Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролцож, “2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо” сэдвээр ярилцлага өгчээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Одоогоос 25 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотноо болсон алан хядах ажиллагаа дэлхий дахиныг цочирдуулсан, аймшигтай үйл явдал байсныг олон улс хүлээн зөвшөөрдөг. Тэр үйл явдлын дараа дэлхий дахинд ямар өөрчлөлт гарав. Алан хядах ажиллагаа, терроризмтой тэмцэх чиглэлд, мөн жижиг болон том улс орнуудын хоорондын харилцаанд ямар үр дагавар мэдрэгдэв. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар хуралдаж байв уу. Ямар шийдвэр гаргаж байв. Энэ талаар яриагаа эхэлье?
-Одоогоос 25 жилийн өмнө Нью-Йорк хотын хоёр ихэр өндөр барилга руу террорист халдлага болж, дэлхий нийтийг цочроосон, Америкийн түүхэнд хараар бичигдсэн эмгэнэлт үйл явдал болсон. Үүнийг саяхан буюу өчигдөр, уржигдар АНУ-д маш өргөн хүрээнд дурслаа. Энэ ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс оролцсон. Ерөнхийлөгч Трамп өөрөө Пентагонд болсон уулзалтад оролцож, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалтай холбогдуулан бодлогын үг хэлснийг та бүхэн харсан, сонссон байх гэж найдаж байна.
Энэ үйл явдлыг ерөөсөө мартаж болохгүй. Ийм чухал үйл явдлын талаар өнөөдөр ярилцаж, үүний дараа дэлхий дахины харилцаа хэрхэн өөрчлөгдсөн, ямар сургамж үлдсэн талаар ярихаар намайг урьж оролцуулж байгаад баяртай байна. Би есдүгээр сарын 11-ний орой өөрөө яг юу хийж байснаа дурсаж, яриагаа эхэлье гэж бодож байна. Яагаад “орой” гэж ярьж байна вэ гэхээр АНУ, Монгол Улсын хооронд дунджаар 12 цагийн зөрүүтэй. АНУ-д есдүгээр сарын 11-ний өглөөний 08:00-08:30 цаг болж байсан гэсэн үг. Би Ерөнхий сайд байсан. Тэгээд орой 20:30 цагийн үед өрөөндөө ажиллаад сууж байхад тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Мөнх-Оргил над руу холбогдсон. Тэгээд “Ерөнхий сайд аа, та телевизээ үзэж байна уу” гэж асуусан. Би “Үгүй ээ, ажлаа хийгээд сууж байна” гэсэн. Тэгэхэд “Та телевизээ асаагаарай. Америкт маш аймшигтай юм болж байна” гэсэн.
Тэгээд асаасан нэг байшин нь шатчихсан, онгоц мөргөсөн байсан. Харин нөгөө байшин нь шатаагүй байсан. Харсаар байтал 21:00 цаг жаахан өнгөрч байхад хоёр дахь онгоц нөгөө барилгыг мөргөж орсон. Тэр үйл явдал нүдэн дээр болж байсныг би маш тод санаж байна. Тэгээд бид Гадаад хэргийн яамныхаа хүмүүстэй утсаар холбогдсон. Тухайн үед Л.Эрдэнэчулуун Гадаад хэргийн сайд, Сү.Батболд дэд сайдаар ажиллаж байсан. Энэ хүмүүстэй холбоо барьж, АНУ-ын Элчин сайдын яамныхантай яаралтай холбогдох үүрэг өгсөн.Мөн Вашингтонд байгаа Элчин сайдын яамныхантай холбогдож, тэдний аюулгүй байдлыг хангах, тэнд яг юу болж байгаа талаар газар дээрээс нь мэдээлэл авах үүрэг даалгавар өгч байснаа санаж байна.Тухайн үед Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ж.Чойнхор ажиллаж байсан. Түүнтэй холбоо барихад “Бид Элчин сайдын яамны байрнаас гарсан. Америкийн талаас бүх байгууллагад байрнаасаа гарч, болж өгвөл тарж, хотоос гарах чиглэл өгсөн. Тиймээс Вашингтон хотоос гарахаар явж байна. Өргөн зам дээр түгжрэл үүсчихсэн, хөдөлгөөн маш удаан байна” гэж хэлж байсан.
Тэгээд бид байнга холбоотой байж, бие биедээ мэдээлэл өгч байхаар болсон.
АНУ-ын Элчин сайдын яамтай Гадаад хэргийн яамны шугамаар холбоо барьж, юуны өмнө эмгэнэл илэрхийлсэн. Мөн “Монгол Улс хэрхэн туслах вэ, бидэнд мэдээлэл өгч байгаарай” гэх зэргээр санал бодлоо хуваалцсан. Тухайн үед Ерөнхийлөгч Жорж Буш Флорида мужийн нэгэн жижиг хотын сургуульд очиж, хүүхдүүдтэй хамт ном уншаад сууж байсан. Ерөнхийлөгч Бушийн Тамгын газрын дарга очиж чихэнд нь шивнэж байгаа алдартай зураг байдаг шүү дээ. Яг хичээл орж байх үед нь эхлээд “Америкийн хоёр өндөр барилгын нэгийг онгоц мөргөлөө. Онгоц андуурч мөргөсөн байж магадгүй, шалгаж байна” гэж мэдээлсэн. Харин хоёр дахь онгоц мөргөсний дараа “Энэ бол АНУ руу халдаж байгаа халдлага байна” гэж хэлсэн гэдэг. Ерөнхийлөгч Буш ийм аймшигтай мэдээ сонсчхоод тайван байхыг их хичээж байгаа боловч нүд нь гүйгээд, бие нь их тавгүй, хөдөлгөөн нь хөшүүн болж байгаа нь тэр дүрс бичлэгээс харагддаг. Тэгээд бид Америкийн талтай хэрхэн хамтран ажиллах вэ, яаж туслах вэ гэх зэргээр ярилцсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ч энэ асуудлыг хэлэлцсэн.
-Тэр үед ҮАБЗ болон Монголын талаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Би Ерөнхий сайдын хувьд тун удалгүй, хэдхэн хоногийн дараа АНУ-д НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор явсан. Тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай анх удаа уулзсан. Тэр үед бид АНУ-ын ард түмнийг бүрэн дэмжиж, уй гашууг нь хуваалцаж байгаагаа мэдээж илэрхийлсэн. Тухайн үед Жасрай гуайн хүү Жанцан гэдэг залуу “Монгол шуудан” компанийн захирлаар ажиллаж байсан. Намайг явахаас өмнө уулзъя гээд ирсэн. Тэрээр “Монгол шуудан” компаниас терроризм, террорист халдлагын эсрэг нэгдэхийг уриалсан англи бичигтэй, хоёр өндөр барилга болон Эрх чөлөөний хөшөөг дүрсэлсэн марк гаргаж байгаагаа хэлээд, “Үүнийг та Америкийн талд уламжилж өгнө үү” гэсэн. Би “Зөв байна. Жанцан, чи үүнийгээ гарга. Би удахгүй АНУ руу явна. Тэгэхдээ авч очоод АНУ-ын албаны хүмүүст гардуулъя” гэсэн. Ингээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Буштай уулзаж, тэр маркийг гардуулсан. Ерөнхийлөгч Буш тухайн үед сэтгэл санааны хувьд маш их эмзэг байгаа нь мэдэгдэж байсан. Бараг нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаа мэт сэтгэгдэл надад төрж байлаа. Гэхдээ мэдээж биеэ барьж байсан. “Айхтар аллага боллоо” гэж хэлж байсан.
Ерөнхийлөгч Буш тэр халдлагаас урьдчилан сэргийлж чадаагүй, харамсалтай нь халдлага болчихсон байсан. Харин халдлагын дараа болсон үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, парламент цаашид юу хийх вэ гэдгийг маш шуурхай зохион байгуулж, ажилдаа орсон. Маш хурдтай ажилласан. Тухайн үед Ерөнхийлөгч Бушийн рейтинг анх удаа 90 хувьд хүрч байсан.
Бид тэнд түүхэн уулзалт хийсэн. Тэр үеэр би аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулж байсан. Халдлагатай холбоотойгоор терроризмыг таслан зогсоохын тулд АНУ хэд хэдэн хэт туйлширсан үзэлтэй бүлэглэл, тэднийг орогнуулж байсан улс орнуудын асуудалд анхаарлаа хандуулсан.
Ялангуяа Осама Бин Ладен тэргүүтэй “Аль-Каида” байгууллага энэ халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тэр дороо мэдэгдсэн. “Аль-Каида” байгууллагын 19 гишүүн өөрсдийгөө бэлтгэж, АНУ-д орчин үеийн том онгоц жолоодох сургалтад хамрагдан бэлтгэлээ хангачхаад энэ хорт үйл ажиллагааг хийсэн байдаг.
Тэд Бостон болон бусад хотоос, баруун эргээс зүүн эрэг рүү нисэж байсан өглөөний нислэгүүдэд сууж, нисгэгчдийн бүхээг рүү халдан, зармыг нь хөнөөж, заримыг нь айлган сүрдүүлж, онгоцыг өөрсдөө жолоодон хоёр өндөр барилгыг мөргөсөн байдаг. Осама Бин Ладен Афганистанд нуугдаж байсан. Тухайн үед Афганистанд Талибаны дэглэм байсан. Тиймээс АНУ Осама Бин Ладеныг шилжүүлж өгөх шаардлагыг Талибанд тавьсан. Гэвч Талибаны Засгийн газар Осама Бин Ладеныг хамгаалсан гэх юм уу, өмөөрсөн гэх юм уу, АНУ-д шилжүүлж өгөөгүй. Ингээд АНУ 2011 оны аравдугаар сард Афганистан руу халдсан.
Энэ үед манай Засгийн газрын гишүүд, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүд нөхцөл байдалд туйлын сонор сэрэмжтэй хандаж, шуурхай арга хэмжээ авах, Монголын талаас юу хийж болох вэ гэдэгт нэлээд идэвх санаачилгатай ажилласан. Манай Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа болон бусад албан тушаалтан байнга цугларч, уулзан, мэдээлэл солилцож, Америкийн талтай тогтмол холбоотой ажиллаж байсан. Тийм учраас бидний үйл ажиллагаа тухайн үед дэлхийн томоохон улс орнуудын авч хэрэгжүүлж байсан арга хэмжээтэй нэгэн зэрэг, нэг хэмнэлээр явж байсан гэж хэлж болно.
-Бодлогын хувьд ямар дэмжлэг үзүүлж байсан бэ?
-АНУ-ын Засгийн газар алан хядах үйл ажиллагаатай тэмцэхдээ Монгол Улсын агаарын орон зай, нутаг дэвсгэрийг ашиглах шаардлага гарвал бид тийм бололцоог олгоно гэдгээ илэрхийлсэн. Мэдээж Монголын нутаг дэвсгэрийг ашиглана гэдэг амархан асуудал биш. Манай хоёр хөрш байна. Гэхдээ бид найрсаг хандаж, дэмжиж байгаагаа тэгж илэрхийлсэн. Тухайн үед энэ байр суурь зарим хүнд нэлээд цочмог сонсогдсон байж магадгүй. Зарим хүн янз бүрээр шүүмжилж, эргэлзэж байсныг би санаж байна.Гэхдээ АНУ-ын хувьд Монголын нутаг дэвсгэр Афганистантай холбоотой үйл ажиллагаа явуулахад дэндүү хол, газар зүйн байрлалын хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс Киргизстанд баазаа байгуулж ажиллахаар болсон. Киргизстан нь газар зүйн байрлалын хувьд Монгол Улсаас Афганистанд илүү ойр байсан учраас тэнд баазаа байгуулж, тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлсэн. АНУ нэлээд хэдэн жил Киргизстаны нутаг дэвсгэрийг ашиглан Афганистанд нуугдсан Осама бин Ладеныг илрүүлж олох, устгах ажиллагаа явуулсан. Тэр үед Осама бин Ладен уулын доорх маш гүнзгий газарт нуугдсан гэж үзэж байсан учраас уулын доорх байгууламжид нэвтэрч хүрэх чадалтай, маш хүчтэй пуужингуудыг ашиглаж эхэлсэн. Газрын гүнд нэвтэрч дэлбэрдэг тийм пуужингууд ашигласан ч Осама бин Ладеныг устгаж чадаагүй.
Харин дараа нь Ерөнхийлөгч Барак Обамагийн үед буюу 2011 онд Осама бин Ладеныг Пакистанд нуугдаж байхад нь илрүүлсэн. Ингээд Америкийн тусгай хүчнийхэн түүний байрлаж байсан газарт довтлон орж, устгасан.
Осама бин Ладеныг шүтдэг, дэмждэг хүмүүс байсан учраас оршуулсан газар нь мөргөлийн газар болж, хүмүүс тийшээ цувж болзошгүй гэж Америкийн тал болгоомжилсон. Тиймээс түүний шарилыг чандарлаж, чандрыг нь далайн усанд, хаана гэдэг нь мэдэгдэхгүй газарт цацсан байдаг. Тийм учраас Осама бин Ладены оршуулсан газар гэж байхгүй. Ингээд АНУ Монгол болон өөрийг нь хамгийн түрүүнд дэмжиж байгаагаа илэрхийлсэн бусад улс оронтой нягт, ойр ажиллаж эхэлсэн. Үүний дараа Иракт үй олноор хөнөөх химийн зэвсэг байж магадгүй гэсэн таамаглал гарсан. Тагнуулын мэдээллээр ийм зэвсэг байгаа байж болзошгүй, түүнийг устгахгүй бол терроризмын үйл ажиллагаа улам өргөжнө гэж үзсэн.
Тиймээс АНУ Иракийг сэргээн босгох бүхэл бүтэн үйл ажиллагаа явуулах хөтөлбөр зарласан. Улмаар дэлхийн улс орнуудад “Энэ үйл ажиллагаанд эвсэж, нэгдээч” гэсэн урилга явуулсан.
-Тэр үед манай улсад урилга ирүүлж байсан юм байна?
-Тийм ээ. Тухайн үед Монгол Улс ийм том гүрнээс урилга авна гэдэг ховор тохиолдол байсан. Урьд нь Монгол Улс АНУ шиг том орноос “Хамтран ажиллая” гэсэн урилга авч байгаагүй.Тиймээс бид гуравдагч хөршийн бодлогоо бодитой хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнээ шинэчлэх, олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөх, жижиг улс хэдий ч ардчилсан орон гэдгээ нотлон баталгаажуулах зэрэг олон талаас нь бодсон. Ингээд энэ нь зөв зүйтэй шийдвэр юм байна гэж үзээд Ирак дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах нь зүйтэй гэж шийдэж, явуулсан юм. Энэ бол 2003 он.
Би өөрийнхөө ажигласан нэг зүйлийг хэлье. Үүнийг хэлэхэд манай Зэвсэгт хүчнийхэн нэг их гомдохгүй байх гэж бодож байна.Бид анхны цэргийн бие бүрэлдэхүүнийг Ирак руу үдэж гаргасан. Би Ерөнхий сайдын хувьд очсон, бусад албаны хүмүүс ч байсан. Тэр үед цэргүүд маань, энгийн үгээр хэлбэл, жаахан доожоогүй дүү харагдаж байсан. Хөлөө чирээд байгаа ч юм шиг, жаахан бөгтийгөөд, өвдөг нь нугарчихсан ч юм шиг харагдаж байсан. Би дараа нь харсан дүр зурагтайгаа харьцуулахад тэгж санагддаг юм.
Харин Иракт алба хаагаад ирсэн цэргүүдээ угтахад шал өөр хүмүүс болчихсон байсан. Нуруу нь хадаас шиг цэх, өвдөг нь шулуун, хөлөө чирэх биш өндөр өргөж алхдаг, харц дээгүүр болсон байлаа. Анх үдэж гаргасан хүмүүс маань шал өөр хүмүүс болоод ирсэн.Тэгээд би Ж.Гүррагчаа сайдаас “Энэ хүмүүс ямар хурдан өөрчлөгдөв өө. Манай цэргүүд ямар сайхан болчихоо вэ” гэж асууж байсан.
Ер нь Иракт болон энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн цэргүүдийг хараарай. Ялангуяа Иракт үүрэг гүйцэтгээд ирсэн цэргүүдэд энэ өөрчлөлт тод харагдаж байсан. Сүүлийн үед би төрийн ажлаа өгөөд удаж байгаа учраас өнөөдөр манай цэргүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг хэлж мэдэхгүй байна. Харин яг тэр үед надад төрж байсан сэтгэгдэл бол ийм.Би Ж.Гүррагчаа сайдаас “Энэ хүмүүс яагаад ийм хурдан өөрчлөгдчихөв өө” гэж асуухад “Харин тийм. Америк, Польш болон бусад орны цэргүүдтэй мөр зэрэгцээд ажиллахаар Монгол хүн өөрөө хэнээс ч дутахгүй гэж хичээдэг. Энд байхдаа бидний хувьд арми юуны төлөө байгааг төдийлөн ойлгохгүй байх үе байсан. Харин цэргийн алба нь ийм утга учиртай болж, бусад орны цэргүүдтэй өөрсдийгөө харьцуулах боломж олдон, эрсдэлтэй орчинд ажиллаад ирэхээр Монгол хүн сэргээд, нүдэнд нь гал цог орж, нуруу нь цэх болдог. Манайхан ийм сайхан дайчид” гэж цэргүүд, офицеруудаараа их бахархаж ярьж байсан.Би үүнд нь их баярласан. Тэгээд “Энэ чинь зөвхөн Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөж, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна Зэвсэгт хүчний шинэчлэлийг бодитой болгох юм байна” гэж бодсон.
Яагаад гэвэл Зэвсэгт хүчний шинэчлэл цэрэгтээ хэрхэн хүрч, яаж нөлөөлж байна вэ гэдэг нь хамгийн түрүүнд харагдана. Цэргүүдэд эергээр нөлөөлж, орлого нь нэмэгдэж, алба хааж байгаагийнх нь утга учир, үнэ цэн нэмэгдэж байвал их зүйтэй гэж би үздэг. Энэ утгаараа АНУ-д болсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага нь Монгол шиг жижиг улсыг АНУ-ын итгэлтэй, найдвартай түнш болоход, цаашлаад үүнтэй холбоотой дараа дараагийн олон үйл ажиллагаанд оролцоход тодорхой хэмжээгээр учир шалтгаан болсон гэж хэлж болно.
-Тэгэхээр 2005 онд таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед АНУ-ын төрийн тэргүүн Жорж Буш Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Одоог хүртэл Төв Азийн таван улсад АНУ-ын Ерөнхийлөгч айлчлаагүй байна. Гэтэл 21 жилийн өмнө АНУ-ын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилсан нь тухайн үедээ олон улсын хэвлэлүүдээр хүртэл мэдээлэгдэж байсан томоохон үйл явдал. Тэгэхээр Бушийн айлчлал Монгол, Америкийн харилцаанд ямар шинэ хуудас нээсэн гэж та хардаг вэ?
-Тийм. Ерөнхийлөгч Бушийн эхний дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд тэр айхтар халдлага болсон. Халдлагын дараа Ерөнхийлөгч Буш маш идэвхтэй ажилласан. Үүний үндсэн дээр нэр хүнд нь харьцангуй өндөр байж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялсан. Өөртэй нь, өөрийнх нь Засгийн газартай, томоор ярих юм бол АНУ-тай онцгой сайн харилцаа тогтоосон улс орнуудыг Америкийн тал харж, мэдэж байсан нь ойлгомжтой. Тэдгээр улсад талархлаа илэрхийлэх, туслах, дэмжих талаар ч бодож байсан байх. Мэдээж энэ хоёрыг шууд хооронд нь холбоход хэцүү гэж ярьдаг. Яагаад гэвэл заавал шууд холбож, “Цэргийн үйл ажиллагаанд оролцож, дэмжсэнийх нь төлөө Монголд ирлээ” гэж тайлбарлавал тодорхой хэмжээний шүүмжлэл дагуулж магадгүй гэж үзсэн байж болох юм. Тиймээс айлчлалын албан ёсны шалтгаан, томьёололд энэ талаар байгаагүй ч үнэн хэрэгтээ 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараах үйл явцад Монгол Улс идэвхтэй оролцож, санаачилгатай ажилласан, 2003 онд Иракийг сэргээн босгох эвсэлд нэгдсэн зэрэг олон хүчин зүйл байсан. Мэдээж Америкийн тал энэ бүхнийг тооцож, судалж байсан. Том улс юм чинь Монгол Улсад ямар нэгэн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, дэмжиж байгаагаа харуулах ёстой гэж үзсэн байх.
Ингээд 2005 онд Ерөнхийлөгчийн хувьд явуулсан миний урилга, мөн өмнө нь Монголын төр, засгаас АНУ-ын Ерөнхийлөгч нарт удаа дараа илгээж байсан урилгуудыг нэгтгэн хүлээн авч, АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан.
Энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Өмнө нь ажлаа өгчихсөн АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байсан. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад буюу 2003 онд АНУ-ын алдартай Ерөнхийлөгчийн нэг Жимми Картер миний урилгаар Монгол Улсад ирсэн. Бид Өмнөговь аймагт очиж, ямааны ноолуур самнаж аваад боловсруулан, зах зээлд гаргаж амьдардаг айлуудын амьдралтай танилцсан. Амьтныг заавал алж, устгахгүйгээр ашиг шимийг нь хүртэж болдог, экологийн хувьд сонирхолтой бизнес юм байна гэдгийг Ерөнхийлөгч Картер өөрийн нүдээр харж, үүнийг дэмжих талаар ярилцаж байсныг санаж байна.
Жимми Картер Ерөнхийлөгчийн ажлаа өгснийхөө дараа Монголд ирсэн нь энэ юм. Харин Жорж Буш бол АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч.Ерөнхийлөгч Буш Монгол Улсад ирээд түүхэн үг хэлсэн. Тэрээр “Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч хөрш гэж нэрлэдгийг бид мэднэ. АНУ танай гуравдагч хөрш байгаадаа бахархаж байна” гэсэн утга санаатай үг хэлсэн. Энэ бол Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого бодитойгоор хэрэгжиж байгаагийн нэг илрэл.
-Ер нь тэр үеэс гуравдагч хөршийн бодлого идэвхжиж эхэлсэн үү?
-Гуравдагч хөрш гэдэг бодлого яагаад гарч ирсэн бэ гэхээр 1990-ээд оны эхээр Ирак Кувейт руу дайрч, тэр жижиг улсыг эзэлж авсан. Тухайн үед Монгол Улс Кувейтийг дэмжиж, АНУ-тай хамтран өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэр үед П.Очирбат Ерөнхийлөгч, Ц.Гомбосүрэн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчөөр тухайн үед Жорж Буш буюу 2005 онд Монгол Улсад айлчилсан Ерөнхийлөгч Жорж Бушийн аав ажиллаж байсан.Тэр үед Жеймс Бейкер манай талд нэг зүйл зөвлөсөн байдаг. Монгол, Америкийн харилцаа цаашдаа олон жил хөгжих байх. Мэдээж байгаль, газар зүйн талаас нь авч үзвэл Монгол Улс хоёр хөрштэй. Гэхдээ эдийн засаг, ардчилал, оюун ухаан, шинэ технологи, ажиллах хүчин бэлтгэх, боловсролын салбарын хамтын ажиллагаа гээд маш олон талаас нь бодвол зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлагдан олон улсын харилцаанд оролцох нь явцуу болно.Тийм учраас АНУ болон бусад улс оронтой тодорхой чиглэлүүдээр илүү ойр дотно хамтран ажиллаж, нэг ёсны “гуравдагч хөрш” байж болно гэсэн томьёоллыг зөвлөж, санал бодлоо солилцсон юм билээ. Манайхан үүнийг олзуурхан хүлээж авч, улмаар “гуравдагч хөрш”-ийн бодлогыг гаргаж ирсэн.Ингээд энэ бодлого тухайн үеэс яригдаж эхэлсэн бөгөөд хожим Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад айлчлах үеэрээ бүр албан ёсоор илэрхийлсэн. Тэрээр Төрийн ордны Их танхимд болсон уулзалтын үеэр энэ талаар албан ёсоор хэлсэн. Мөн Иракийг сэргээн босгох ажиллагаанд оролцсон Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэр дундаа Аззаяа, Самбуу-Ёндон зэрэг манай цэргийн алба хаагчдын байгуулсан гавьяаг их өндрөөр үнэлж байсан. Үүнийг та бүхэн санаж байгаа байх.
-Гэхдээ сануулахад илүүдэхгүй байх?
-Тэгье. Манай цэргүүдийн байрлаж байсан бааз руу халдлага болсон. Тухайн үед халдлага үйлдэж байсан алан хядагчдыг мэргэн буугаар буудаж устган, бааз руу хийх халдлагыг таслан зогсоож, хамгаалснаараа манай Аззаяа, Самбуу-Ёндон хоёр ихээхэн үнэлэгдсэн.Тухайн үед Польшийн цэргүүд ч тэр баазад манай цэргүүдтэй хамт алба хааж байсан. Тиймээс Польшийн Ерөнхийлөгч манай залууст шагнал гардуулсан. АНУ ч энэ хоёр залууг ихэд үнэлж, Ерөнхийлөгч Буш хүртэл нэрийг нь цохон хэлсэн. Тэгээд индэр дээрээс бууж, Аззаяатай очиж уулзан, тэвэрч байсан. Хүнийхээ хувьд бодоход их сайхан сэтгэгдэл төрүүлсэн айлчлал болсон.Ерөнхийлөгч Бушийн үед есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны учир шалтгааныг судлаад үзэхэд ядуу, зүдүү амьдрал ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна гэж олон улсын судлаачид үзсэн байдаг.
Хэт баян, хэт ядуу гэсэн ялгаа их байх нь аюултай юм байна гэж үзсэн.Тухайн үед ядуу орнуудад тусалдаг олон улсын санхүүгийн механизм нь гол төлөв зээл, хөнгөлөлттэй зээл олгох хэлбэртэй байсан. Улс орнууд их хэмжээний зээл аваад, янз бүрийн шалтгаанаар зээлийн дарамтад ордог. Дараа нь зээлийн хүүгийн дарамтад орж, улмаар зээлийн дарамтаас гарч чаддаггүй байдал үүсдэг. Энэ нь эргээд үзэн ядалт, бухимдал, уур уцаар бий болох нэг шалтгаан болж байна гэсэн дүгнэлт ч гарсан. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Мексикийн Монтеррей хотод болсон НҮБ-ын хөгжлийн асуудлаарх хуралд оролцохдоо цоо шинэ санал гаргаж байсан. Тэр нь “Зөвхөн зээл олгохоо больё. Буцалтгүй тусламж олгоё. Тухайн улс оронтой хамтарч, хамгийн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө ажиллая” гэсэн санаа байсан.Ингээд Мянганы сорилтын сангийн санаачилгыг гаргасан. Үүнийг мөн 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ өөрөө сургамж авч хэрэгжүүлсэн бодлогын нэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, ийм халдлагыг дахин гаргуулахгүй байх, дэлхийн ядуу буурай орнуудад бий болсон уур амьсгалыг хэрхэн өөрчлөх, түүнийг хэт туйлширсан үзэлтнүүд ашиглахгүй байх нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ гэдэгт анхаарч, ийм бодлого гаргасан. Монгол Улс ч энэ бодлогод хамрагдахын төлөө ажиллаж эхэлсэн.
-Тэгэхээр 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Үүний хариу айлчлалыг 2007 онд та Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа хийсэн. Тэгэхээр энэ айлчлал хоёр улсын харилцаанд ямар бодит өөрчлөлт авчирсан бэ?
-2005 онд, түрүүн хэлсэнчлэн, АНУ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч анх удаа Монгол Улсад айлчилсан. Ер нь манай бүс нутаг, Төв Азийг оруулж ярихад АНУ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч өмнө нь айлчилж байгаагүй байх. Мэдээж Япон, Солонгос зэрэг холбоотон орнууддаа АНУ-ын Ерөнхийлөгч олон удаа айлчилж байсан. Хятадад ч айлчилдаг. Харин Монголд болон Төв Азийн орнуудад ирж байгаагүй.Тэгэхээр энэ бол зөвхөн Монгол Улсын хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүхэн айлчлал байсан.Монгол Улс түүхийнхээ нэг хэсгээр Төв Азитай салшгүй холбоотой. Ялангуяа Цагаадайн улс, Зүчийн улс, Алтан Орд, Ил хаант улс гээд ярих юм бол Төв Азийн өргөн уудам нутагт монголчууд төр улсаа байгуулж, Чингис хааны удмынхан хаан ширээнд заларч байсан түүхтэй.Харин газар зүйн талаасаа бид өөрсдийгөө Зүүн Хойд Азийн орон гэж тодорхойлдог. Тиймээс сүүлийн үед хөрш орнуудтай явуулж байгаа бодлого зөв гэж боддог. Зүүн Хойд Азийн орнуудтай бид нэлээд идэвхтэй ажиллаж ирсэн. Харин Төв Азийн орнуудтай нэг хэсэг алдаг оног харилцаж байсан.
Би Ерөнхийлөгч байхдаа Казахстанд айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцож байсан. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчилж байлаа. Сүүлийн үед Төв Азийн орнуудын төрийн тэргүүнүүд ч Монгол Улсад айлчилж байна. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа болж өгвөл Төв Азийг Монголтой холбож, эртний харилцаа холбоог нь сэргээх юмсан гэж их хүсдэг байсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд энэ чиглэлд маш идэвхтэй ажиллаж байгааг би зөв гэж үздэг. Монгол Улс ийм тэнцвэртэй бодлого явуулах нь зөв. Энэ бол дашрамд хэлсэн үг. Ингээд би 2007 онд Ерөнхийлөгч Бушийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар АНУ-д айлчилсан. Тэр үеэр бид Мянганы сорилтын сангийн анхны багцын гэрээнд гарын үсэг зурсан. Эхний багцын санхүүжилт 285 сая ам.доллар байсан. Дахин хэлэхэд, энэ бол буцалтгүй тусламж. Бид ОХУ-д төлөх 11.7 тэрбум ам.долларын өрийг 98 хувиар хөнгөлүүлж, 250 сая ам.доллар төлж байсан. Ингэж Оросын өрийн асуудлаас өөртөө хохирол багатай гарч чадсан. Энэ өрийн цаана 1911 оноос хойш, Богд хаант Монгол Улсын үеэс эхлээд авсан мөнгө байсан. 1911-1990 он хүртэлх 80 орчим жилийн хугацаанд хуримтлагдсан мөнгө гэж хэлж болно. Тусгаар тогтнол, боловсрол, эрүүл мэнд, Эрдэнэт үйлдвэр, төмөр зам гээд олон бүтээн байгуулалт, салбарт зарцуулсан мөнгө байсан. Энэ бүхний төлбөр болсон өрийг 250 сая ам.доллароор барагдуулсан. Харин үүний дараа АНУ-аас 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Энэ хөрөнгөөр засаглалыг сайжруулах, дэд бүтцийн зарим төсөл хэрэгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих зэрэг олон ажил хийсэн.
Хожим У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Мянганы сорилтын сангийн хоёр дахь багцын 400 гаруй сая ам.долларын санхүүжилтийг авсан. Тэр хүрээнд хэрэгжсэн төслүүд амжилттай үргэлжилж, одоо дуусах шатандаа орж байна.
-Ер нь айлчлалын хүрээнд өөр ямар асуудлууд яригдаж байв?
-Тэгэхээр 2001 оны есдүгээр сарын 11-ний тэр айхтар халдлагын дараа Монгол Улс АНУ-тай ийнхүү ойртож, гуравдагч хөршийн бодлогоо бодитой болгосны үр дүнд хэрэгжсэн ажлуудын нэг нь Мянганы сорилтын сангийн 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авсан явдал гэж хэлж болно. Ерөнхийлөгч Буштай бид их сайхан уулзаж, ярилцсан. Тэр өөрөө биднийг хүндэтгэж, үдийн зоогт урьсан. Тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелд болон бусад сайд нараа цуглуулж, манай талын төлөөлөгчдийг оролцуулсан хүндэтгэлийн зоог барьсан. Зочид, төлөөлөгчид байр суудлаа эзлэх хооронд бид хоёр хэсэг хугацаанд ярилцаж суусан. Мөн Цагаан ордны хажуугийн цэцэрлэгээр явган алхаж, албаны болон хувийн янз бүрийн сэдвээр ярилцсан. Мэдээж албаны сэдвүүд нь сая миний ярьсан асуудлууд байсан.Харин хувийн сэдвээр ярихад Ерөнхийлөгч Буш нэг зүйл хэлж байсан. Тэр Барни гэдэг жижигхэн нохойтой байсан. “Барни” гээд дуудахад нь нөгөөх нь Ерөнхийлөгч Буш руу эрхлээд гүйгээд ирнэ. Тэгэхэд надад “Би хоёр охинтой. Уг нь хүүтэй болохыг их мөрөөдсөн юм. Тэгээд чадаагүй. Тиймээс Барни бол миний хүү” гэж хэлж байсан. Тэгээд Барнигаа их эрхлүүлнэ.АНУ болон Европын соёлд нохойгоо гэр бүлийнхээ нэг гишүүн шиг үзэж, гэртээ тэжээдэг. Харин манай уламжлалд нохойгоо гадаа уяж, айл гэр, малаа хамгаалуулдаг шүү дээ. Харин тэнд бол гэр бүлийн гишүүн шиг ханддаг. Ерөнхийлөгч Буш ч “Миний хүү” гээд Барнигаа их эрхлүүлдэг байсан. Ер нь өөрийнх нь ярьж байгаа байдал, биеэ авч явааг харахад найз нөхдөдөө их үнэнч, хэлсэн үгэндээ эзэн болдог хүн юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Аливаа зүйлийг хэтэрхий олон талаас нь бодож, зальдаж, хуурч явдаг хүн биш. Маш энгийн мөртлөө хэлсэн үгэндээ эзэн болдог хүн шиг санагдсан. Мөн хувийн амьдрал, өдөр тутмын зохион байгуулалт нь их цэгцтэй юм билээ. Өөрөө ч энэ талаар ярьж байсан. Орой унтах цагтаа унтаж, өглөө эрт босно. Ажилдаа ирэх цагтаа ирж, тарах цагтаа тардаг. Өдөр тутмын дэглэм, хувийн зохион байгуулалт сайтай хүн юм байна гэж би бодож байлаа. Тиймээс бидний уулзалт их сайхан, дотно болсон. Ерөнхийлөгч Буш өөрөө бас нэг зүйл амлаж байсан. “Би дугуй унах дуртай, сайн дугуйтай. Таныг ч дугуй унадаг гэж сонссон. Хоёулаа Монголын сайхан газруудаар дугуй унаж явна шүү” гэж хэлж байсан.
-Дараа нь та Мянганы сорилтын сангийн 20 жилийн ойгоор очихдоо уулзсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн элч төлөөлөгчөөр Мянганы сорилтын сан байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Арга хэмжээ Даллас хотод, Ерөнхийлөгч Бушийн номын сангийн цогцолборт болсон. Ерөнхийлөгч Буш өөрөө үг хэлсэн. Бид хоёр тэр үеэр уулзаж, дахин бие биетэйгээ уулзах сайхан боломж олдсон. Тэгэхэд нь би ахиад сануулсан. “Та нөгөө дугуй унана гэж байсан. Монголд ирэх хэвээрээ юу” гэж асуусан. Тэгэхэд “Аан” гээд, намайг тэр яриаг санаж байгаад гайхсан уу, эсвэл өөрт нь сануулсанд гэнэт санаад баярласан уу, “Тийм, тийм. Ярья” гээд өнгөрсөн. Тэгэхээр би одоо үүнийг албан ёсоор Вашингтонд байгаа манай Элчин сайдын яамаар дамжуулж, дахин урья гэж бодож байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч юм уу, эсвэл өөр хэн нэгэн албаны хүн Ерөнхийлөгч Буштай уулзвал “Таны үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр нөгөө дугуй унана гэсэн яриа юу болсон бэ, Монголд хэзээ ирэх вэ, дугуйгаа уная гэж байна” гээд ахиад урих санаатай. Яагаад гэвэл АНУ-д Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа өгснийхөө дараа ч нөлөөтэй хэвээр байдаг. Тийм учраас нэгэнт тогтоосон сайхан харилцаагаа үргэлжлүүлэх ёстой гэж би боддог. Энэ бол зөвхөн Энхбаяр гэдэг хүнд ч юм уу, Хүрэлсүх гэдэг хүнд хамаатай асуудал биш. Монгол, Америкийн харилцаанд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингээд Мянганы сорилтын сангийн төсөл дээр гарын үсэг зурсан. Тэр төсөлд хамрагдахын тулд бид улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлыг цэгцэлж, 15 шалгуурыг хангах ёстой болсон. Маш өндөр шалгууртай байсан. Монгол Улс тэр 15 шалгуурыг хангаж чадсан.
-Ямар шалгуурууд байсан юм бэ?
-Сайн засаглал, ардчилсан сонгууль, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засаг нь зах зээлийн шинж чанартай эсэх, сонгууль тогтмол явагддаг эсэх, улс төрийн намууд үг хэлэх эрхтэй эсэх, хууль, шүүхийн байгууллагууд харьцангуй бие даан ажиллаж чаддаг эсэх, олон ургалч үзэл байгаа эсэх зэрэг шалгуур байсан.
Мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байна, өрийн дарамт хэр байна, авлига, хээл хахуулийн нөхцөл байдал ямар байна вэ гэх мэт олон үзүүлэлтийг харгалзаж үзсэн.Ингээд тэр 15 шалгуураар Монгол Улс тэнцэж, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийн томоохон багцыг авах орноор шалгарч байсан.
Тийм учраас АНУ-ын Засгийн газар, тухайн үеийн болон өнөөгийн Ерөнхийлөгч, Америкийн төр, засгийн хүмүүст Мянганы сорилтын сангийн төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж, манай улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаатай холбогдуулан талархлаа байнга илэрхийлж байх ёстой болов уу гэж боддог.
-Тэгэхээр 25 жилийн өмнө болсон есдүгээр сарын 11-ний халдлага дэлхий дахиныг цочроосон маш хүнд үйл явдал болсон. Гэхдээ үүнээс дэлхий нийт сургамж авч, халдлагад хамгийн их өртсөн АНУ терроризмтой хэрхэн тэмцэх, мөн ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлд Мянганы сорилтын сан зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ. Монгол Улс ч энэ боломжийг идэвхтэй ашиглаж чадсан байна. Цаашлаад ШХАБ, БРИКС зэрэг манай хоёр хөрш голлох үүрэг, оролцоотой олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа ямар чиглэлд явах бол?
-2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараах үйл явдалд мөнгөөр илэрхийлбэл хэдий хэмжээний зардал гарсан бэ гэдгийг тооцсон судалгаанууд бий. Энэ бол яг нэг мөр баталгаажсан тоо биш. Гэхдээ янз бүрийн эх сурвалжийн мэдээллийг нэгтгэн АНУ-ын судалгааны байгууллагууд тооцоход найман их наяд орчим ам.доллар зарцуулсан гэж үздэг юм билээ. Эдийн засгийн хувьд асар их хохиролтой, үр дагавар ихтэй үйл явдал болсон.Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр 2970 гаруй хүн амь насаа алдсан. Үүн дээр гал сөнөөгчид, цагдаа болон бусад аврах ажиллагаанд оролцсон хүмүүсийн амь насны хохирол ч бий. Хоёр өндөр барилга, Пентагон болон онгоцонд байсан хүмүүс гээд олон мянган хүн шууд хохирсон.Халдлагын дараа өрнөсөн үйл явдал, дайн, мөргөлдөөний шууд болон шууд бус хохирлыг тооцвол амь насаа алдсан, бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний тоо улам нэмэгдэнэ.
Мөн үүний дараа өрнөсөн дайн, мөргөлдөөнөөс болж гурваас дөрвөн сая орчим хүн нас барж, 30 гаруй сая хүн нутаг орноосоо дүрвэсэн гэх тооцоо байдаг. Найман их наяд ам.долларын зардал гарсан гэж үздэг. Маш их хор хохирол дагуулсан үйл явдал.Есдүгээр сарын 11-ний халдлагын бай болсон газруудыг ч анзаарах хэрэгтэй. Хоёр ихэр өндөр барилга руу дайрсан нь Америкийн эдийн засгийн хүч сүрийг гутаах зорилготой байсан гэж үздэг. Пентагон руу дайрсан нь цэрэг, батлан хамгаалах хүч чадлыг нь онилсон хэрэг.Харин өөр нэг онгоц хөдөө газар унасан. Түүнийг Америкийн парламентын байр руу дайрах зорилготой байсан байж магадгүй гэж үздэг. Хэрэв энэ таамаг үнэн бол эдийн засгийн хүч, цэрэг, зэвсэгт хүчин, улс төрийн эрх мэдэл гэсэн гол төвүүдийг онилсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм хэд хэдэн чухал байг сонгон халдсан байна.Үүний дараа ч алан хядах ажиллагаа үргэлжилсэн. 2004 онд Испанид томоохон халдлага боллоо. Лондоны метронд ч алан хядах ажиллагаа болсон.Тэгэхээр терроризмтой тэмцэнэ гэдэг маш том асуудал болсон. Зөвхөн нэг улсын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг алан хядагчдаас гадна улс дамнасан сүлжээнүүд бий болсон. “Аль-Каида”, хожим “Исламын улс” буюу ISIS гэх мэт сүлжээ гарч ирсэн.Тиймээс энэ аюул бүрмөсөн арилж, алга болоогүй. Аюул занал хэвээр байна. Улс орон бүр үүнд маш их анхаарал хандуулах ёстой.
Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн асуудал ч яригдсан. Яагаад гэвэл терроризмын аюултай тэмцэхийн тулд урьдчилан мэдээлэл цуглуулах, тагнуулын сүлжээ байгуулах, камерын хяналт ашиглах зэрэг арга хэмжээ авах шаардлага үүссэн. Үүний зэрэгцээ тагнуулын байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээгээр халдаж болзошгүй ажиллагаа явуулах эрх мэдэл олгосон. АНУ болон бусад оронд ч ийм арга хэмжээ авсан.АНУ-д тухайн үед “Patriot Act” буюу “Эх орончдын хууль” гэж нэрлэж болох хууль баталсан. Эхний жилүүдэд хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нэлээд хатуу заалтуудтай байсан. Харин сүүлдээ зарим зохицуулалтыг нь сулруулсан.Энэ бүхэн хоёр талтай асуудал. Нэг талаас алан хядах ажиллагаа яагаад ч байж болохгүй учраас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах нь зөв. Нөгөө талаас мэдээлэл цуглуулж байна гэдэг нэрээр ямар ч гэм буруугүй иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй. Энэ хоёрыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг нь есдүгээр сарын 11-ний халдлагын дараа дэлхий нийтийн өмнө тулгарсан томоохон асуудлын нэг болсон. Одоо ч гэсэн энэ утгаараа БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлуудаар энэ асуудлууд байнга яригддаг. Дэлхийн харилцаа сүүлийн үед их өөр болж байна. Манай төр, засгийнхан ч энэ талаар бодож, дэлхийд үүсэж байгаа шинэ харилцааг хэрхэн томьёолох вэ, ямар шинэ томьёолол гаргаж ирэх вэ гэдгийг эрж хайж байгаа байх гэж бодож байна. Нэг хэсэг нь олон тулгуурт, олон төвт бодлого байх ёстой гэж байна. Нөгөө хэсэг нь нэг төвтэй, нэг тулгууртай бодлого байх ёстой гэж үзэж байна. Улс төрчдөөс гадна эрдэмтэн, судлаачид ч янз бүрийн санаа бодол дэвшүүлж байна. Тийм учраас бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Энэ үед хамгийн авхаалжтай, нээлттэй, идэвхтэй, санаачилгатай нь хожно. Тийм цаг үе ирсэн байна. Тиймээс хуучин ойлголтоосоо салж, шинэ зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа хиймэл оюун ухаан бий болчихлоо. Шинэ технологийг дээд зэргээр ашиглаж чадсан улс орон хожно гэдэг нь тодорхой байна.
Тийм учраас шинэ технологи руу бүгдээрээ тэмүүлье. Шинэ технологийг хөгжүүлэх боловсон хүчнээ бэлтгэе, залуучуудаа бэлтгэе. Шинэ технологитой нөхөрлөж, түүнийг хөгжүүлж байгаа улс орнуудтай харилцаагаа сайжруулъя. Импортод дулдуйдаж, гаднаас бүх зүйлээ авдаг улс байх ямар эрсдэлтэй вэ гэдэг нь харагдаж байна шүү дээ. Бензинээ Оросоос авна. Хятад руу нүүрсээ зараад мөнгө олно. Тэгэхээр экспортод чиглэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засагтай орон болох ямар чухал вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Бид өөрсдөө нефтиэ олборлож, бензин, шатахууны бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагш гаргаж болно. Эсвэл Тайван, Солонгос чип үйлдвэрлэдэг шиг ядаж тэр чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж болно.
Өнөөдөр бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн маш их овортой, хүнд мөртлөө дотроо шингээсэн үнэ цэн нь бага байна гэдэг өрөвдөлтэй. Жишээлбэл, бид хэчнээн нүүрс зарлаа ч нэг тонн нь 100-150 ам.доллар байна. Гэтэл Солонгосын “Самсунг”-ийн үйлдвэрлэж байгаа чип хэдхэн грамм жинтэй мөртлөө нэг тонн нүүрснээс ч илүү үнэтэй байж болно. Тэр бүтээгдэхүүнийг алган дээрээ тавихад жин нь бараг мэдэгдэхгүй. Гэтэл вагонд ачиж байгаа нэг тонн нүүрснээс илүү үнэтэй байна гээд бодох хэрэгтэй. Тэгэхээр бидэнд хөгжлийн асар их боломж байна. Үүнийг хоцрогдол гэхээсээ илүү боломж гэж харах хэрэгтэй. “Манайх хоцрогдсон юм байна. Монголоосоо зугтъя, дүрвэе. Энд ерөөсөө юу ч бүтэхгүй юм байна” гэж бодож болохгүй. Харин энэ хоцрогдол гэж харж байгаа бүхэн маань боломж юм гэж хараад, тэр боломжоо хэрхэн зөв ашиглах вэ гэдэг дээр төр, засаг ч, хувь хүмүүс ч, бизнесийнхэн ч ажиллах ёстой гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 09 сарын 15,
2026
Сэтгэгдэл0