sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 22 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түр төсвийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурснаар засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос /шатдаун/ зайлсхийх боломжтой болсон тухай Цагаан ордны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Уг хуулийн төслийг Сенатын танхим бямба гарагт шилжих шөнө баталсан бөгөөд 85 гишүүн төслийг батлахын төлөө саналаа өгсөн байна. Өмнөх өдөр нь мөн Конгрессын доод танхимд санал хураалт болж, Төлөөлөгчдийн танхимын 366 гишүүн уг хуулийн төслийг батлахыг дэмжжээ.




АНУ-ын Засгийн газрыг ирэх гуравдугаар сар хүртэл санхүүжүүлэх тухай уг хуульд байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэхэд 100 тэрбум ам.доллар, мөн фермерийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихэд 10 тэрбум ам.доллар хуваарилахаар тусгажээ. 




Хэрэв төсөв батлагдахгүйн улмаас засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон тохиолдолд хууль сахиулах байгууллагууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцсан газар зэрэг олон байгууллагын үйл ажиллагаа зогсож, мөн холбооны засгийн газрын олон сая албан хаагч цалингаа авч чадахгүйд хүрэх байв. Засгийн газрын үйл ажиллагаа зогсвол агаарын тээврийн компаниуд, зочид буудлууд болон бусад бизнесүүд долоо хоногт нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж, Зул сарын баярын үеэр томоохон саатал үүсэж болзошгүйг АНУ-ын Аялал жуулчлалын салбарын худалдааны холбоо /U.S. Travel Association/ анхааруулж байлаа.




“Ийм үр дүнд хүрсэнд бид баяртай байна” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон санал хураалтын дараа мэдэгджээ. Тэрбээр мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай ярьснаа дурдаад түүнийг мөн "ийм үр дүнд хүрсэнд сэтгэл хангалуун байгааг" хэлсэн байна

АНУ-ын Засгийн газрын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн шатдаун 2018 оны 12 дугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл 34 хоног үргэлжилж байжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан хэдэн тэрбум долларыг тусгаагүй төсвийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахаас татгалзаж байв.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг