sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 22 /Bloomberg/. Панамын сувгийг ашиглах одоогийн нөхцөлийг өөрчлөхгүй бол тус сувгийг АНУ-ын мэдэлд буцааж өгөхийг шаардаж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Truth Social” сүлжээндээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, Панамын эрх баригчид “инээд хүргэмээр” өндөр төлбөрөө тохируулан тогтоож, “АНУ-ыг хуурахаа” болих ёстой. Панамын суваг нь улс орных нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул амин чухал үндэсний баялагт тооцогддог гэдгийг тэрбээр онцолсон байна.




“Хэрэв энэхүү өгөөмөр бэлгийн ёс суртахууны болон хууль эрх зүйн зарчмуудыг хүндэтгэхгүй бол бид Панамын сувгийг бүрэн бүтнээр нь ямар ч асуудалгүйгээр буцаан өгөхийг шаардах болно” гэж Д.Трамп нэмж хэлжээ. 




Панамын суваг 1914 онд албан ёсоор ашиглалтад оржээ. Тус суваг нь Панамын хоолойн баруун хойноос зүүн урагш, Атлантын далайн эрэг дээрх Колон хотоос Номхон далайн эрэг дээрх Панам хот хүртэл үргэлжилдэг. Энэ суваг бүхэлдээ Панам улсын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Номхон далайн Панамын буланг Карибын тэнгис, Атлантын далайтай холбодог. Сувгийн урт нь 80 км (үүнээс 65 км нь хуурай газар байрладаг) бөгөөд нэвтрүүлэх хамгийн дээд хүчин чадал нь жилд 17 мянга орчим хөлөг онгоц, 300 сая тонн ачаа ажээ. 




АНУ бол Панамын сувгаар үйлчлүүлэгч хамгийн том орон бөгөөд нийт бараа эргэлтийнхээ дөрөвний гурвыг тус сувгаар дамжуулан тээвэрлэдэг. Тус улсын дараагаар Хятад улс хоёрдугаарт ордог. Д.Трамп энэ суваг "буруу гарт орох" вий, өөрөөр хэлбэл Бээжингийн хяналтад орох вий гэж болгоомжилж байна. Панамын албаны хүн хэлэхдээ, тус улсын эрх баригчид Трампын мэдэгдэлтэй танилцсан, хариуг нь өгөхөөр бэлтгэж байна гэжээ.

Панамын сувгийн захиргаанаас мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд дуусгавар болсон энэ оны санхүүгийн жилд дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоо 2023 онд 12,638 байсан бол 9,936 болж 29 хувиар буурчээ. Ийнхүү буурах болсны шалтгаан нь хур тунадасгүй хуурай улирал удаан үргэлжилсэнтэй холбоотой байна.




Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг