sonin.mn

Украинаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро ПОНОМАРЕНКО-гийн мэндчилгээг хүргэж байна.


8-р сарын 24-нд Украин улс тусгаар тогтнолынхоо 33 жилийн ойг тэмдэглэх гэж байна.

Тусгаар тогтносон Украин дэлхийн улс төрийн газрын зураг дээр тэмдэглэгдсэн нь саяхны хэрэг боловч Украины үндэстний түүх мянга гаруй жилийн түүхтэй. Дундад зууны үеийн Киевийн Русь, хожим нь Козакын Бүгд Найрамдах Улсаас язгуур авсан Украинчууд хөрш зэргэлдээ ард түмний эзлэн түрэмгийлэл, колоничлолоос ангид өөрсдийн улс оронтой байхын төлөө зүтгэж ирсэн эртний түүхтэй.

Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийг няцаах гурав дахь жилдээ орж байгаа өнөө үед Украины тусгаар тогтнолын өдөр ард түмнийх нь хувьд онцгой утга учиртай юм. Өөрсдөө оршин тогтнохын төлөө, эх нутагтаа амьдарч, эх хэлээрээ ярих эрх чөлөө, ирээдүйгээ өөрсдөө сонгох эрх чөлөөний төлөө тэмцэл мөн билээ.


Ийм энгийн, түгээмэл эрхийн төлөө төлөөс нь маш өндөр байна. Дайны хөлд Украины фронт дахь шилдэг, үнэнч, эрэлхэг эх орончид, олон мянган гэм зэмгүй энгийн иргэдийн эрдэнэт амь нас үрэгдэж байна. Украин хүүхдүүдийн аз жаргалтай хүүхэд насыг дайн үгүй хийж, олон хүүхдийг Оросууд хулгайлж, албадан гаргажээ.


Оросын эзлэн түрэмгийлэгчид олон айлын орон гэрийг зориудаар, хайр найргүй устгав. Дэлхийн хамгийн үржил шимтэй газруудын нэг болох манай нутгийн олон бээр газар одоо Оросын эзлэн түрэмгийлэгчдийн гарт бохирдож, шигүү минажүүлэгдээд байна.

Гэвч эцсээ хүртэл тэмцэж, түрэмгийлэгчийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргах бидний шийдэмгий байдал л дайнд дийлдээгүй хэвээр. Бид хойч үедээ тусгаар тогтносон төрт улсаа өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэх ёстой. Тэд дахин дахин тэмцэж, үхэх шаардлагагүйгээр тусгаар улсаа өвлөн аваасай гэж. 

Украины эсрэг Оросын түрэмгийлэл нь Европт сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн цуст дайн болж байна. Энэ нь Украины хувь заяа, Европын дэлхий дээрх байр сууриас давсан хэрэг юм. Энэ бол аливаа дүрэм журмын эсрэг Оросын өдөөж буй дайн юм. Украиныг эзлэн авах нь дэлхийн газрын зургийг дахин зурах, дэлхийг нөлөөллийн бүсэд шинээр хуваах томоохон төлөвлөгөөний нэгхэн алхам байх ёстой байв. Украин бууж өгч , дэлхий нийтийг дарамталсаар буулгаж авч болно гэж Кремлын дэглэмийнхэн итгэж байв. Эрх чөлөөт улсуудын тусламжтайгаар бид энэ төлөвлөгөөг сөрж чадлаа.


Он жилүүд өнгөрсөөр байгаа ч Украин зогсож, тэмцсээр байна. Бид эзлэгдсэн газар нутгийн талаас илүү хувийг чөлөөлж, Хар тэнгисийн флотынх нь бараг гуравны нэгийг живүүлснээр Оросын тэнгисийн цэргийн бүслэлтийг арилгаж, агаарын цэргийн хүчийг нь шавхсан.

Учирсан их хохирлоо нөхөж, Украин руу довтлох чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Умард Солонгос зэрэг бусад дүрэмгүй улсын их буу, баллистик зэвсгийг Орос ашиглаж байна. Хойд Солонгосын зэвсгийн чанар нэлээд муу, доголдол ихтэй хэдий ч Оросын цэргүүд байлдааны талбарт их буугаар давамгайлахад нь тусалчихтайгаа л байна. 

Орос, БНАСАУ-ын цэргийн эвсэл Ази Номхон далайн аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг нь эргэлзээгүй юм. Орос улс дэлхийг дахин өөрчлөх гэсэн ревизионист хүслээ эртнээс ил тод илэрхийлсээр ирсэн. Пхеньянтай харилцаагаа гүнзгийрүүлснээр бүс нутгийг тогтворгүй болгоход ашиглаж болох итгэмжит төлөөлөгчтэй болж байгаа хэрэг.


Үүний зэрэгцээ Москватай цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлсэн нь, хожим орчин үеийн технологийн чадавхи дамжуулан хүртэх санаа бүхий БНАСАУ-ын дэглэмд элдэв үйлдэл хийж, түрэмгий тунхаглал гаргах зориг өгсөн. Энэ бол геополитикийн томоохон өөрчлөлт бөгөөд энэ нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг даамжруулах нь дамжиггүй.

Түрэмгийлэгчийг ялж, Европ дахь дайныг бусад улс орнуудад тархаахгүйн тулд Украинд зэвсэг, сумыг тогтвортой, цаг алдалгүй нийлүүлэх шаардлагатай байна. Бидний туйлын зорилго тодорхой: газар нутгаа эзлэгчдээс чөлөөлж, иж бүрэн, шударга, бат бөх энх тайвныг тогтоох хэрэгтэй. Түрэмгийлэгчийг намжаах төдий биш жинхэнэ энх тайван тогтох ёстой.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн энх тайвны томъёолол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээж, олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, шударга ёсыг баталгаажуулах цорын ганц бодитой, цогц төлөвлөгөө хэвээр байна. Саяхан Швейцарийн Бургеншток хотноо энх тайвны анхдугаар чуулга уулзалт боллоо. Энэ нь дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сэргээх чигт томоохон алхам болов. НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудын үндсэн дээр Украинд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох шаардлагатайг дээд хэмжээний уулзалтаар нотлов. Бүх тивээс, нийт 101 төлөөлөгч оролцсоноор олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байгаагаа харууллаа.


Монгол Улс дээд хэмжээний уулзалтад оролцоогүй ч дээд хэмжээний уулзалтын шийдвэрүүд НҮБ-ын дүрмийн зарчимд нийцэж байгаа тул тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцвол бид талархах болно.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Энх тайвны ойлголтын талаар хамтарсан мэдэгдэл баталлаа. Энэхүү баримт бичиг нь НҮБ-ын дүрмийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизмыг хойч үедээ өвлүүлэх бидний зорилгыг бүрэн илэрхийлж байна. НҮБ-ын дүрмийг хүндэтгэдэг бүхэн энэ мэдэгдэлд нэгдэж болох бөгөөд Монголын тал дэмжин нэгдвэл бид талархах болно.

Энх тайвны томъёоллын тодорхой асуудлуудаар буюу аюулгүй байдлыг төрөл бүрийн чиглэлээр сэргээх тодорхой санаа, санал, үйл ажиллагааны тусгай бүлгүүдийг дээд хэмжээний уулзалтын дараанаас бүрэлдүүлэн ажиллахаар тохиролцсон. Ийм бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улс оролцон ажиллавал бид талархах болно. 


Аюулгүй байдлыг бүх талаар сэргээж, жинхэнэ энх тайвныг тогтоох боломжтой гэдгийг анхдугаар дээд хэмжээний уулзалт харууллаа. Гэсэн хэдий ч ингэхийн тулд дэлхий нийтээрээ нэгдмэл байх шаардлагатай. Энэхүү үйл явдал нь шударга энх тайвныг сэргээх тасралтгүй үйл явцын эхний алхам болсон юм. Одоо Энх тайвны хоёрдугаар чуулга уулзалтыг хуралдуулах ажил ид өрнөж байна. Дараагийн уулзалтад Монгол Улсыг оролцогчоор хүлээн авахдаа бид баяртай байх болно.

Украин, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 32 жилийн хугацаанд манай хоёр талын харилцаа итгэлцэл, харилцан хүндэтгэл, нийтлэг ашиг сонирхолд суурилсан найрсаг, бат бөх байсаар ирсэн.


Өнгөрсөн онд хоёр улсын Ерөнхийлөгч нар хоёр орны харилцааны хөгжлийн асуудлаар утсаар ярьсан. Энэ оны нэг, тавдугаар сард Украин, Монгол хоёр улсын Гадаад хэргийн сайд нар утсаар холбогдохдоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцсан.

Украин-Монголын харилцааг хөгжүүлэхэд манай парламентууд асар их боломж бий гэдэгт би итгэдэг. Парламент хоорондын олон улсын арга хэмжээнд оролцох үеэр нь хоёр орны УИХ-ын гишүүд хооронд уулзалт зохион байгуулж болохыг бодолцож үзэх хэрэгтэй. Түүнчлэн шинээр сонгогдсон УИХ-д Монгол-Украины парламентын найрамдлын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж байна.

Оросын түрэмгийлэл бидний эдийн засгийн харилцааг ихээхэн сулруулсан. Энэ бэрхшээлийг бид шийдэх гэж оролдох хэрэгтэй. Энэ үйл явцад худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Украин-Монголын Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Комиссын хурлыг ойрын хугацаанд хийх тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй.


2019 онд Украин, Монгол хоёр улс харилцан визээс чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоод журмаа Украин 2020 онд цэгцэлж дууссан. Монгол Улс холбогдох дотоод үйл явцаа гүйцээхийг бид хүлээж байна. Энэ нь иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Эрх чөлөөт, ардчилсан орнуудын хувьд Украин, Монгол хоёр ижил төстэй зүйл ихтэй. Биднийг эрх чөлөө, хүний эрх, шударга ёс зэрэг үндсэн үнэт зүйлс нэгтгэдэг. Бидний харилцаа найрсаг ард түмнүүдийн маань сайн сайхны төлөө улам бүр бэхжин хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.