sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 7 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт ял оноох шүүх хурлыг ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгууль өнгөртөл хойшлуулах шийдвэрийг Нью-Йорк муж улсын Дээд шүүхийн шүүгч Хуан Мерчан баасан гарагт гаргажээ.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампт есдүгээр сарын 18-нд ял оноохоор төлөвлөж байсан боловч “сонгуульд нөлөөлж болзошгүй” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг санал хураалт дуустал хойшлуулахыг түүний өмгөөлөгчид наймдугаар сард шүүгч Х.Мерчанаас хүссэн байна.




Х.Мерчан баасан гарагт мэдэгдэхдээ, уг хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тохиолдолд 11 дүгээр сарын 26-нд ял оноохоор төлөвлөж байна гээд, Д.Трампт оноосон ял түүний нэр дэвшиж буй сонгуульд “нөлөөлөх эсвэл нөлөөлөх зорилготой” мэт харагдахаас зайлсхийхийн тулд ийм шийдвэр гаргасан гэжээ.




Энэ оны тавдугаар сард Манхэттэний тангарагтны шүүх Д.Трампыг насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар төлөхдөө санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг нийт 34 зүйл ангиар гэм буруутай гэж үзсэн юм. Улмаар түүнд ял оноох шүүх хурлыг долоодугаар сард товлосон боловч хожим нь есдүгээр сар болгон хойшлуулаад байлаа.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг