтооход бэлэн байна” хэмээн нэмж хэлэв.




Түүнчлэн Сири улсад Оросын хуурай замын цэрэг байхгүй, харин цэргийн нисэх хүчний нэг бааз, тэнгисийн цэргийн нэг бааз бий гэдгийг тэрбээр дурдаад эдгээр баазыг Сирид үлдээх бодолтой байгаагаа хэлэв. 





Эх сурвалжууд: ТАСС, РИА Новости, Ren TВ 



Б.Адъяахүү