sonin.mn

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 6 /TASS/. Беларусьт нууцаар үйл ажиллагаа явуулсан гэж буруутгагдаж буй Японы иргэн Масатоши Наканишиг саатуулсан тухай нэвтрүүлгийг цацсантай холбогдуулан Японы Засгийн газар Беларусь улсад эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Хаяши Ёсимаша Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. 


"Хэдийгээр бид нэвтрүүлгийг гаргахгүй байхыг хичээнгүйлэн хүссэн боловч уг нэвтрүүлгийг цацсанд туйлын харамсаж байна. Нэвтрүүлгийн дараа бид тэр даруй Беларусийн Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж Хаяши хэлэв.


Түүний хэлснээр, нэвтрүүлгийн агуулга нь хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй гэж Японы тал үзэж байгаа аж. Японы тагнуулын албаны ажилтныг саатуулсан тухай Беларусийн төрийн мэдлийн "Беларусь-1" телевизийн суваг лхагва гарагт мэдээлжээ.


М.Наканиши Беларусийн нийгэм, улс төрийн байдал, Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хэрэгжилт, Беларусь-Украины хил дээр болж буй үйл явдлын талаар мэдээлэл цуглуулж, цэргийн дэд бүтцийн зургийг авч байсан аж.


Тус сувгийн мэдээлснээр, Наканиши 2018 онд Беларусьт ирснийхээ дараа тус улсын иргэнтэй хуурамчаар гэрлэлтээ батлуулж, дараа нь цуцлуулжээ. Тэрбээр Фрэнсис Скоринагийн нэрэмжит Гомелийн их сургуульд япон хэлний багшаар ажилд орсон байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг