sonin.mn

ЛИССАБОН, 2024 оны есдүгээр сарын 6 /TASS/. Португалын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Үндэстнүүдийн лигийн тэмцээний хэсгийн шатанд Хорватын шигшээ багтай хийсэн тоглолтод (2:1) гоол оруулжээ.


Роналдугийн хувьд энэ нь түүний тамирчны замнал дахь 900 дахь гоол болж байна. Тэрбээр мэргэжлийн хөл бөмбөгийн түүхэнд ийм амжилтад хүрсэн дэлхийн анхны тоглогч болов.


К.Роналду Испанийн Реал Мадрид (450 гоол) болон Португалын шигшээ багийн (131) түүхэн дэх шилдэг мэргэн бууч бөгөөд Английн “Манчестер Юнайтед” багт тоглох хугацаандаа 145 гоол, Италийн “Ювентус”-т тоглохдоо 101 гоол, Саудын Арабын “Аль-Насра”-д тоглохдоо 68 гоол тус тус оруулсан бол Португалын “Спортинг” багт байхдаа 5 удаа гоолджээ.


Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) мэдээллээр, К.Роналду 2022 оны гуравдугаар сард шилдэг хөлбөмбөгчин болж, албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынхоо тоогоор австри-чех довтлогч Йозеф Бицаныг ардаа орхисон юм. Бицан бол “805 орчим гоолын эзэн” бөгөөд яг хэдэн гоол оруулсан нь тодорхойгүй хэвээр байна.


Пүрэв гарагт Португалын Лиссабон хотод болсон Үндэстнүүдийн лигийн А дивизионы 1-р хэсгийн тоглолтод Португалын шигшээ баг Хорватын багийг 2:1-ээр хожжээ. К.Роналду 900 дахь гоолоо 34 дэх минутад оруулснаар багтаа ялалт авчирчээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг