sonin.mn

Энэ жил 102 сум тэгш 100 жилийн ойгоо тэмдэглэж сүртэй юм болж, хөрөнгө мөнгийг урсгах шиг болов. Тэгш ойн баярт дуртай монголчууд бөөн бөөнөөрөө хөдөө очиж, “хүний дор орохгүй” гэдэг монгол зангаа гаргав. Ингээд бүх нийтээрээ тэгш ойгоор хийрхэх өвчинд автав. Энэ бол түүхэн баримтийг үл ойшоосон, түүнийг гажуудуулсан ой баярууд цааш үргэлжлэх замыг нээв. Энэ тухай товч өгүүлсү…


Түүхийг товч сөхөхүй


Халхын 4 аймгийн үүсэл бүр 1500-аад оны үеэс эхтэй. Батмөнх даян хаан улсаа Зүүн гар, Баруун гар хэмээн хоёр хувааж, 6 түмэн болгон хуваажээ. Үүнд: Зүүн гурван түмэнд Ордос, Түмэд, Юншөөбү, Баруун гурван түмэнд Цахар, Урианхай, Халх түмнийг нэгтгэжээ. Батмөнх даян хаан нас эцэслэхийн өмнө отгон хүү Гэрсэнзэд 13 отог бүхий Халх түмнийг захируулжээ. Харин Гэрсэнз жалайр хунтайж 7 хөвгүүндээ 13 отгоо хувааж, Халхын 7 хошууг үүсгэжээ.


Энэ нь 7 хошуу дотроо Баруун, Төв, Зүүн гар болж шашны удирдагчдаас дараах цолуудыг авчээ: 


  • Гэрсэнзийн гутгаар хүү Ноонох үйзэнгийн ач Абтай нь “Очирбат тулгар Түшээт хан”
  • Гэрсэнзийн хоёрдугаар хүү Аминдуралын ач Шолой нь “Махасамади гэгээн Сэцэн хан
  • Гэрсэнзийн ахмад хөвүүн Ашихай дарханы удам Дайхур нь “Эрдэнэбишрэлт Засагт хан”


Ингэж Халхын 3 аймаг бий болжээ.


1691 онд Халхын гурван хан Манжид дагаар орсны дараа 3 аймгийг хэвээр үлдээжээ. Арай хожуу 1725 онд бусад аймгаас зарим хошууг таслан Сайн ноён хан аймгийг байгуулав. Ингээд Халх 4 аймаг гэж алдаршжээ.  


1760-1911 оны хооронд Манж Чин гүрний Ар Монгол нь: Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг болон Ховдын хязгаар, Хөвсгөлийн хязгаар гэсэн засаг захиргааны нэгжид 6 хуваагдаж байв. Мэдээж аймгууд цаашаа маш олон хошууд болон хуваагдана.


1911 онд тусгаар тогтнож Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдсанаар засаг захиргааны хуваарьд бага зэрэг өөрчлөлт оруулав.


1911-1919 оны хооронд: Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Ховдын хязгаар, Хөвсгөлийн хязгаар болон Дөрвөдийн Төгс Хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг гэсэн засаг захиргааны 8 нэгжид хуваагдах болов.


1923 оны 3 сард Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг батласны дараа “4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх” болжээ. 1924 онд Богд хан уулын аймаг (Түшээт хан), Хан Хэнтий уулын аймаг (Цэцэн хан), Хантайшир уулын аймаг (Засагт хан), Цэцэрлэг Мандлын аймаг (Сайн ноён хан) байгуулжээ. Тун удалгүй 1925 онд Дөрвөд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ. Мөн Их шавийн анхдугаар хурлаар Дэлгэр их уулын аймаг шинээр байгуулж 6 аймагтай болжээ. Мөн харьцангуй бие даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошуудыг байгуулжээ. Мөн УБ хотыг засаг захиргааны хувьд цэгцэлжээ.


