sonin.mn

Мягмар гарагийн орой Израилд пуужингийн бөөгнөрүүлсэн цохилт өгсөн Ираны тал “энэ бол Хезболла ба ХАМАС-ын удирдагчид амиа алдсаны хариуд хийсэн ажиллагаа” гэж мэдэгджээ. Цохилтын улмаас хэр хэмжээний хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна.


Орон нутгийн цагаар оройны 9.30 цагт Израилын арми иргэдэд хандан мэдэгдэхдээ, аюул нэгэнт өнгөрсөн тул хоргодох байрнуудаас гарч болно гэжээ. Израилын армийн урьдчилан тооцоолсноор, Ираны тал 180 пуужин харвасан байна.  


Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари-гийн мэдэгдсэнээр, хэд хэдэн пуужин тус улсын төв ба өмнөд нутгуудад унажээ. "Jerusalem Post" сонинд бичсэнээр, Тель-Авив хотын хойд дүүрэг ба бусад газар пуужингийн цохилтод өртсөн байна. Иерусалим ба Тель-Авив хотуудад хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай “Гаарец” сонин мэдээлжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш мэдэгдэл гаргаж, энэ бол Ойрх Дорнодод мөргөлдөөнийг даамжруулахад хүргэх аюултай ажиллагаа хэмээн Ираны цохилтыг буруушаагаад нэн даруй гал зогсоохыг уриаллаа.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пуужингийн дайралтыг няцаахад нь Израилд туслахыг Америкийн цэргийнхэнд тушаасан байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 13-нд Ираны тал Израил руу олон тооны пуужин, дрон харвах үед АНУ болон холбоотнууд довтолгоог няцаахад нь Израилд тусалж байсан юм. 


Ираны мэдэгдэл


Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдэгдэл хийж, энэ удаагийн пуужингийн цохилт бол Хезболла-гийн удирдагч Хасан Насралла, ХАМАС-ын удирдагч Исмаил Хания нар Израилын цохилтод өртөн амиа алдсаны хариуд хийж буй ажиллагаа гэдгийг дурдлаа.


Мөн Ираны дээд удирдагч Али Хаменеи твиттер хуудсандаа иврит хэлээр бичихдээ, цаашид Израилд илүү хүчтэй цохилтууд өгөх болно гэж анхааруулжээ.


Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Х нийгмийн сүлжээнд бичихдээ, энэ удаагийн цохилтын зорилго нь “Иран улс сөргөлдөхийг хүсэхгүй байна, гэхдээ өөрийн ашиг сонирхол, ард иргэдээ хамгаалахад бэлэн гэдгийг Израилд сануулж буй явдал” гэжээ.  


Пуужингийн цохилт өгч эхэлсний дараа Ливан улс агаарын орон зайгаа хаасан бол Ираны тал Техран хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ удаагийн агаарын дайралт Израилын шинэ жилийн баяр болох Рош ха-Шан эхлэхээс нэг өдрийн өмнө болжээ.


Израилын холбоотнуудын мэдэгдлүүд


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ, Ираны цохилт бол “хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл” гэдгийг дурдаад, ийм үйлдлийг зэмлэн буруушаахыг улс орнуудад уриалжээ. 


CNN сувгийн мэдээлснээр, Ираны пуужингийн довтолгоог няцаахад Газар Дундын тэнгист байрлаж буй Америкийн эскадрын мина зөөгч гурван хөлөг онгоц оролцсон байна.


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, холбоотнуудынхаа тусламжтайгаар Израил улс хохирол амсаагүй гэдгийг дурдаад “пуужингийн цохилт нь ноцтой үр дагаварт хүргэнэ” гэдгийг Иранд санууллаа.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай утсаар ярихдаа, Их Британи улс Израилын аюулгүй байдлыг хангахад цаашид туслах шийдвэр төгс байгааг дурдаад, Ливанд гал зогсоохыг уриалсан байна.


Францын Ерөнхий сайд Мишел Барнье парламентад үг хэлэхдээ, Иран ба Израилын хооронд шууд мөргөлдөөн дэгдэж болзошгүй байгааг сануулжээ. Германы Гадаад харилцааны сайд А.Бербок Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, Ираны пуужингийн цохилт нь бүс нутгийг ангал руу түлхэж байна гэсэн байна. 


Ираны холбоотнуудын мэдэгдлүүд


Ираны дэмжлэгтэй ХАМАС бүлэглэлийн зүгээс пуужингийн цохилт өгснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ бол “зовж шаналан амиа алдсан баатарлаг хүмүүсийн өшөөг авч буй хэрэг” гэдгийг дурдлаа. Ирак дахь Ираныг дэмжигч бүлэглэлүүд мэдэгдэхдээ, хэрвээ америкчууд Иранд цохилт өгвөл Иракт байрлаж буй Америкийн цэргийн баазуудад дахин цохилт өгнө гэж анхааруулжээ. 



Б.Адъяахүү