sonin.mn

Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.


Тэрээр энэ үеэрээ: "Би гурван удаа МАН-аас хөөгдсөн. Буцаж орно гэх яриа бол бий, бодитой байгаа. Гагцхүү энэ чинь яриа шүү дээ. Албажаад ажил хэрэг болж байна уу гэвэл үгүй. Би өөрөө ийм санал тавиагүй. Гурван удаа хөөгдчихөөд буцаад намдаа оръё гээд хадаг бариад Ардын намын цагаан байрны гадаа лав очоогүй.

Ер нь бол эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий улс төрчид 2024 оны сонгуулиас хойш л ярьж байгаа шүү дээ.

Албан ёсоор санал тавьбал эргэж харах ёстой. Ганцаараа шийдвэр гаргах эрх надад байхгүй.Би маш тодорхой байр суурь хэлчихье.


“МАК” гэхээр Номтойбаяр гэдэг шиг, “Их засаг” гэхээр манай Ерөнхий сайд байдаг. Бүгдээрээ л мэднэ. Нэг зүйл дээр би бат итгэлтэй байгаа нь юу вэ гэхээр тэр 3.5 тэрбум төгрөгийг өөрөө авах гэж анхнаасаа захиалаад явах хүн огт биш. Энэ нь өөрөө нотлогдож байгаа зүйл байхгүй байна л даа. Би Шадар сайд гээд өмөөрөөд байгаа юм биш. Нотлох баримт л ярих хэрэгтэй шүү дээ.


Нөгөө талдаа Өргөдлийн байнгын хороон дээр тэр 50 тэрбум төгрөгийн бүтцэд байгаа 9.8 тэрбум төгрөг буюу 6 хувийн сургуулиудад хувьсах зардал нэрийдлээр тарааж өгөх тооцоо, судалгаа байсан нь Өргөдлийн байнгын хороон дээр ирчихсэн юм байна. Энэ бол хөдлөшгүй нотлох баримт.


Жишээ нь, Засгийн газрын зүгээс Улсын Их Хурал дээр ирж байна. За, мэдээж гишүүд аливаа төсвийн задаргааг асуух нь зарчмын асуудал. Яагаад гэхээр энэ дээр чинь дэмжих үү, үгүй юу гээд шийдвэр гаргадаг биз дээ. Ямар ч тохиолдолд бид битүү хайрцагтай юм хүлээж авдаггүй шүү дээ. Дотор нь юу байгааг нягталж үзнэ шүү дээ. УИХ-ын гишүүд ажлаа хийсэн.


Гэтэл өнөөдөр Л.Энх-Амгалан сайд арай л буруу ярьчихлаа. Энэ бол Засгийн газрын сайдын хувьд ярьж байгаа бол зөв ярьмаар байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрөө байр сууриа илэрхийлж байгаа бол энийгээ салгаж, заагламаар байна. Тэгэхгүй бүгдийг нь хольж хутгаад, бусдыгаа хэрэгт чирээд, өөрсдөө тэр мөнгөө гүйж очиж аваагүй л юм байна лээ шүү дээ. Материал нь ирчихсэн байна л даа. Өргөдлийн байнгын хороон дээр.


Одоо эцсийн дүндээ, за би тодорхой ярья. “Их засаг” их сургууль хүсээгүй байхад, мэдээгүй байхад яагаад өгнө гэж төлөвлөсөн юм? Энийг яагаад Боловсролын сайд нь өөрөө хянадаггүй юм? Энэ 50 тэрбум битгий хэл, 500 төгрөг ч гэсэн хянадаг шүү дээ. Сангийн яам ч гэсэн энийг хянах ёстой шүү дээ. Тийм биз дээ? Хэрэг эрхлэх газар ч гэсэн энийг хянах ёстой байхгүй юу. Хянах үүрэг, хариуцлага нь хуулиараа олгогдчихсон шүү дээ.


Тэгэхээр нэг талдаа аливаа асуудалд өнгөцхөн ханддаг сайд нарын хариуцлагагүй асуудал уу, эсвэл нөгөө талдаа санаатай, зохион байгуулалттай ийм юм хийсэн үү? Энд бид нар маш их эргэлзэж байна.


Аан, тэгээд энэ бүгдийг чинь өнгөрсөн 2, 3 өдрийн хүрээнд ярьж байгаа нөхдүүд, за тэгээд энэ бодит явдал өрнөсөн байдлыг харахаар уур хүрмээр байна шүү дээ. Яагаад гэхээр би эд нарын хариуцлагагүй байдлаас болж миний байгаа Засгийн газрын нэр хүнд сэвтээд, тэр тусмаа толгойлж байгаа Ерөнхий Сайдын нэр хүнд сэвтээд, хардагдаж, сэрдэгдээд явах чинь надад ч гэсэн таагүй л байна шүү дээ.


Тэгэхээр энэ асуудлыг заавал шалгаж тогтоож, буруутай этгээдийг олж тогтоох л ёстой." гэв.


У.Анударь