Шинэ аймгууд үүссэн нь


1931 онд засаг захиргааны томоохон өөрчлөлт хийж, 13 аймаг байгуулсан нь одоогийн аймгууд үүсэх эх суурийг тавьжээ. Анх байгуулагдсан 13 аймаг нь: 1. Архангай, 2.Алтай, 3.Дорнод, 4.Дорноговь, 5.Дөрвөд (1932 онд Увс болгосон), 6.Завхан, 7.Өвөрхангай, 8.Өмнөговь, 9.Тариалан (1932 онд Сэлэнгэ болгосон), 10.Төв, 11.Хөвсгөл, 12.Хэнтий, 13. Ховд аймгууд болно.


Манжийн, Богд хааны үеийн болон МУ-ын аймгуудын өөрчлөлтийг дүйцүүлж харьцуулж үзвэл тун их сонирхолтой:


Нэг. Түшээт хан аймаг нь 1924 онд Богд хан уулын аймаг (20 гаруй хошуутай) болж, улмаар 1931 онд Төв, Тариалан (1932 оноос Сэлэнгэ болсон), Өмнөговь, Дорноговь гэсэн 4 аймаг болон салжээ.


Хоёр. “Сэцэн хан аймаг” 1924 онд “Хан Хэнтий уулын аймаг” (28 хошуутай) болж, улмаар 1931 онд Хэнтий, Дорнод гэсэн 2 аймаг болгон хуваажээ. Хожим 1940 онд Дорнод аймгаас Сүхбаатар аймгийг салгаж байгуулсан.


Гурав. “Сайн ноён хан аймаг” нь 1924 онд “Цэцэрлэг Мандал уулын аймаг” (24 хошуутай) болж улмаар 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгууд болж 4 салжээ.


Дөрөв. “Засагт хан аймаг” нь 1924 онд “Хан тайшир уулын аймаг” (22 хошуутай) болж, улмаар 1931 онд Завхан, Алтай аймаг болгон 2 хуваажээ.


Тав. Манжийн болон Богд хаант улсын ДөрвөдийнТөгс хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймаг, Ховдын хязгаарын хошуудыг нэгтгэж 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулсан ба улмаар 1931 онд Увс, Ховд гэх хоёр аймаг болгон хуваажээ.


Монголын аймгуудын олон буюу 15 нь 1931 онд үүссэн бөгөөд бусад аймгууд 1932, 1940 болон түүнээс хойш үүссэн нь тэнэг хүнд ч тодорхой байна. Өөрөөр хэлбэл одоо 2024 онд олонхи аймаг 93 жилийнхээ ойг тэмдэглэх ёстой. 1931 онд аймгууд байгуулагдмагц сумууд мөн байгуулагдсан бөгөөд Монголд 100 нас хүрсэн сум ганц ч байхгүй.


Хийрхэх өвчнийг дээрээс нэвтрүүлэв


Монголын бүх аймгууд 1-ээр төгссөн жилүүдэд тэгш ойгоо зүв зүгээр тэмдэглэсээр 70 гаруй жил болсон юм. Гэтэл хэрэг бишдэв. 2005 онд Өндөр гэгээн Занабазарын сүүдэр тохиосны 370 жилийн ой болов. 2005.06.24-нд шинэхэн Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр улсын эзэн болсноо харуулах сайхан боломж гараад иржээ. Ингээд Төв халхын “төв” Архангай аймгаас угсаатай хүний хувьд “хоёрдугаар Занабазар” болж сүрийг үзүүлэхээр шийдэв.


“Төв халхынхан” ингэж “урвагч”-ийнхаа ойг тэмдэглээд ирэхээр “эх оронч” ойрдууд яаж зүгээр суухав. Гэтэл гай болж ямар ч ой мой ор тас байдаггүй. Гэтэл 1925 онд байгуулагдсан Чандмань уулын аймаг байгуулагдсаныг Увс аймгийн ой болгон “хувиргах” санал. Уг нь 1931 онд байгуулагдсан Увс аймаг 2005 онд 74 жилийн ойгоо тэмдэглэх ёстой атлаа “нас ахиж” 80 жилийнхээ “түүхэн ой”-гоо тэмдэглэв. Уг нь тухайн үеийн Чандмань уулын аймагт хожмын Увс, Ховд хоёр аймаг багтаж байсан юм. Ингээд Увс аймаг ойтой болж, Ховд аймаг ойгүй үлдэв. 


Энэ тэнэг ажлыг мэдээж хэрэг Баруун монголоос гаралтай “хоёрдугаар Галдан бошигт” Ц.Нямдорж удирдан зохион байгуулав. Чингэхдээ харилцан “тагнуул” явуулж, бай, шагнал, зардал зэргээрээ “хүний дор орохгүй” гэсэн монгол заншлаар уралдан тэмцэлдэв. 


Ийнхүү Монгол Улс 2005 онд “Халх”, “Ойрадын” гэх 2 наадам 2005 онд зэрэгцэн явуулсан юм. Ийнхүү монголчуудыг Наадмаар уралдах, талцуулан хуваах хийрхэх өвчний эхийг Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр тавив. Тухайн үед би мсонголчуудыг эвдрүүлэх аюулыг сануулан “Эвийг эвдэх арга” өгүүлэл (https://gankhuyag.com/2009/01/01/epvwq/) бичсэн боловч Наадам хийхэд саад боллоо гэж загнуулаад өнгөрөв.


Хийрхэл аймгуудад халдварлав  


2023 онд болов. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хийрхэх өвчин асар их халдартай аж. 2013 онд Ховд, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгууд 100 жилээ тэмдэглэнэ гэж хийрхээд санасандаа хүрэв.


Ховд аймаг 1923 онд байгуулагдсан болж таарав. Харин Ховдтой нийлээд Чандмань уулын аймаг гэж нэрлэгдэж байсан Увс аймаг 1925 онд байгуулагдсан гээд 80 жилийн ойгоо 2005 онд аль хэдийн тэмдэглэчихсэн ба эндээс хөөж үзвэл Увс аймаг дараа жил буюу 2025 онд 100 жилээ тэмдэглэх болж таарч байна. Ингээд Ховд аймаг “ах” нь болж Увс аймаг “дүү” нь болов.


Энэ бол түүхээр тоглож, дураараа дургисны уршиг юм. Үүний дээрээс аймгийн төвийн будлиан нэмэгдэв. Чандмань уулын аймгийн төв эхлээд Улаангомд байснаа асар удалгүй Ховд руу шилжсэн. Аль нь Чандмань уулын аймгийн төв бэ ? гэсэн асуултад хийрхэгчдийн хэн нь ч хариулж чадахгүй.


Архангайн хувьд эхлээд Сайн ноён хан аймаг байснаа 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймаг болж, 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгоргэж 4 хуваагдсан. Гэтэл Архангай аймаг ганцаараа 100 жилээ тэмдэглэхээр чинь Цэцэрлэг мандал уулын аймагт багтаж байсан Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймаг гомдох буюу заргалдвал буруутгах үндэслэл байхгүй.   


Завхан аймгийн хувьд “Засагт хан аймаг” байснаа 1925 онд “Хан тайшир уулын аймаг” болж, 1931 онд Завхан, Алтай аймаг болон 2 салжээ. Бурхны авралаар нэгийгээ орхичихсонгүй, хоёулаа тэгш ойгоо 1923 оноор тооцож тэмдэглэв.


Говь-Алтай аймгийн хувьд 1931 онд Алтай аймаг гэж байгуулаад, 1934 онд татан буулгаж, Завхан аймагтай нийлүүлээд арай хожим 1940 онд Говь-Алтай аймаг болж төвхнөжээ. Иймд Говь-Алтай аймгийг 1940 онд үүссэн гэж үзсэн ч болно. Битгий уурлаад боогоод үхчихээрэй дээ….


Төв аймгийн хувьд Түшээт хан аймаг байснаа 1924 онд Богд хан уулын аймаг болж, улмаар 1931 онд Төв, Тариалан (1932 оноос Сэлэнгэ болсон), Өмнөговь, Дорноговь гэсэн 4 аймаг болон салжээ.


