sonin.mn

ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 6 /Reuters/. “Францын эрх баригчид намайг баривчлахын оронд манай компанид гомдол гаргах ёстой байсан” гэж “Телеграм” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Павел Дуров өнөө өглөө мэдэгджээ. Тэрбээр Францын хууль сахиулагчдад шалгагдаж байгаа юм. 


П.Дуров өнгөрсөн сард баривчлагдсанаасаа хойш олон нийтэд хандан анх удаа тайлбар хийж “Телеграм” хуудсандаа бичихдээ, уг аппликейшнийг “анархи байдлын диваажин” гэж тодорхойлсныг няцаасан байна.


Түүний хэлснээр, Францын эрх баригчид “шууд холбоо”-гоор холбогдох боломжтой байснаас гадна “Телеграм”-ын Европын Холбооны асуудал хариуцсан төлөөлөгчтэй хэдийд ч холбоо тогтоох боломж байсаар атал уг аппликейшнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь гайхшрал төрүүлжээ.


“Хэрэв аливаа улс орон интернэтийн ямар нэг үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байвал уг үйлчилгээний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах нь тогтсон практик юм.  Ухаалаг гар утас бүтээгдэхээс өмнөх үеийн хууль тогтоомжийг ашиглан гүйцэтгэх захирлыг түүний удирддаг платформ дээр гуравдагч этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт буруутгах нь зохисгүй” гэж П.Дуров мэдэгдсэн байна.


Тэрбээр “Телеграм” төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрсний сацуу уг аппликейшнтэй холбоотой худал ташаа мэдээллийг няцаажээ. “Телеграм” бол анархи ёсны диваажин гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэн нь огт худал. Бид өдөр бүр хор хөнөөл тарьж болзошгүй олон сая бичлэг, сувгийг устгадаг гэж тэрбээр бичсэн байна. ОХУ-д төрсөн, өдгөө Францын иргэн болсон П.Дуровыг хүүхдийн порнограф, мансууруулах бодисны наймаа, уг аппликейшнтэй холбоотой залилан гэх зэрэг гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын сүүлчээр Францад баривчилсан юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг