СӨҮЛ, 2024 оны есдүгээр сарын 7 /NHK/. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Сөүл хотноо баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийжээ.
Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Кишида, Юн нар энэхүү түүхэн ойг тохиолдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан харилцаагаа улам сайжруулах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
Мөн хоёр орны харилцаа хэр зэрэг сайжирч байгааг хоёр орны ард түмэн мэдрэх нь чухал гэдгийг онцоллоо. Талууд мөн Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-тай гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Удахгүй Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух Ф.Кишида сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Япон, Өмнөд Солонгосын харилцааны ач холбогдол хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ. Мөн хоёр тал бусад улс оронд онцгой байдал үүссэн үед Япон, Өмнөд Солонгосын иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэргээр нягт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0