Нарийн яривал Төв аймаг УБ-т төвлөж байгаад 1942 онд одооны байршилдаа нүүж очсон. Иймээс Төв аймгийг 1942 онд үүссэн гэвэл онц их буруудахгүй. Дашрамд манай ээж эвлэлийн гишүүн байхдаа Төв аймгийг УБ-аас нүүлгэх ажилд оролцож явсан юм. Намайг аймгаа муулсан гээд Төв аймгаас “хасвал хасна” л биз. Тэгвэл би Налайх руугаа орчихно…


Яг түүхэн баримтаар бол Архангай, Завхан, Говь-Алтай, Төв аймгууд 100 жилээ тэмдэглэх болоогүй. 100 жил тэмдэглэх бол түүхийг гуйвуулсан, дур зоргийн хийрхэл мөн.


Хийрхэл сумдад халдварлав         


Ингэсээр хийрхэх өвчин сумдад халдварлаж 2024 онд 102 сум 100 жилээ тэмдэгдэж хийрхэв. МУ 330 сумтай. Эндээс 100 жилээ тэмдэглэсэн 102 сумыг хасвал 228 сум тэгш ойгүй үлдэж байна.

Хэрэв би эндүүрээгүй бол МУ-ын ихэнхи сумд 1931 онд байгуулагдсан. 1931 оноос өмнө хошуу гэж байсан. Харин хошууд нь цаашаагаа олон сум, арван болж задардаг байв. Яахав түүхэн явцад зарим сумдыг татан буулгах явдал нэлээд элбэг байсан ба үүний дэлгэрэнгүй ярих нь илүүц.


Товчлон дүгнэвэл: Эхлээд 2005 онд Халх, Ойродын Наадам зэрэгцүүлэн хийв, дараа нь 2023 онд 4 аймаг 100 жилээ тэмдэглэж, бусад аймгуудаа дорд үзэв. Одоо 2024 онд 102 сум 100 жилээ тэмдэглэж, 228 сумыг ад үзэв. Төрийн холбооны (федератив) биш, нэгдмэл (унитар) тогтолцоотой Монгол Улсын хувьд аймаг, сумдын ойгоор уралдаж, түүхийг гуйвуулах нь оюун санааны гэмт хэрэг мөн.


Хор уршиг


Одоо намайг загнана. “Юун сүртэй юм, зарим аймгууд 100 жилээ тэмдэглээ л биз. Чамд ямар хамаа байна” гэж хуцалдах нь гарцаагүй.


Харин би: “энэ бол яваандаа үлэмж ноцтой үр дагавартай тэнэг үйлдэл” гэж хариулна. Хор хохирол нь одоо мэдэгдэхгүй ч яваандаа заавал гарна. 100 жилээ тэмдэглэж буй аймгууд 1924 оны оны аймгуудыг баримжаалж байна. 1924 онд засаг захиргааны шинэчлэл огт болоогүй, харин аймгуудын хуучин нэрийг сольж, газар усны нэрээр нэрлэсэн өөрчлөлт хийсэн. 


Хэрэв 1924 оныг баримжаалбал нэрийг нь сольсон Манжийн үеийн аймгуудын ойг тэмдэглэж буй хэрэг болох ба энэ нь үлэмжийн их тэнэглэл юм.  


