ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /AP/. Америкийн “UnitedHealthcare” даатгалын компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 26 настай залууг пүрэв гарагт Манхэттений шүүх "бусдыг мөшгөсөн, хүний аминд хүрсэн" хэрэгт буруутгажээ. Тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял сонсох магадлалтай байна.
Луижи М гэгчийг Нью-Йоркийн прокурорууд мөн хүн амины болон терроризмын хэргээр шалгаж байгаа ба гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ. Түүнийг халдлага гарснаас хойш таван өдрийн турш хайсны эцэст 12 дугаар сарын 9-нд Пенсильвани муж улсаас баривчилсан юм. Улмаар хотын дарга Эрик Адамсын удирдлага дор цагдаа нарын хатуу хамгаалалтад Нью-Йорк руу шилжүүлэн өгчээ.
Даатгалын компанийн гүйцэтгэх захирлыг хөнөөж Америкийн донсолгосон хэргийн сэжигтнийг орон даяар эрэн хайсны эцэст Пенсальваниас баривчлах үед Б.Томпсоны амийг хөнөөхөд ашигласан буу, паспорт, хуурамч үнэмлэх, мөнгө зэргийг биедээ авч явж байв. Прокурорууд Луижи М-ийг халдлагыг маш нарийн төлөвлөсөн гэж үзэж байна. Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн даатгалын салбар болон түүний удирдлагуудын эсрэг дайсагнасан утга агуулга бүхий гар бичмэлүүдтэй тэмдэглэлийн дэвтэр авч явжээ.
Харин Луижи М манай компаниар хэзээ ч үйлчлүүлж байгаагүй гэж АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн даатгалын компани болох “UnitedHealthcare” мэдэгдсэн байна. Луижи М-ийн Нью-Йорк дахь өмгөөлөгч Карен Фридман Агнифило түүнд хэт хатуу шийтгэл ногдуулж байна гэж мэдэгдээд, шүүх дээр түүнийг өмгөөлөхөө мэдэгджээ.
Үүнээс гадна, Манхэттений шүүхийн байрны гадаа Луижи М-ийн цөөн тооны дэмжигч эрүүл мэндийн даатгалын салбарыг буруушаасан уриа лоозон барин жагсжээ. Зурагт хуудсуудад “Эрүүл мэнд эд баялгаас илүү үнэ цэнтэй”, “Луижи биднийг чөлөөлсөн” гэх зэрэг үгсийг бичсэн байв. Б.Томпсоныг хөнөөсөн хэрэг Америк дахь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээтэй холбоотой маргааныг олон нийтийн дунд үүсгэж, жил бүр 500 мянга орчим хүн эмнэлгийн төлбөрийн улмаас дампуурлаа зарладаг нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
манайд ч бас баахан даатгалын хулгайч компаниуд. шал хэрэггүй хэнд ч хэрэггүй. алах болтол хүний дургүй хүргэдэг болтой. эмд нд хоёр байхад болоо.