sonin.mn

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 24 /ТАСС/. Тархины мэдрэлийн туслах эсүүд болох олигодендроцитүүдийн зарим хэлбэр нь Альцгеймерийн өвчний үед тархинд хуримтлагддаг бета-амилоид хэмээх хорт уургийг ялгаруулдаг болохыг АНУ, Их Британийн эрдэмтэд илрүүлжээ.  




PLoS Biology сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдахдаа “зөвхөн мэдрэлийн эсүүд л бета-амилоидын эх үүсвэр болж байдаг гэсэн ойлголт нь бидний судалгааны дүнд эргэлзээтэй болж байна. Олигодендроцитүүд нь хортой уургийг мэдэгдэхүйц хэмжээгээр ялгаруулдаг болохыг бид тогтоосон, ингэснээр зөнөгрөх өвчний эсрэг шинэ төрлийн эм гарган авахын тулд олигодендроцитүүдийг “ашиглах” нь бидний ажилд дөхөм болно” гэжээ.  


Лондоны Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Марк Буше-гийн удирдсан мэдрэлийн физиологичдын баг Альцгеймерийн өвчнөөр шаналж буй өвчтнүүдийн тархины янз бүрийн хэсэгт ямар генүүд илүү идэвхтэй байна вэ гэдгийг судлах явцдаа дээрх “нээлт”-ийг хийсэн байна. Тодруулбал, APP, BACE1 генүүд болон бета-амилоидын эмгэг үүсгэгч хэлбэрүүдийг ялгаруулдаг ДНХ-ийн зарим хэсгүүд нь мэдрэлийн эсүүдэд төдийгүй олигодендроцитүүдэд идэвхтэй байгааг судлаачид санамсаргүй байдлаар илрүүлжээ. Олигодендроцитүүд бол мэдрэлийн төгсгөлүүдийг гадна орчноос тусгаарлаж байдаг миелин бүрхүүлийг үүсгэж, түүний бүрэн бүтэн байдлыг хариуцаж байдаг тархины мэдрэлийн туслах эсүүд юм.

Энэхүү нээлтэд түшиглэн олигодендроцитүүд дэх бета-амилоид хорт уургийг дарангуйлах туршилтыг хулгана дээр хийсэн байна. Ингэхэд Альцгеймерийн өвчний эхний үе шатанд байгаа хулгануудын тархины үйл ажиллагаа хэвийн болж байжээ.



Б.Адъяахүү