Нарийн яривал 1923 онд Нутгийн захиргааны дүрмээр аймгуудыг нутаг усны нэрээр нэрлэх шийдвэр гарсан. Харин яг аймаг байгуулах ажлыг 1924-1925 онуудад хийсэн. Эдгээр онуудыг дураараа авснаас болж, нэгэн зэрэг байгуулагдсан Ховд аймаг “ах”, Увс аймаг “дүү” болж будлиан хутгаж байгаа юм.  Харин жинхэнэ засаг захиргааны өөрчлөлтийг 1931 онд хийж өмнө байсан 5 аймгийг анхны 13 аймаг болгож засаг захиргааны шинэчлэл хэрэгжүүлсэн. Иймээс манай бүх аймгууд ойгоо 1931 оноор тооцож тэмдэглэх нь цорын ганц зөв шийдэл мөн. Дураар авирлахдаа хүртэл түүх гуйвуулна. 1928 оны МАХН-ын 7-р их хурлын тогтоолоор шинэ аймгууд байгуулах шийдвэр анх гарсан. 1930 оны 11 дүгээр сард ЗГ-аас хуучин аймаг, хошууны захиргааг устгаж, шинэ 13 аймгийн дарга нарыг томилсон. Харин 1931 онд аймгуудаа жинхэнэ ёсоор байгуулсан. 1928, 1930, 1931 оны алинийг нь ойн эх болгож авах вэ ? Одоо бол дур дураараа авч будлиан хутгаж байна.


Монгол Улс түүхэн өөр өөр цаг үед үүссэн “аймгуудын холбооны улс” биш, харин анхнаасаа төвлөрсөн төр засгаас хэрэгжүүлсэн засаг захиргааны хуваарийн дагуу нэгэн зэрэг байгуулагдсан аймаг, сумдаас бүрдсэн нэгдмэл улс юм.


Бид ой тэмдэглэх асуудлаар будлиан тарьж, бантан хутгаж гүйцжээ. Одоо энэ будлианыг засах ёстой. Тэгш ойгоор уралдах нь төсвийн мөнгө идэх, хандивийн мөнгө идэх, бүтээн байгуулах ажил хийгээгүйгээ цагаатгах, нутгархах өвчнийг гааруулах, мөн эрх мэдэл, баян тарганаа гайхуулах тэнэг өрсөлдөөнөөс өөр зүйл биш бөгөөд зүгээр л оюун санааны хомсдлын хам шинж, хийрхэх өвчний илрэл мөн. Энэхүү адал балмад үйлдлийг манай нэр бүхий зарим түүхчид өөгшүүлэн дэмжиж, худал баримт сэлтээр хангаж байгаа нь оюун санааны жигшүүрт гэмт хэрэг мөн. Зарим аймгууд төвийнхөө нэрийг дураараа өөрчилж байна (жи: Чингис хот), зарим аймгууд манайх хамгийн их баялагтай учраас ихэнхийг бид хүртэнэ гэж зүтгэж байна (жи: Өмнөговь), зарим аймаг ойгоо (5 аймаг) дураараа өөрчилж байна, зарим аймаг, сумд газар нутгаа гадаадынханд шууд зарж байна. Ингэж дураараа дургисаар байгаад тун удахгүй аймгууд МУ-ыг феодалын бутралд оруулж, “аймгуудын холбооны улс” болгож, “тусгаар тогтноно” гэж зүтгэвэл би л лав гайхахгүй. Энэ аюултай тэнэглэлийг яг одоо таслан зогсоох ёстой.  Миний бодлоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг, эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоол гаргаж, нэг мөр 1931 оноор тогтож аймгуудын замбараагүй ойг цэгцлэх ёстой гэж санана. Өөрөөр хэлбэл анхны 13 аймгийн ойг 2031 онд тэмдэглэх ёстой. Гэхдээ “тэгш ойгоор” хийрхэгчид: “Яасан сайн юм ?! 100 жилээ дахиад нэг тэмдэглэдэг хэрэг” гэж зовлон удах нь гарцаагүй. Тэгвэл тэр тэнэгүүдийг номхотгох олон арга бий. Гэхдээ эдгээр аргыг одоо хэлж болохгүй. Ямар ч гэсэн ой тэмдэглэх будлианыг арилгаж, тэгш ойгоор хийрхдэг өвчнийг зогсоох ёстой. Улмаар тэгш ой тэмдэглэх нэрийдлээр үргүй зардал гаргаж, хөрөнгө мөнгө, баян тарганаараа уралддаг феодалын гаж хийрхлийг таслан зогсоох нь зүйд нийцнэ… 


Судлаач Х.Д.Ганхуяг


Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу