sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байна. 


Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төв банкны бодлого, зорилт, валютын нөөц, эдийн засгийн өсөлттэй холбогдох тоон мэдээллийг танилцуулж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байгаа гэдгээ дурдлаа.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстойг тодотголоо. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь  иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна гэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг онцоллоо. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно хэмээв.  


Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд өнгөрсөн 07 дугаар сарын байдлаар инфляц 5.5 хувьтай байгаа аж.


Харин эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9 % байсан бол зудын дараах хаваржилтын хүндрэл хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд 5.6% болж буурчээ. Эдийн засгийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл уул уурхайн бүтээгдэхүүн, түүнийг дагасан тээвэр логистикийн үйл ажиллагаа жигдэрсэн нь зонхилох хувийг эзэлж байгаа ч барилга, худалдаа, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн өсөлт ч нэмэгдсэн гэдгийг хэллээ. Уулзалт яг одоо УИХ-ын гишүүдийн асуултаар үргэлжилж байна.